Чиний сэтгэлээс мандсан нарны гэгээнд би сэрж
Чимээгүйхэн мишээхдээ аз жаргалд тэврүүлдэг
Намуухан урсах голын урсгал мэт
Намбалаг агаад гоёмсог эр хүн чиний нүд
Сувдаа нуусан хясаа шиг далдхан байдлаараа
Сул асгарах сэтгэлийн хүрэх хязгаарын төгсгөл юм
Өөрчлөгдөх хэрэггүй байгаагаар чинь хайрлана
Өөлөх юмгүй энгийн байхдаа чи ихэмсэг
Албаар болзоондоо хоцрон очоод
Алсаас чамайг ширтэх би дуртайсан
Араас чинь гэтэн очоод нүдийг нь даран зүггүйтхэд
Амьдралын минь гэрэл байна гэхэд уярдагсан
Цэцэг атгасан гараар чинь тэврүүлэн зогсход
Цэлмэг тэнгэрт хослон дүүлэх шувууд
Зүрхэн хэлбэр гарган жигүүр дэлгэж
Зүгээ мартан түр саатдагсан
Аз жаргалын шилэн хорго мэт санагдах их хотын гудманд
Арга билгээр сүлэгдсэн мөнхийн хайрыг мэдрүүлж зугаалдаг
Хаяа би тунирхаж тэгээд чамаар аргадуулах дуртай
Хайран цаанаа нуусан хуурамч гомдолд минь тушигдаж
Зам хааж зогсоод л дөлгөөхөн ухаалаг ярихад чинь
Заяаны минь хань гэдэгт л эргэлзээгүй итгэдэг
Бүсгүй заяаг минь эрхлүүлж жаргаах увидас
Бүтэн зууныг эмнэхээр чиний бодолд оршдог
Бүдэгхэн лааны гэрэлд гараа атгуулан суухдаа
Бүтэх нь тодорхой гэрэлт амьдралыг төсөөлдөг
Цаг хугцааг яаруулан ирээдүйг анирдаж
Цамцны чинь захыг янзлан зогсоход
Духыг минь үнэрлэх чиний амьсгалд
Дураар би нисэж чаддаг хүсэлдээ
Сонирхолтой зурагт ном шиг миний сэтгэлийн
Хуудас бүхэнд чиний л зураг байдаг болхоор
Сонгодог энэ орчлонгын гайхамшигт амтыг
Хувааж хоёулаа амтлах болхоор
Уужим цэлгэр талд нүдээ аниад салхи сэржигнэх мэдрэмжийг
Ганцхан чиний тэврэлтээс мэдэрдэг болхоор
Уянгалаг ялдамхан инээд минь
Ганцхан чиний дэргэд л задгайрдаг болхоор
Гараас чинь атгасаар хорвоог элээхийг хүснэм
Гайхамшигтайгаар чамайг хайрлан гээд үнснэм
Бие биенээ ороон ургасан хос улиасыг хайрийн дээдээр шүтнэм
Би чамд хайртай гэж сэтгэлдээ хашгирч шивннэм.
Б.Оршихуй