Их С.Удвал ахайтны тухай сайхан дурсамжийн зах зухаас бүсгүйчүүд, эмэгтэйчүүддээ толилуулая.
***
МЗХ-ны Намын үүрийн хурал болж байв гэнэ. Хурлын тэргүүлэгчдийн ширээнд С.Удвал ахайтан, бас Явуу найрагч, С.Эрдэнэ зохиолч гээд жинхэнэ аваргууд заларчихсан. Тэргүүлэгчдийн ширээний харалдаа хаалга байж. Тэгтэл ид хурлын дундуур үе үе хаалга онголзоод л, Чойномын шовгор толгой цухалзаад байж гэнэ. Учир нь Явуу найрагч Чойномоос 300 төгрөг зээлчихсэн юм байж. Тэгээд Чойном нөгөө хэдийгээ буцааж авахаар ирээд, тэсгэл алдан намын хурлын дундуур хаалганы завсраар Явууг хуруугаараа этэж дуудаад байж дээ. Явуу найрагч ч суудал дээрээ хавчигнаад, их л эвгүй…
Хурал ч их сунжирч, тэгэж тэгэж, Чойном найрагчийн тэсгэл алдраад, гэнэт хаалга нирхийн дэлгэгдээд, гартаа тонгорог гялалзуулсан амьтан хурлын танхим руу шуугиад ороод очжээ. “Алив, муу хөх үдээр, чи тэр мөнгө өгөөтөх” гээд л… Явуу, Эрдэнэ нар дэрхийн босоод тэргүүлэгчдийн ширээ тойроод зугтааж, араас нь Чойном тонгоргоо гялалзуулсаар хөөжээ. Хоёр ч тойроотхож. Танхим ч таг мэлрээд, шоконд орчихсон. Удвал ахайтан юу ч болоогүй юм шиг тайван сууж байснаа, Чойном нөгөө хэдийг гуравдахиа ширээ тойруулах үест босоод, “Алив Чойном хүүхээ, наад тонгоргоо эвхээд надад өгөөд орхи. Явуу чи тэр мөнгийг нь хурлын дараа яаралтай өгөөрэй” гээд гараа сунгажээ. Чойном зогтусаж, нэг том харснаа дуулгавартай нь аргагүй тонгоргоо эвхээд Удвал ахайтны дэлгэсэн алган дээр тавьчихаад, нам нам алхалсаар гараад явчихсан гэдэг. Тэр үе бол /70-аад он/ намын хуралд хутга барь дайран орох нь бүү хэл зөвшөөрөлгүй босч явж болдоггүй хатуу цаг. Тэгээд “За Чойном ч алуулсан даа” гэлцэж байтал С.Удвал ахайтан ямар ч асуудал үүсгээгүй, нам гүм өнгөрөөсөн ажээ. Хэнийг ч тэр өөрийн үг, нөлөөндөө оруулах жинхэнэ удирдагч хүнд л байдаг нэн ховор чадвартай хүн байсан ажгуу…
***
Төрийн шагналт яруу найрагч Ц.Гайтав гуайг ажилдаа аажуухан заларсанд Удвал дарга өрөөндөө дуудуулжээ. Урьдхан нь мань хүн баахан балгаж, ажил хождуулсан байж. Нэлээд түгшээ л дээ. Тэгээд өрөөнд нь ортол ширээн дээрээ юм бичиж суусан дарга үг дүүгүй сандал руу дохичихоод юм аа үргэлжлүүлэн бичиж гэнэ.
Гайтав гуай заасан сандал дээр нь суугаад харвал Удвал ахайтан их дүнсгэрдүү, хөмсөг нь зангидаастай, юм аа бичээд л суугаад байдаг, нэлээд ч уджээ. Энэ хооронд “За би ямар хэрэг хийлээ, яасан бол” гэх мэт элдвийн юм бодогдоод, хар хөлс нь цуваад хэцүү болж байтал “За Гайтав аа. Чи хөдөө томилолтоор явна. Дээшээ гараад санхүүгээс онгоцныхоо тийзийг аваарай. Бэлэн болгочихсон байгаа шүү” гэжээ. Гайтав гуай ч баярлаад духан дээр нь овоорсон арьс тэнийж, бушуухан гарч гэнэ.
Ингэхэд Увдал гуай Гайтав найрагчийн хэд хоног замарсныг нь сайн мэдэж байсан ч тэр талаар юу ч хэлээгүй, харин тийн дуугүй суух тактикаараа мань хүнийг өөрөө өөрийгөө шүүх, бодоход хүргэсэн аж. Удирдагч хүний хүнтэй ажиллах арга тактик гэж энэ дээ.
Ер нь Төв хорооны томчуул монголын зохиолчдыг “Удвалын хэдэн дэггүй баньд нар” гэдэг байж. Зохиолчдоо их ч сайн мэддэг, их ч өмгөөлж, дэмждэг байжээ.
Тэр цагт омголон, шартай, ороо бусгаа олон ааш ариншинтай, уудаг иддэг тэр олон зохиолчид Удвал даргын бараанаар нам болдог байсан нь дарангуйллын айдас гэхээс хүндэтгэл, бишрэлийнх байсан болой.
***
Хэн ч гэнэв нэг зохиолч нэлээд халамцуу яваад Удвал ахайтантай зохиолчдын хорооны шатан дээр таарчээ. Тэгэхэд Удвал гуайн нас нэлээд ахиж, хөл нь муудсан, шатруу муухан бууж явж. Мань зохиолч сандарч, гэсэн ч Удвал гуайн хажуугаар сүнгэнүүлээд гарчихаж төвдсөнгүй, сугадаад, түшээд шатнаас буужээ.
Тэгтэл Удвал гуай “Ингэхэд чи намайг түшээд байна уу, би чамайг түшээд байна уу” гэж асуусан байна.
Их мэдрэмжтэй, ялангуяа хошин шогын тун соргог мэдрэмжтэй хүн байсан гэдэг.
***
Ж.Самбуу гуай нэг удаа Өмнөговь аймаг руу ажлаар явж ирээд эхнэртээ
– Гадаа машинд хоёр амьтан байгаа, нэгийг нь оруулаад ир гэжээ.
Эхнэр нь гараад үзвэл нэг гөлөг, нэг сэгсийсэн их үстэй охин хоёр байж. Мэдээж хэрэг гөлөгийг нь хаанаас оруулахав гээд охиныг авч орсон нь С.Удвал гуай байсан гэдэг. Ийнхүү Ж.Самбуу гуай С.Удвал гуайг өнчин жаахан охин айлд зарагдаж, адсаган дээр унтаж байхад нь авчирч, хотод сургууль номд сургаж хүмүүжүүлсэн, С.Удвал гуай ч Ж.Самбуу гуайн тэр их итгэл найдварыг алдаагүй, төр, нийгмийн, уран зохиолын том зүтгэлтэн болсон билээ.
Хожим нь С.Удвал гуай ч мөн өөрөө олон залуусыг гараас нь хөтөлж гаргаж ирсэн дээ. Нэг жишээ гэхэд Баянхонгор аймагт очжээ. Тэгээд аймгийн даргад “Би явахдаа нэг юм авч явна шүү” л гэж гэнэ. Дарга нар нь “Тэг тэг” л гэж. Нэг их сүртэй юм санасангүй, нэг ааруул энэ тэр л байх гэсэн төсөөлөлтэй. Тэгээд яг явах болсон чинь “Тэр Галсанг би авч явна. Тэмээ хариулах хүн олдоно, сайн шүлэг бичих хүн олдохгүй” гээд тэмээ хариулж явсан Тангадын Галсан гуайг машиндаа суулгаж аваад хот руугаа давхичихжээ. Мөн л Т.Галсан гуай С.Удвал гуайн энэ итгэлийг алдаагүй, Ардын уран зохиолч болсон билээ.
Зохиолч З.Ядмаа, яруу найрагч С. Оюун нарын дурсамжаас…