УДЭТ-ын жүжигчин “жижиг” Д.Ганцэцэгийг хүмүүс “Сарны нулимс”, “Өдөр өдрийн нар”, “Аравт”, “Улаан дөрвөлжин” зэрэг киноны дүрээр нь сайн мэдэх билээ. УДЭТ-ын чадварлаг жүжигчдийн нэг Д.Ганцэцэгтэй сүүлийн үеийн уран бүтээлийн сонин сайхнаас хуваалцлаа.
-УДЭТ-ын уран бүтээлийн сонин сайхан юу байна вэ?
-Юуны түрүүнд уншигчдадаа энэ өдрийн мэнд хүргэе. Манай театрт уран бүтээл ид өрнөж байна. “Камерны жүжгүүд” хэмээх төсөл эхэлж байна. Энэ төслийн хүрээнд долоон найруулагч тус бүр нэг жүжиг найруулна. Эхний гурван найруулагч уран бүтээлдээ орж, жүжигчдээ сонгоод ажиллаж эхэлсэн. Тиймээс уран бүтээлчдийн хувьд уншлага дүрийн бэлтгэл гээд завгүй явна.
-Таны хувьд ямар жүжигт тоглож байна вэ?
-Б.Мөнхдорж найруулагчийн Вампиловын “Хэрийт төгөл” жүжгийн гуталчин охины дүрд сонгогдоод ажиллаж байна.
– Энэ жүжгийн гол санаа нь юу билээ?
-Жүжгийн гол санааг “Хэн ч юу ч гэлээ гэсэн энэ ертөнцөд ийм явдал болдог л юм даа. Цөөхөн, гэхдээ л болдог юм” гэх зохиолчийн жүжгийн эхэнд хэлсэн үг илэрхийлнэ. Амьдралд байгаад байдаг мөртлөө анзаардаггүй гэхээр сонин байгаа биз. Миний дүр бол гэнэн мөрөөдөмтгий, итгэмтгий охины дүр.
– Ямар уран бүтээлчидтэй хамтран тоглож байна вэ?
-Ардын жүжигчин П.Цэрэндагва ах, Гавьяат жүжигчин У.Уранчимэг эгч, Ч.Алтан-Өлзий болон драмын театрын залуу уран бүтээлч болох Алтангэрэл, Б.Чингүүн нартай хамтран ажиллаж байна.
-Драмын театрт орж ирсэн анхны өрөөгөө уран бүтээлчид мартдаггүй. Та анх хэдэн номерын өрөөнд ямар уран бүтээлчтэй ажиллаж байв?
-Манай театрт эмэгтэйчүүдийн гурван өрөө байдаг. Нэг давхарт нэг, хоёр давхарт хоёр өрөө бий. Хамгийн анх театрт орж ирээд 15 номерын өрөөнд хуваарилагдаж байсан. 15 бол дандаа мундагчуудын өрөө. Энэ өрөөнд Ардын жүжигчин, Төрийн соёрхолт Н.Сувд, Ардын жүжигчин С.Сарантуяа, МУГЖ У.Уранчимэг, МУГЖ Ж.Оюундарь гэх мэт хүмүүс суудаг байлаа. Анх ийм мундагчуудын өрөөнд орж суучихаад их айж, балмагддаг байсан. Хүн хүнээсээ айж балмагдана гэж юу байх билээ. Хамгийн гол нь тэдний хийж бүтээсэн уран бүтээл, алдар нэрнээс нь айж бэргэдэг байлаа. Тухайн үед Ж.Оюундарь эгч жирэмсний амралттай байсан учраас түр ширээнд нь сууж байсан юм.
-Одоо байгаа өрөөндөө хэн хэнтэй сууж байна вэ?
-Одоо 22 номерын өрөөнд сууж байгаа. Энэ өрөөнд саяхан орж ирсэн. СТА Б.Болормаа, Ц.Баясгалан эгч, Т.Хулан, Г.Отгонцэцэг нартай хамт суудаг.
-Ахмад жүжигчдээс айж эмээдэг байсан гэлээ. Хэнээс үлгэр дууриал авч байв?
-Ер нь би алдар цолтой ахмад эмэгтэй уран бүтээлчдээ хүндэтгэж явдаг. Тэд нар шигээ уран бүтээлийг чамбай нямбай, ард түмний сэтгэлд хүртэл нь хэрхэн бүтээх арга барилыг нь ажиглаж, суралцаж ирсэн. Магадгүй театрт орж ирээд туршлага, ухаан дутуу ажилласан уран бүтээл бий байх. Гэхдээ алдаанаасаа суралцаж илүү сайн ажиллахыг хичээж яваа. С.Сарантуяа, Н.Сувд зэрэг эмэгтэй уран бүтээлчдээс үлгэр дууриал авч ирсэн.
-Таныг хэн нэгэн хүн Ардын жүжигчин Н.Сувдтай адилхан гэж хэлж байсан уу?
-Одоо л сонсч байна. Гэхдээ сайхан байна. Миний үлгэр дууриал авахыг хүсдэг тийм сайхан эмэгтэйтэй адилхан гэж хэлж байгаад баяртай байна. Жүжигчин Н.Сувдтай адилхан гэж шууд хэлж байсан удаагүй. Манай найз нөхдийн дунд Ганцэцэг хөгширвөл Н.Сувд гуай шиг намбалаг хөгширөх байх гэсэн яриаг бол сонсч байсан.
-Драмын театрт анх орж ирэхэд жүжигчин Д.Ганцэцэгтэй андуурах тохиолдол их байсан байх. Тэр үеийн хөгжилтэй дурсамжаас манай уншигчдад сонирхуулаач?
-Андуурал эндүүрэл их болно. Эхэндээ бид хоёр Ганаа гээд коридороор хэн нэгэн хүн дуудахад дандаа хамт “Айн яасан бэ” гээд орилдог байсан. Тэгээд л “Нэр нэгтийн чих нэг” гээд инээлддэг байсан. Бас дугаар андуурч ярьдаг байсан. Одоо ч гайгүй л дээ.
– “Аравт” киноны дүр олонд их хүрсэн. Энэ киноны дууг таныг дуулсан гэсэн. Хэн танд дуу дуулах санал тавьсан бэ?
-Анх “Аравт” киноны хөгжмийн дундуур уртын дууны хэсэгт байдаг дуулах саналыг манай киноны найруулагч хөгжмийн зохиолчид намайг санал болгосон байсан. Чинбат ах маань үнэхээр гайхамшигтай сайхан хөгжим бичиж өгсөн. Тэгээд хөгжмийн зохиолчид найруулагч “Манай Ганцэцэг дуулаачаар суралцаж байгаа” гэж хэлсэн юм билээ. Тэгээд хөгжмийн зохиолч над руу яриад би очиж дуулж байлаа. Тухайн үед би СУИС-ийг уртын дууч мэргэжлээр төгсч байсан юм.
-Танд “Аравт” кинонд тоглосон шиг дүр хамгийн сайн тохирно гэж хүмүүс яридаг. Харин таны хувьд өөрт тань ямар дүр тохирох бол?
-Магадгүй. Тэгэхдээ зөвхөн ийм дүрд тохирдог гээд дандаа тэрэндээ тоглоод байвал надаас сонин сайхан уран бүтээл гарахгүй. Тиймээс жүжигчин хүн олон төрлийн дүрд тоглож, өөрийгөө сорих хэрэгтэй. Жүжигчин хүнд ямар ч дүр ирсэн гадна төрхөөрөө тохирхоос гадна тухайн дүрийн дотоод ертөнц сэтгэлгээг гаргаж, ойлгож тоглох нь чухал байдаг.
-Уртын дууны мэргэжлийг яагаад сонгов. Жүжигчин хүн найруулагч, продюсероор сурч болох байсан болов уу?
-Би уртын дууг оюутан байхдаа сонирхож, сонгоноор хичээллэж байлаа. Манай багш СТА уртын дууч Б.Батболд Бөхийн өргөөнд Уртын дууны “Өнө” төвд багшилдаг байсан. Монгол хүн юм чинь ганц, хоёр уртын дуу аялдаг байя гээд анх багш дээрээ очиж байлаа. Тэр үед багш минь надад их урам өгсөн “Чи хичээллэх юм бол чамд авьяас байна” гэсэн. Тэгээд би урамшаад нэг битгий хэл нэлээд хэдэн уртын дуу сурсан. Тэр үед жүжигчний ангиа төгсөх гэж байсан учир сонирхол минь түр орхигдсон. “Эхлүүлсэн юм чинь сураад дуусгая” гэж бодоод сүүлд багш дээрээ эргэж ирээд уртын дуучны мэргэжлээр сургуулиа төгссөн.
-Драмын театрын жүжгээс гадна кино, дэлгэцийн бүтээлд оролцох санал ирж байна уу?
-Өнгөрсөн хавар “Х ТҮЦ” продакшнаас “Сэрүүн хасын нууц” жүжигт хамтран ажиллах санал ирж байсан. Тухайн үедээ жүжгийн бэлтгэл сургуулилтын үеэр гадагшаа явж байсан болохоор амжаагүй. Яг одоогоор уригдсан уран бүтээл алга байна.
-Таныг долоон хүүхэдтэй айлын охин гэж дуулсан. Г эр бүлд тань урлагийн хүн байдаг уу?
-Байхгүй. Ах, дүү нараасаа би ганцаараа. Гэхдээ манай бага эмэгтэй дүү урлагийн тал руу сэтгэл нь явчих гээд байгаа харагддаг. Урлагийн мэргэжил бас хэцүү ш дээ. Гэхдээ дүүгийнхээ сонирхож байгаа сэтгэл, урам зоригийг нь мохоочихвол яана гээд янз янзын л зүйл бодох юм. Гэхдээ дүү минь урлагийн хүн болохгүй байх.
-Жүжигчид үр хүүхдээ уран бүтээлч болгохгүй гэдэг. Таны хувьд ирээдүйд хүүхдээ урлагаар явъя гэвэл ямар сонголт хийх вэ?
-Мэдэхгүй юм. Миний бодлоор бурхан хүнд нэг л хувийн авьяас заяасан байдаг гэдэг. Тухайн хүний урлагийн хүн болох уу үгүй гэдэг нь 99 хувийн хөдөлмөрөөс шалтгаалдаг. Хамгийн гол нь хүний хүсэл тэмүүлэл хэр их вэ гэдэг нь л чухал. Ирээдүйд хүүхэд маань урлагаар явбал огт ойшоохгүй байж чадахгүй. Ямар чиглэлээр явахыг хүсч байна хүүхдээ нэг хэсэгтээ дэмжих болно. Хэрвээ ирээдүй байвал урлагаар явуулах болно. Ирээдүй байхгүй бол хэцүү шүү дээ.
-Та яг одоо ямар бүтээлд тоглохыг хүсч байгаа вэ?
-Ямартай ч найруулагчийнхаа санал болгосон дүрийг санасандаа хүртэл сайн гаргахыг хичээж байна. Бараг хоёр жилийн хугацаанд дэлгэцийн бүтээлд тоглосонгүй. Тиймээс одоо дэлгэцийн нэг сайхан уран бүтээлд тоглохыг хүсч байна.
-Уран бүтээлч болсоны хувьд юунд талархаж явдаг вэ?
-Юун түрүүнд багш нартаа их талархаж байна. Миний өдий зэрэгтэй яваа нь багшийн минь л ач гавьяа. Миний багш Ардын жүжигчин Ж.Лхамхүү олон сайхан шавь төрүүлсэн. Одоо ч бас олон шавь бэлдсээр л байна. Энэ дашрамд багшдаа эрүүл энх, урт нас, удаан жаргалыг хүсье.
Ярилцсанд баярлалаа.
Г.НЯМСҮРЭН
Үнэн.мн