Олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбоо (РПА)-ноос зохион байгуулдаг эмэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээн энэ сарын 15-16-нд Японы нийслэл Токиод болно. 14 дэх удаагийн тэмцээнд манай улсаас гадна Япон, АНУ, БНХАУ, Украин, ОХУ, Канад, Унгар гэсэн найман орны бөхчүүд хүч үзэх юм. Бүсгүйчүүд маань 2009 онд БНХАУ-ын Тайюань хотод болсон тэмцээнээс хойш тасралтгүй оролцсон бөгөөд өнгөрсөн жил мөнгөн медаль хүртсэн юм.
Тэгвэл эмэгтэй бөхчүүд маань өнгөрсөн жилийн амжилтаа бататгах, цаашлаад ахиулах том зорилготой даваа гаригт Токиог зорив. Багийн бүрэлдэхүүнд ахлагчаар МЧБХ-ны ерөнхийлөгч Д.Дагвадорж, дасгалжуулагчаар үндэсний шигшээ багийн эмэгтэйчүүдийн ахлах дасгалжуулагч ОУХМ Б.Батбаяр, гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар, шүүгчээр олимпийн зэрэглэлийн шүүгч Б.Төмөрбаатар, олон улсын шүүгч Ц.Сэрээтэр, эмчээр М.Саранцацрал нар явжээ.
Харин тамирчдаар 48 кг-ын жинд ОУХМ Э.Нарангэрэл, 53 кг-д Э.Сумьяа, 55 кг-д С.Бямбацэрэн, 58 кг-д ТМөнхтуяа, 60 кг-д С.Цэрэнчимэд 63 кг-д гавьяат тамирчин О.Насанбурмаа, 69 кг-д ОУХМ Б.Одончимэг, 75 кг-д гавьяат тамирчин О.Бурмаа нар Японы нийслэлд очоод байна.