Хүүхэд бүхний хүсэн хүлээдэг “Гэгээн алсын одод” наадмын бүртгэл эхэлжээ. Энэ жилийн тэмцээний тухай ерөнхий шүүгч Б.Сарантуяатай ярилцлаа.
-Наадмын бүртгэл хэзээнээс эхэлсэн бэ?
-Энэ сарын 6-наас эхэлсэн. Бид бүртгэлээ 20 хүртэл явуулахаар төлөвлөсөн. Хөдөө орон нутгаас хүүхдүүд идэвхитэй бүртгүүлж байгаа.
-Одоогоор хэдэн хүүхэд бүртгүүлсэн байна. Бүртгэлийн тоондоо хязгаар тавьсан уу?
-Одоогоор тоог нь хэлэх боломжгүй байна. Ер нь бол 600 гаруй хүүхэд бүртгүүлдэг юм. Энэ жил ч ялгаагүй байх.
-Энэ жилийн наадмын онцлог юу байх вэ?
-Энэ жил бид өөрсдөө орон нутгаар явж хүүхдүүдээ шалгаруулъя гэсэн бодолтой байлаа. Хөдөөнөөс хүүхдүүд ирэхэд хүндрэлтэй байдаг. Зардал тэмцээний туршид байх айл гээд. Гэвч орон нутгаар шүлхий гарсан учир явах боломжгуй болчихлоо. Мөн бүжгийн шүүгч маань өөрчлөгдсөн.
-Яагаад?
– Сүүлийн хоёр жил С.Сүхбаатар багш маань ажиллалаа. Харин энэ жилээс “Цэргийн дуу бүжгийн чуулга”-ын Б.Баттөр багш ажиллахаар болсон. Аливаа зүйлд ээлж, дараа байдаг шүү дээ.
-Шилдэг оролцогчдыг ямар шагнал хүлээж байгаа вэ?
-Гала тоглолт бол хүүхдүүдэд өөрийгөө нээх хамгийн том боломж. Тэдэнд шагнал ямар ч хамаагүй байдаг. Зөвхөн дуулж, бүжиглэж, үеийнхэнтэйгээ найзууд болох нь чухал. Энэ жил бид жил жилийн шилдэг 15 хуүхдүүдээ дахин өрсөлдүүлж, тэднээс шилдгийн шилдгийг нь шалгаруулаад том хэмжээний тоглолт ирэх есдугээр сард хийхээр төлөвлөж байна.
-Тэмцээндээ оролцохоор бэлдэж буй хүүхдүүдэд багахан зөвлөгөө өгөөч?
-Хамгийн эхэнд өөрийнхөөрөө байгаарай гэж хэлье. Хэн нэгнийг дуурайх гэсний хэрэггүй. “Гэгээн алсын одод” бол хүүхдийн хүсэл
мөрөөдөл, авъяасыг нээдэг ганц наадам. Наадамдаа ач холбогдол өгч, мэргэжлийн багшид заавал хандаарай гэж зөвлөх байна.
Ч.ГАНТУЛГА