Олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбоо (FILA)-ны Дэлхийн цомын тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо. Эрэгтэйчүүдийн 42 дахь удаагийн тэмцээн АНУ-ын Лос-Анжелест болсон бөгөөд ОХУ, Иран, Монгол, АНУ, Япон, Гүрж, Украин, Энэтхэг, Турк, Армен гэсэн 10, эмэгтэйчүүдийн 14 дэх удаагийн тэмцээн Японы нийслэл Токиод болж Япон, Монгол, АНУ, БНХАУ, Украин, ОХУ, Канад, Унгар гэсэн найман орны баг өрсөлдөв. Эмэгтэйчүүдийн тэмцээн Токио хотын “Azusawa Gymnasium” спортын ордонд болж манай бүсгүйчүүд “В” хэсэгт ОХУ, Канад, Украины бөхчүүдтэй хүч үзсэн юм. Өнгөрсөн жил Унгарын Будапештэд болсон ДАШТ-д таван медаль хүртэж, багаараа үзүүрлэсэн Монголын эмэгтэй бөхчүүд эхний барилдаанаа Украинтай хийж, 8:0-ээр илт давуу ялалт байгуулж, гараагаа тун сайхан эхлүүлсэн.
Харин дараа нь “Лондон-2012” олимпийн аварга, залуучуудын дэлхийн гурван удаагийн аварга Наталья Воробьева тэргүүтэй ОХУ-ын багт 2:6-гаар ялагдав. Монголын бөхчүүдээс 55 кг-д “Лондон-2012” олимпийн наадамд эх орноо төлөөлөн оролцсон ОУХМ С.Бямбацэрэн Ирина Ологоноваг 3:0-ээр, 58 кг-д өнгөрсөн жилийн залуучуудын дэлхийн аварга ОУХМ С.Цэрэнчимэд Буриадын Жаргалма Цыреноваг 5:3-гаар ялсан ч бусад нь өрсөлдөгчдөө барсангүй. Харин шийдвэрлэх барилдаанаа Канадын багтай хийв. Хэрэв манай бөхчүүд ялалт байгуулвал хүрэл медалийн төлөө, ялагдвал тавдугаар байрын төлөө барилдах болзолтой байв. Өнгөрсөн жил Улаанбаатарт болсон Дэлхийн цомын тэмцээнд Канадтай нэг хэсэгт таарч, 4:3-аар ялж байсан манай бүсгүйчүүд Токиод тэднийг барсангүй, 3:5-аар ялагдлаа. Уг нь манайхан 3:1-ээр илүүрхэж явсан ч хүнд жингийн дөрвөн бөх маань хангалтгүй барилдаж, дараалан ялагдсанаар “амандаа орсон шар тосыг хэлээрээ түлхэв”.
Тодруулбал, 60 кг-д ОУХМ Т.Мөнхтуяа Мишель Фаззарид 1:4-өөр, 63 кг-д гавьяат тамирчин О.Насанбурмаа Даниель Лаппажед 1:11-ээр, 69 кг-д ОУХМ Б.Одончимэг Доротти Йетсад 5:6-гаар, 75 кг-д гавьяат тамирчин О.Бурмаа Эрика Вейбед4:14-өөр ялагджээ. Хэрэв дээрх дөрвөөс аль нэг нь ялалт байгуулсан бол Монгол Канадын барилдааи 4:4-өөр тэнцэж, чанараар манайхан өнгөрсөн жилийн тэмцээний финалд үлдсэн БНХАУ-ын багтай хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болох байв. Ингээд бүсгүйчүүд маань өчигдөр тавдугаар байрын төлөө “А” хэсгээс гурваар шалгарсан АНУ-ын шигшээ багтай хийж, 4:4-өөр тэнцсэн. Хоорондын барилдааны чанараар тавдугаар байрт оржээ. Харин долдугаар байрт өнгөрсөн жилийн ДАШТ-ийг хүлээж авсан Унгарын баг орсон байна. Хүрэл медалийн төлөөх барилдаанд Дэлхийн цомын зургаан удаагийн аварга Хятадын бөхчүүд Канадыг 7:1-ээр ялжээ. Харин олимпийн гурав, дэлхийн 11 удаагийн аварга Саори Ёшида, олимпийн гурав, дэлхийн найман удаагийн аварга Каори Ичо, олимпийн хошой хүрэл медальт, дэлхийн таван удаагийн аварга Киоки Хамагүчи тэргүүтэй зохион байгуулагч орны бөхчүүд аваргын төлөөх барилдаанд ОХУ-ын бүсгүйчүүдийг 8:0-ээр ялж, Дэлхийн цомын тэмцээн долоо дахиа түрүүлжээ. Сонирхуулахад, Японы бүсгүйчүүд энэхүү ялалтаа алдарт бөх Ёшидагийн аавын дурсгалд зориулжээ.
Тэрээр энэ сарын 11-нд авто машины ослоор нас барсан бөгөөд өнгөрсөн баасан гаригт оршуулгын ёслол ць болсон. Харин аавыгаа алдсан Ёшида маргааш нь Токиогийн Дэлхийн цомд оролцож, тамирчин хүний тэсвэр тэвчээрийг харуулж чадсан юм. ,
АНУ-ын Лос-Анжелес хотод болсон эрэгтэйчүүдийн барилдаан өнөөдөр өндөрлөсөн юм. Тиймээс манай эрэгтэй бөхчүүд хэрхэн барилдсан тухай дэлгэрэнгүй мэдээллийг маргаашийн дугаараас уншаарай.
Б.ЗҮЧИ