Шанелийн ноосон хослол
Хатагтай Коко Шанель 1916 онд ноосоор урласан эмэгтэйчүүдийн хослолыг нийтэд танилцуулсан нь бүсгүйчүүдэд эрх чөлөө олгосон гэж хэлж болно. Учир нь үүнээс өмнөх хэдэн зуун жилийн турш эмэгтэйчүүд хэт бариу корсет өмсөх “ял”-тай байсан нь эрүүл мэндэд нь ноцтой аюул учруулж байв. Энэ үед Шанель дотор нь корсет өмсөх шаардлагагүйн дээр боломжийн үнэтэй хослол урласан нь тэр дороо л эмэгтэйчүүдийг байлдан дагуулжээ.
Холливудаас эхлэлтэй өмдний “аян”
![](http://resource.time.mn/entertainment/photo/2013/5/d053af0f65a3dea6/603508fc97a6bac9big.jpg)
Хүндэт Ив Сан Лорен бүсгүйчүүдэд анх удаа зориулж өмдний цуглуулга танилцуулсан нь 1960 оны үе байв. Гэхдээ үүнээс ч өмнө 1930-аад оны эхэн үед Холливудын од Грета Гарбо, Марлен Дитрих нарын жүжигчин эрчүүдийн шүүгээнээс хувцсыг нь зээлдэх болсон нь тухайн цагт том шуугиан болж байжээ. Эмэгтэй хүн зөвхөн урт даашинз л өмсөх боломжтой байсан үед тэр нь жинхэнэ тэсрэлт байлаа.
Диорын алсын хараа
Кристиан Диор дэлхийн хоёрдугаар дайны дараахан буюу 1947 онд өвдөг давсан хормой, бэлхүүс тодотгосон загвартай даашинзны цуглуулгаа гаргасан нь цаг үеэ мэдэрсэн хэрэг байлаа. Түүний энэхүү цуглуулга бүтэн арван жилийн турш ноёрхож, Америкаар өртөөлөн Европ бүсгүйчүүдийн хувцаслах хэв маягийг тодорхойлохын зэрэгцээ дайны бэрх жилүүдэд хаагдах шахсан даавууны үйлдвэрүүдийг хөл дээрээ босоход ч тусалсан гэдэг.
Таар шуудайг санагдуулсан нь
1950-иад оны үед бэлхүүсэвч ид моодонд орж байв. Нарийхан бэлхүүсний “нэр хүнд” ид өсөж байсан тэр үед Испанийн дизайнер Кристобаль Баленсиага бэлхүүсгүй даашинз урласан нь бүсгүйчүүдийн нүдийг орой дээр нь гаргаж, зарим нь түүнийг солиорч хэмээн хэлсэн нь ойлгомжтой. Авгалдайны өндгийг санагдуулам тэдгээр даашинзыг зарим нь “таар шуудай” хэмээн нэрлэх явдал ч гарлаа. Гэсэн ч Баленсиага зоримог алхам хийсэн нь амжилт олж, ур чадвараа харуулж, нэр хүндээ өсгөсөн юм.
Папын хориглосон усны хувцас
“Women’s Wear Daily” сэтгүүл 1964 оны зургадугаар сарын дугаартаа орой хэсгээрээ ил усны хувцастай моделийн зургийг хэвлэсэн нь шуугианы бай болов. Хөх ил гарсан тэрхүү усны хувцас Пап ламын эгдүүцлийг хамгийн ихээр хүргэж, Италид хориглоход хүрсэн аж.
Японы тэнүүлчин эмэгтэйн загвар мандсан нь
Хар, саарал өнгө давамгайлсан, хайш яйш, орон гэргүй хүмүүсийн дээр дээрээс нь давхарлан өмссөн хувцсыг санагдуулсан загварууд фэйшн библи “Vogue”-ын хуудаснаа 1981 онд заларчээ. Тэр бол Японы залуухан загвар зохион бүтээгч Ёожи Яамамото, Рей Кавакүбо нарын цуглуулга байсан юм. Минимализм буюу аль болох бага зүйлээр ихийг илэрхийлэх гэсэн тэдний санааг хүмүүс “Japanese bag lady style” буюу Японы тэнүүлчин эмэгтэйн загвар хэмээн нэрлэжээ. Гэсэн ч энэхүү аз туршсан, этгээд загвар амжилт олж, дээрх хоёр загвар зохион бүтээгч өдгөө Ази гаралтай хамгийн шилдэг уран бүтээлчдийн тоонд багтаж байна.
Марк Жакобсын ажлаасаа халагдсан шалтгаан
Орчин цагийн хамгийн халуухан бөгөөд чадварлаг загвар зохион бүтээгчдийн нэг Марк Жакобс 1992 онд Перри Эллист ажилладаг байхдаа тухайн үед ид моодонд орж асан гранж рок хөгжмөөс санаа аван шинэ цуглуулга бүтээжээ. Гэсэн ч энэ оролдлого бүтэлгүйтэж, “New York Times” шинэ цуглуулгыг нь “ямар ч эмх цэгцгүй” хэмээн дүгнэсэн бөгөөд Перри Эллисийнхэн ч түүнийг тэр дор нь халсан юм.
“Сахилгагүй”
![](http://resource.time.mn/entertainment/photo/2013/5/7cc823cc4127a273/7232f0ac22433214big.jpg)
Үргэлж этгээд, гаж зүйлийг сэтгэж, түүнийгээ олны таашаалд нийцүүлж чаддаг байсан Александр МакКүин 1993 оны цуглуулгадаа өмдний суудлыг доошлуулсан нь өдгөө бидний өдөр тутмын хувцаслалтад ч нөлөөлсөн.
Орон гэргүйчүүдийн хөглөсөн онгод
Жон Галльяано Диорын загварын ордонд ажиллаж байх үедээ буюу 2000 онд шинэ цуглуулгаа танилцуулсан нь мэргэжилтнүүдээс өндөр үнэлгээ авчээ. Тэр бол Парисын гудамжинд хоног төөрүүлэгч орон гэргүйчүүдийн хувцаслалтаас санаа авсан цуглуулга байсан юм. Түүнчлэн тус загвар бүх цаг үеийн хамгийн үймээнч, уламжлалыг сөрсөн санаанд тооцогддог.