![61647hp2](http://miss.mn/wp-content/uploads/2012/03/61647hp2-300x225.jpg)
БҮТЭН НЭР: Франческо Тотти
ТӨРСӨН ОН/САР/ӨДӨР: 1976.09.27
ТӨРСӨН ГАЗАР: Италийн нийслэл Ром хот
БИЕИЙН ӨНДӨР: 180 см
БАГ: АС Рома
ГЭР БҮЛ: Эхнэр Илари Бласи /1981.04.25-нд төрсөн/
ХУРИМ: 2005.06.19
ХҮҮХДҮҮД: Хүү Кристиан /2005.11.6/, охин Шанель /2007.05.13/
ГООЛЫН БАЯР: Эрхий хуруугаа хөхөх. Тэрбээр хийсэн гоол бүрээ хоёр хүүхдэдээ зориулж байгаа нь тэр.
ХОББИ: Авто спорт. Тэр “Тотти Топ Спорт” гэдэг багтай. Мөн дэлхийн шилдэг рейгби багуудын тоглогчдын майкыг цуглуулах.
АЛБАН БУС АЖИЛ: ЮНИСЕФ-ийн Энх тайвны элч
Хувийн албан ажил: Хувийн хөл бөмбөгийн хүүхдийн сургууль “Топ 10”
“Тоттиг уу? Хүн бүр л түүнийг дурын нэг багт тоглохыг нь харахыг хүсдэг ч, бэлгэ тэмдгүүдийг худалдаж авдаггүй, бас худалддаггүй юм” гэж алдарт “Милан” багийн эзэн Сильвио Берлускони оны өмнөхөн “Газетта делло Спорт” сонинд өгсөн ярилцлагадаа хэлжээ.
Яагаад ноён Берлускони ингэж хэлэх болов? Түүний “АС Милан” баг “Италийн зууны шилдэг клуб”-ээр тодорсон төдийгүй, оны өмнөхөн “Дэлхийн аварга клуб” болсон байхад шүү дээ. Гэтэл өнөөг хүртэл алдарт Тоттиг “өөрийн болгох” гэсэн хүслээ гээгүйтэй холбоотой байж, энэ нь. Тиймээс “худалдаж авдаггүй, бас худалддаггүй” шүү дээ хэмээн оюун ухаандаа тунгааж, “ангасан” сэтгэлээ зогоож байгаа биш гэж үү?
Сильвио Тоттигийн мөрөөдөл болсон цорын ганц хүн биш. “Интер” багийн эзэн Массимо Моратти “Тотти бол онцгой довтлогч. Түүнийг багтаа тоглуулахаар оролдсон ч бүтэлгүйтсэн. Сенси надад “Үгүй” гэсэн хариулт өгсөн” хэмээн “Коррейре делло Спорт” сонинд өгсөн ярилцлагадаа дурджээ.
Үнэхээр ч, Франческо Тотти “АС Рома” багийн сэтгэл, зүрх, амин сүнс нь. Тэр ч байтугай, агуу Итали орны нийслэл Ром хот ч “Тоттигоор амьсгалдаг”. Амьсгалахгүй ч байхын аргагүй.
Анх 1998 онд 20 дугаартай, Швейцарь улсын шигшээ багийн эсрэг тоглолтод оролцож, улсынхаа төлөө хүчин зүтгэж эхэлсэн. Түүнийг арван гурван настай байхад нь “АС Милан” багтаа авах санал тавьсан ч татгалзсан хариу өгчээ. Гэхдээ энэ бол Тоттигийн санаа, бодол байсангүй ээ. “Мөнхийн хот”-д төрж өссөн хүүгээ “мөнхийн хот”-доо “мөнхрүүлэх”-ийг хүссэн эхийн сэтгэл, нөгөөтэйгүүр, домогт Пауло Малдини “Милан”-д ид гялалзаж нэр алдраа дуурсгаж байхад түүний нэр хүндэд Тотти дарагдах хэрэг юусан билээ?
Хүүхэлдэйн киноноос хөлбөмбөгийн тоглолтыг илүүд үзэж, өөрөөсөө том хүүхдүүдтэй шүтээн болсон Жузеппе Жаннинигийн /АС Рома/ дугаартай өмсгөлтэй тоглодог байсан Тотти өсвөрийн “АС Рома” багт элсэн орсон түүхийн эхлэл энэ ээ.
Тотти 1993 оны гурван сарын 28-нд Италийн Сери А-д хөл тавихад хэдхэн хүмүүсийн толгойд л эргэлзэх сэтгэл төрж байсангүй ээ. 16 настай, 20 дугаартай Тоттигийн бөмбөг эзэмшилт, мэдрэмж нэгэн үе амьсгаа дарж, нэгэн үе өөрийн эрхгүй дуу алдуулахаар байсан болохоор тэр.
Энэ үеэс “Рома” багийн дасгалжуулагч Вужадин Босков, удаах Карло Маццоне нар “од нь гийж явсан” Тоттиг олны анхаарлын төвд байлгахаас ямагт татгалзаж байсан нь ирээдүйн одын маань хувь хүн болон төлөвшихэд ихээхэн тустай зүйл болж. Наанадаж л, оддын өвчнөөр өвчлөхгүй, гагцхүү “амин голын хайртай, дуртай” хөл бөмбөгөө л тоглож, түүнээсээ дээд зэргийн таашаал хүртэх.
Тоттигийн “Хөл бөмбөгийн эцэг”-ээ хэмээн хүндэтгэж, биширж явдаг Карло Маццоне “Рома”-г орхисон нь хөл бөмбөгчинийн хувьд багагүй цохилт боллоо. Чехийн Зденек Земан, 4-3-3 байрлалын гол довтлогчоор тоглуулах болсонд нь тэрбээр дурамжхан байсан ч, Тоттиг шилдэг довтлогчдын эзэмших ёстой бүх л ур чадвар, ухаан, мэдрэмжтэй болсон бол Фабио Капеллогийн ачаар сахилга баттай, тактиктай, хатуужилтай тоглох арга ухааныг эзэмшсэн гэж мэргэжилтнүүд хэлдэг.
Ингэж бие, сэтгэл санааны хувьд бүрэн бэлтгэгдсэн Тотти 1999 оноос багийн ахлагчаар тоглох болж, “Рома”-чуудын 18 жилийн турш мөрөөдсөн “Италийн Аварга” цолыг 2001 онд авлаа. “Рома” түүхэндээ гурав дахиа аваргалсан явдал бөгөөд шүтэн бишрэгчид нь Ром хотын Рионе Монти гэдэг газрын нэг байшингийн дотор хананд Тоттигийн баруун гараа дээш өргөн тэнгэр рүү заан талархаж буй зургаар мөнхөлжээ. Үнэхээр ч, Тотти “Рома” багийн хамгийн их гоол оруулсан тоглогч бөгөөд өнгөрөгч нэгдүгээр сарын 26-нд 200 дахь гоолоороо эсрэг багийнхаа хаалгыг “мялаасан”.
Франческог дэлхийн шилдэг довтлогчдын нэг гэдэгтэй хэн ч маргахгүй. Гэвч, мэргэжилтнүүд Тоттиг төвийн хагас хамгаалагчийн байрлалд илүү сайн тоглодог гэж үнэлдэг. “Хэзээ нэгэн цагт “Рома”, Тоттиг зарахаар шийдвэл, тэр хамгийн үнэтэй хөлбөмбөгчдийн нэг болох нь дамжиггүй” гэж бичиж байсан үе саяхан санагдана.
Орчин үеийн хөл бөмбөгийн “амин сүнс” болсон төвийн хагас хамгаалагч буюу тоглолтын найруулагчийн /плеймэйкер/ үүргийг довтлогчтой хослуулан гүйцэтгэдэг Тоттигийн мэдрэмж, ухаан, дамжуулалт багтаа хамгийн хэрэгтэй, хамгийн чухал юм. Тиймээс ч Тоттигүй Италийн шигшээ баг ямархан хүнд байдалд байгаа, түүнийг орлох тоглогч өнөөг хүртэл олдохгүй байгаа нь, Франческогийн ямар их үнэ цэнэтэйг илтгэнэ. Италийн шигшээ багийн үе үеийн дасгалжуулагчид 2006 онд Германд болсон “Хөл Бөмбөгийн Дэлхийн Аваргын” дараа зодог тайлсан түүнийг шүүмжилсээр л. Жиованни Трапаттони, “Тоттигийн тоглолт Италийн шигшээ багийн амжилттай байгаа эсэхийг тодорхойлно” гэж нэгэнтээ хэлж байсан нь батлах мэт. “Евро 2008”-ын шилдэг 16-д багтсан Италийн шигшээ хэвлэл мэдээллээр Тоттиг багтаа эргэж тоглох нь зүйтэй хэмээн бараг л тулган шаардаж байна.
Тэгвэл, “Италийн бэлгэ тэмдэг” маань яагаад шигшээ багтаа тоглохоос зайлхсхийх болов? 2006 оны хоёрдугаар сард Тотти баруун хөлийнхөө шагайд гэмтэл авчээ. Гэмтэл нь бүрэн эдгэсэнгүй. Гэвч “Ромын гладиатор” маань хөлбөмбөгч бүрийн хүсэл мөрөөдөл болсон дэлхийн аваргад оролцохгүй байж чадсангүй. Нөгөөтэйгүүр, багийн тоглогч, дасгуулагч Тоттигүй бол “баларна” гэдгээ сайтар ухаарч байсан юм. Ингээд Тотти ногоон талбайдаа төмрөн хамгаалалттай гарах эрхийг эмчээсээ авч чадсан юм. Төмрийн харгайгаар Тотти шүтэн бишрэгчдийнхээ ямагт хүсэн хүлээж байдаг дуу алдам тоглолтоо үзүүлж чадсангүй. Гэвч байз! Уншигч, хөл бөмбөг сонирхогч та бүхэн Итали, Австрали хоёрын тоглолтыг сана даа. Тоглолтын 90 минут дуусаад нэмэлт гурван минутын төгсгөлд Италийн шигшээ баг торгуулийн цохилт хийх эрх авсан. Хэн цохисон билээ? Мэдээж, бидний өгүүлэлийн эзэн Франческо Тотти. Өөр хэн ч биш, зөвхөн Тотти. Шигшээ наймд үлдэх ийм хариуцлагатай, хожлын гоол Тоттигийн улсынхаа төлөө хийсэн ес дэх гоол байлаа. Ингээд л Италий аваргын алтын медалийг дөрөв дэхээ зүүсэн түүхийн нэг хэсэг Тоттитой л холбогдож байгаа биз.
Тоттигийн хөлбөмбөгчний нэрийн хуудас нь “бөмбөгийн нисэлтийг хоромхон хугацаанд өөрчлөх чадвар” гэж мэргэжилтнүүд шагшин магтдаг. Энэ гайхамшигт цохилтоо ч Тотти 2000 оны Европын Аварга Шалгаруулах тэмцээний хагас шигшээ тоглолтод Голландын эсрэг хийж байв. Тэр үеэс хойш мэргэжилтнүүд “Итали мастер”-ын цохилтын гайхамшиг юу болохыг Эдвин /Вар дэр Сар, хаалгач/-ээс л асуу. Ганцхан тэр л хариулт өгж чадна” гэх болсон.
Ингэж 1990-ээд оны сүүл, 2000 оны эхээр Тотти “Италийн алтан хүү” гэгдэх болж, 1999 онд Италийн шилдэг шинэ хөлбөмбөгчин, Италийн шилдэг хөлбөмбөгчөөр таван удаа /2000,2001, 2003, 2004, 2007 онд/ тодорчээ. Түүнчлэн 26 гоолтойгоор 2006-2007 оны “Сери А”-гийн төдийгүй Европын шилдэг мэргэн бууч болж, “Алтан шаахай”-г үнссэн нэгэн.
Аугаа мастер Франческо Тотти, Бразил, Францын амьд домог болсон Роналдо, Зинедин Зидан нар шиг “Реал Мадрид”, “Манчестер Юнайтед” зэрэг дэлхийн хамгийн баян багуудад тоглож, их хэмжээний цалин хөлс, том шагналыг авахыг ч хүсээгүй.
Гэхдээ Тоттигийн аваагүй ганц шагнал бол “УЕФА-гийн Аваргуудын Лиг”. Багийнхантайгаа энэ шагналыг авахад ярвигтай гэдгээ мэднэ. Бас “Рома” багийн амжилтыг голж болохгүй. Тотти, багийн ахлагч, гишүүдийнхээ урам зориг болдгийн хувьд өнгөрсөн жилийн “Аваргуудын Лиг”-ийн шигшээ наймд үлдсэн. Энэ бол 81 жилийн түүхтэй “Рома” багийн хувьд сүүлийн 23 жилийнх нь оргил болсон. Энэхүү амжилтыг энэ жил бататгаж, аварга болох хэцүүхэн ч, яагаад болохгүй гэж. Болох эсэхийг нь, бүгдээрээ, хоёрдугаар сарын 19-нд Испанийн “Зууны шилдэг баг” Реал Мадридтай хэрхэн тоглохоос харах л үлдлээ.
Ц.Лхагвасүрэн /НЯМ ГАРИГ сэтгүүл/