Хөвсгөл аймгийн Бүрэн сумын гуравдугаар багийн иргэн Ө.Ундармаа өчигдөр сэтгүүлчидтэй уулзлаа. Тэрбээр нийслэлд ирж Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд ихэр гурван охин төрүүлсэн байна. Түүний охид 2.3, 2.6, 2.8 кг жинтэй төржээ. Тэрбээр өмнө нь хүү төрүүлж дараа нь ихэр хүү, охинтой болсон. Ийнхүү Ө.Ундармаа 28 насандаа хоёр хүү дөрвөн охинтой өнөр бүлийн ээж болоод байна.
Түүний том хүү нь дөрвөн настай, удаах ихрүүд нь хоёр настай гэнэ. Хамгийн гол нь Ө.Ундармаа хөгжлийн бэрхшээлтэйн дээр өндөр настай ээжээс нь өөр тусалж дэмжих хүнгүй нэгэн гэнэ. Тэрбээр ээжийнхээ тэтгэвэр, өөрийнхөө халамжийн мөнгөөр найман ам бүлийг тэжээх болж байгааг Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлгийн эх барих, эмэгтэйчүүдийн их эмч, Аймгийн ИТХ-ын гишүүн М.Энхдалай ярьсан юм. Тэрбээр “Ундармаа одоогоор Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд эмчлүүлж байна. Түүнийг кесорова 1 хагалгаа хийж төрүүлсэн учир эх, хүүхдүүдййг” асрах шаардлага байгаа. Улаанбаатарт түүнд туслах садангийн хүн байхгүй юм билээ. Ундармаа сонсгол муу учир харилцахад жаахан бэрхшээл бий.
Одоогоор эх болон хүүхдүүдийн бие сайн байгаа. Бид энэ хүнийг төрөхөөс нь өмнө хяналтад авсан байсан. Хөвсгөл аймагт төрүүлж болох байсан ч биеийн байдлаас нь шалтгаалаад хотод авчирч төрүүллээ. Манай аймагт өнгөрсөн онд 3369 хүүхэд төрсөн. Жилээс жилд эх хүүхдийн эндэгдэл буурч байгаа. Харин Ундармаа аймагтаа тав дахь гурван ихрийг төрүүлсэн эх болж байна. Эдний өрхийн орлого бага, ар гэрийн амьдрал нь хүнд байгаа тул унааны зардлаас эхлээд хүндрэл учирдаг. Тэгэхээр энэ хүний амьдралд тус болохын үүднээс сайн санаат хүмүус бага ч болов тусламж үзүүлээч гэж хөвсгөлчүүд хүсч байгаа юм.
Харин Ундармаа өөрөө тусламж хүсье гэж санал гаргаагүй юм шүү. Манай эмнэлэг дэргэдээ эрсдлийн сантай түүнээсээ хот руу ирэхэд нь 500 мянга, сум нь 300 мянган төгрөг өгсөн. Энэ мөнгө нь дуусч байгаа” гэлээ. Харин “Хүннү эйр” компани тэдний Хөвсгөл нисэх онгоцны тийзийг даахаар болсон байна. Улсаас гурван ихэр төрөхөд гурван сая төгрөг олгодог бөгөөд түүнийг төрснөөс хойш зургаан сарын дараа эсэн мэнд өсч байгаа тохиолдолд өгдөг.
Тиймээс эсэн мэнд амаржсан эх хүүхдүүдийг нутагтаа очоод амьдрахад нь бага ч болов дэм болж чадах тусламж үзүүлэхийг М.Энхдалай эмч уриалсан юм.
Н.ЛХАГВАСҮРЭН /ӨДРИЙН ШУУДАН/