Холливудын жүжигчид шиг үлгэр домог мэт тансаг амьдрал манайд байхгүй хэмээн манай урлагийнхан бага зэрэг гомдоллодог. Үнэндээ ч төрийн соёрхолт Д.Болд л ганцаараа “барууны од”-ынх шиг амьдралаар амьдардаг гэдэг юм билээ.
Тэгвэл Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Г.Отгонцэцэг барууны одод шиг тансаглаад байдаггүй ч цалин болон “халтуур” хийсэн мөнгөөрөө өөрийнхөө хувьд хатан хаан шиг амьдралыг цогцоолж чаддаг гэнэ.
Гэрлэж амжаагүй яваа тэрбээр аав, ээж хоёрынхоо хамт төрж өссөн гэртээ өнөөдрийг хүртэл амьдарч байгаа.
Энэ ч утгаараа түүнийг орой ажлаасаа ирэхэд нь халуун хоол, бүлээн хөнжил нь бэлэн байдаг аж. Түүний ээж охиноороо гэрийн ажил огт хийлгэдэггүй бөгөөд дуртай хоолыг нь өрөөнд нь хүртэл зөөж өгч эрхлүүлдэг байна.
Аав, ээжийнхээ ачаар гэр орны элдэв асуудалд санаа зовдоггүй Отгоо олсон орлогоо зөвхөн өөрийгөө “эрхлүүлэхэд” л зориулдаг бөгөөд амралтын өдрөөрөө ч нүдний шил, цүнх, гоёмсог хувцасны цуглуулгаа үзэж, баясангаа өрөөндөө ганцаараа тухалдаг гэнэ.
Тиймдээ ч тэрбээр “бор гэртээ богд, хар гэртээ хаан” гэгчээр өсч төрсөн гэртээ би яг л хатан хаан шиг амьдардаг. Төрсөн гэртээ, ээж аавынхаа дэргэд л ингэж жаргахгүй юм бол эмэгтэй хүний хувь тавилан хэцүү. Хүний эхнэр, хүүхдийн ээж болоод ингэж эрхлэх цаг олдохгүй шүү дээ” хэмээн ярьдаг гэнэ дээ.
www.mnews.mn