Эрдмийн өргөөнд сурсан хэлний мэдлэгээ ашиглан эмэгтэйчүүдийг харь оронд бэлгийн мөлжлөгт зуучилсан хэрэгт холбогдсон Г.Батдэлгэр гэх оюутан залуугийн хэргийг өчигдөр Сүхбаатар дүүргийн шүүхэд хэлэлцэх тов гарсан юм. Элэг нэгт охид, бүсгүйчүүдээ Макао, Малайз, Хонконг, Сингапурын томоохон саун массажны газарт жуучлан ашиг олсон нь тогтоогдсон боловч, тэрбээр өчигдөр шүүгч нараасаа татгалзах хүсэлт гаргалаа.
Ингэснээр Г.Батдэлгэр нарт холбогдох хэргийн анхан шатны шүүх хурал тав дахь удаагаа хойшилж буй нь энэ. С.Батдэлгэр шүүгчээс татгалзах хүсэлтээ “Өмнө нь надад холбогдох хавтаст хэргийг хянан хэлэлцэж ял оноосон шүүгч нар шүүх хуралдаанд дахин оролцож байгаа нь үнэн зөвийг олж тогтоохгүй намайг яллах сонирхол нь давамгайлж магадгүй тул шүүх бүрэлдэхүүнээс татгалзах хүсэлтийг хүлээн авна уу “ гэсэн байна.
Тиймээс яллагдагчид шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан тохиолдолд Ерөнхий шүүгч шүүх хүсэлтийг хангах боломжтой эсэхийг шийдэх аж. Үүний дараа шүүх хурлын тов гарах юм байна. Гэхдээ эрүүгийн байцаан шийтгэх хуульд шүүгч өмнө нь орж байсан хэрэгтээ дахин орох нь шүүх бүрэлдэхүүнээс татгалзах үндэслэл болохгүй аж. Харин шүүгч хэрэг маргааныг таслан шийдвэрлэхэд дараах үндэслэлээр татгалзах ёстой. Тухайлбал Эрүүгийн байцаан шийтгэх хуульд гэрч, хохирогч, нэхэмжлэгч, хариуцагч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгчийн хувиар хэрэгт оролцох бол шүүгч шүүх хурлаас татгалзана. Түүнчлэн төрөл садан, нэхэмжлэгч, хариуцагчийн төлөөлөгчийн ар гэрийнхэн, эсхүл шүүгдэгчийн буюу тэдний төрөл садан, эсвэл улсын яллагч, өмгөөлөгч, мөрдөн байцаагч, хэрэг бүртгэгчийн төрөл садан бол шүүгч хуралд оролцохоос татгалзах хэрэгтэй болдог.
Тиймээс Г.Батдэлгэрийн шүүхэд гаргасан дээрх хүсэлтийг Ерөнхий шүүгч хангах шийдвэр гаргах боломжгүйг хуулиас харж болно. “Өнөөдөр бороо орно” гэж тэнгэрийн зурхайчид айлдах ч ангасан хотод ганц дусал ч дуслахгүй өдрүүд олон. Үүнтэй адил С.Батдэлгэрийн шүүх хурал таван удаа хойшилж хохирогчдоо чирэгдүүллээ. Нэгэн баримт татахад Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимаас өнгөрсөн онд хийсэн судалгаанд Улсын хэмжээнд нэг өдөрт таван шүүх хурал хойшилдог байна. Хойшилж буй шүүх хурлын таван тохиолдол бүрийн дөрөв нь өмгөөлөгчийн үйл ажиллагаатай холбоотой гэсэн судалгаа гарчээ. Тэгэхээр энэ тоон үзүүлэлтээс харахад жилд дунджаар 800 орчим хэргийн шүүх хурал хойшилдог гэсэн үг.
Шүүх хуралд яллагдагч, яллагдагчийн өмгөөлөгчид ял завших бүхий л боломжийг эрж хайх цаг хугацаа хожих гэсэн оролдлогын нэг нь шүүх хурал хойшлуулах арга болж хувирсан нь С.Батдэлгэрийн шүүхэд гаргасан үндэслэлээс харж болно. Шүүхийн шатанд хэрэг хэдэн сараас хэдэн жилээр сунжрах тохиолдол бүр жишиг болж тогтсон гэж хэлж болно. Түүнчлэн яллагдагч нар хэргийг сунжруулах бас нэгэн шалтгаан нь ялих шалихгүй гомдлууд гаргадаг.
Мөрдөн байцаагч, улсын яллагчаа гүтгэдэг, айлган сүрдүүлдэг арга ч газар авсан нь нууц биш. Тухайлбал нотлох баримт шалгуулсангүй, өмгөөлөгчийн ажиллагааг хязгаарлалаа, санал хүсэлтийг хянаж үзсэнгүй гэх гомдлуудыг байнга гаргадаг байна.
Шүүх хурал хойшлох нь нэг талаас хуулийн заалт нөгөө талаас ял завших сонирхолтой этгээдүүдийн ашиг сонирхол нийлээд тухайн хэргүүд эцэслэн шийдэгдэхгүй сунжрах шалтгаан болж хуулийн салбарт ажиллаж байгаа олон хүний ажлыг хүндрүүлдэг. Өчигдөр гэхэд л анхан шатны шүүхээс хоёр ч удаа ял сонссон Г.Батдэлгэр, Г.Ганзориг, Г.Чинзориг, Н.Сэлэнгэ, Б.Бүрнээбаатар нар Сүхбаатар дүүргийн шүүхийн ерөнхий шүүгч Н.Соёмбо-Эрдэнэ шүүгч М.Алдар, Ч.Хосбаяр, Ш.Төгсгэрэл нараас татгалзах хүсэлт тавьж байх жишээтэй.
БНХАУ-д суралцаж байхдаа арав гаруй эмэгтэйг биеийг үнэлүүлсэн, хүн худалдсан хэргийг үйлдсэн С.Батдэлгэр нар нь ялаас мултрахын тулд шүүх хурлыг удаа дараа ялих шалихгүй зүйлээр шалтаг хайн хойшлуулсаар л. Өмнө нь уг хэрэгт улсын яллагчаар нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Насанбат, шүүх бүрэлдэхүүнд М.Алдар, Ч.Хосбаяр нар оролцон Г.Бат дэлгэрт 11, Г.Ганзориг, Г.Чинзориг нарт 10 жил зургаан сар хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэж байв. Гэвч Давж заалдах шатны шүүхээс тэдэнд оноосон ял нь хөнгөдсөн гэж үзэн анхан шатны шүүх рүү буцаасан нь энэ юм.
Ингэж шүүх хурал сунжрах нь нэг талаасаа иргэд, хохирогчдод чирэгдэл учруулах, залхах байдал үүсгэхээс гадна хэргийг шүүн таслах хүртэл зардал асар их гарч байгаа нь олон баримтаас харагддаг. Хуулзүйн үндэсний хүрээлэнгээс гаргасан судалгаанд дурдсанаар 200 мянган төгрөгийн хохиролтой хэргийг шүүн таслах хүртэл зарим тохиолдолд хоёр сая хүртэл төгрөгийн зардал гардаг байна.
Тэгэхээр гэмт хэрэгтнүүд ял завших боломж хайж шүүх хурлыг хойшлуулж байгаа нь мөрдөн байцаагч , прокурор, шүүгчийн ажлыг хүндрүүлээд зогсохгүй төрөөс асар их хэмжээний зардал гаргахад нөлөөлж байна. Тиймээс шүүх хурлыг товлосон цагт нь болгохгүй элдвээр аягалдаг эдгээр этгээдүүдэд зохих хариуцлага хүлээлгэдэг, хууль эрх зүйн орчныг боловсронгүй болгох шаардлага гарч байгааг дээрх баримт өгүүлж байна.
Н.Түвшин shuud