Өдөртөө бараг -27 хэм хүртэл хүйтэрч байгаа өвлийн энэ өдрүүдэд бидэнд тулгардаг нэг асуудал бол хуурай арьс. Арьс хуурайших нь танд таагүй мэдрэмжийг төрүүлж, загатнаж, хуурч унах гээд л ажил хийх хамаг урам зоригыг тань бууруулдаг. Харин энэ үед таны мэдэх хэрэгтэй зүйл бол доорх хуурай арьсны эсрэг арга хэмжээ юм.
1. Усанд бага ор
Та бүхний зарим нь үүнийг сонсоод галзуурах гэж байгаа байх. Гэхдээ надад итгээрэй. Та усанд ойр ойрхон орсноор арьсныхаа байгалийн тосыг урсган хаяж байдаг. Иймд та өвлийн улиралд усанд ганц хоёр хоног өнжөөд орвол дээр байх.
2. Шүршүүрт хурдан ор
Хэрвээ та усанд тэр болгон ордоггүй, харин шүршүүрт ордог бол 5 минутаас хэтрүүлээд хэрэггүй. Учир нь халуун температур болон даралттай ус нь хуурай арьсны гол шалтгаан юм.
3. Саван бага хэрэглэ
Саван мөн адил арьсыг хуурайшуулдаг. Та мэдээж шаардлагатай гэж үзэж байгаа хэсгүүдээ ( нүүр, суга, бэлэг эрхтэн болон хөл гэх мэт ) зөвхөн савангаар угааж болох юм. Эсвэл зөөлөн чийгшүүлэгчтэй усан саван ( нүүр цэвэрлэгчээр нүүрээ цэвэрлэх) хэрэглэж болно.
4. Биеэ үрэлгүйгээр хатаа
Бидний харж байгаагаар хуурай арьснаас сэргийлэх гол гол зөвөлгөөнүүд бүгд усанд орохтой ямар нэгэн байдлаар холбоотой байна. Харин та усанд орсныхоо дараа биеэ хаттал үрэхийн оронд алчуураараа зөөлөн дарж усыг нь авах байдлаар хатаах нь маш чухал. Хэрвээ танай гэр тогтмол дулаан температуртай тохиолдолд зүгээр арчилгүй хатаасан ч болно. Учир нь та үрснээр арьсан дээр тогтсон бүх шингэнийг аваад зогсохгүй арьсыг гэмтээж улам хуурайшуулах үндэсийг тавьдаг.
5. Лосион юмуу биеийн тос түрхэх
Усанд орсны дараа лосион юмуу биеийн тос түрхэх нь таны арьсыг чийгшүүлнэ. Таны арьс хуурайшилттай байгаа бол аль болох зузаан түрхээд арьсандаа шингээх хэрэгтэй. Харин хэт олон түрхэхгүй байхыг сануулж байна. Энэ нь таны арьсны өөрийнх нь чийг ялгаруулах чадварыг алдагдуулдаг.
6. Агаар чийгшүүлэгч хэрэглэ
Гэрийн хуурай агаар арьсыг хуурайшуулах бас нэгэн шалтгаан болдог. Ялангуяа өвлийн улиралд паар, халаагуурууд ажиллаж агаарыг их хэмжээгээр хуурайшуулдаг. Иймээс агаар чийгшүүлэгчийг хэрэглэснээр гэрийн агаар чийгшиж, таны арьсанд ч тааламжтай мэдрэмжийг төрүүлэх болно.
7. Ус хангалттай уу
Хуурай арьсыг чийгшүүлэх хамгийн гол арга бол хангалттай ус уух юм. Таны бие усгүйгээр таны арьсыг чийгшүүлж чадахгүй нь ойлгомжтой. Насанд хүрсэн хүний бие арьсанд хангалттай чийгшэл өгөхийн тулд өдөрт дунджаар 8 аяга ус уух шаардлагатай.
8. Зөв хувцасла
Хүйтэн улиралын хатуу ширүүн цаг агаар арьсыг хуурайшуулах шалтгаан болдог. Иймд та дулаан, өөрийн арьсанд тохиромжтой зөөлөн материалтай хувцас сонгож өмсөөрэй. Хамгийн гол нь ороолт, малгай, бээлийгээ битгий мартаарай.
Энэ бүгдийг чандлан биелүүлсэн тохиолдолд арьс хуурайшилтыг мартах болно. Хэрвээ та арьс хуурайшилтын эсрэг өөр үр дүнтэй аргуудыг мэдэх бол үргэлжлүүлэн нэмээрэй.