(Үг хэллэгийн үүсэл гарвал, амь амьдрал)
Хэл шинжлэлийн профессор Б.ПҮРЭВ-ОЧИР (МУБИС)
…Ус авч явахад орой дээр саран мэлмэрнэ. Толион дотор нь ус авч яваа над шиг хүүхдийн хөрөг харагдана. Өвөөгийн ярьсан домог сэтгэлд сэрхийнэ…
(Дан.Нямаа: “Нарны алга” номын
“Сарны толбо” дуулиас, 2010)
Өнгөрсөн жилийн алтан намраар Японы Осака хотод нэг сар байх сайхан “завшаан” тохиож билээ. Бага хугацаанд ч гэсэн, Их Наран улсад байхдаа янз бүрийн юм ажиглаж сонирхож явлаа. Нэг сонин зүйл бол хөгшин хөвөө, ахимаг, идэр, залуу янз бүр насны япон хүмүүс гудамж, талбайд ямар нэг юмыг “саравчлан” зогсох нь тун олон юм. Хачин юм, яг монгол хүн шиг. Юу руу саравчлаад байгаа нь харин сайн ойлгогдохгүй байлаа. Өндөр өндөр, тэнгэр баганадсан байшингийн хаяг адресийг ч юм уу, завсар зайгүй нисэж, бууж буй олон онгоцуудыг ч юм уу, аль эсвэл од эрхэс, нар, сарыг ч юм уу? нэг л юмыг саравчлаад байх шиг….
Уранаагаасаа асуулаа:
-Энэ япон хүмүүс юу олж харах гэж саравчлаад байгаа юм бол, их л удаан саравчлах юм?! гэвэл:
-“Өдрийн од” л олж харах гээд шимтээд байх шиг, эсвэл нүднийхээ харааг сайжруулах дасгал хийж байх шиг, аль эсвэл үрчлээнээс хамгаалж нүд нүүрэндээ сүүдрэвч хийж байх шиг… гэж хошигнож байна, Уранчимэг багш.
Тэг тэгсээр “саравчлах”-ын утга учир, монгол ухааны саравчлах сүүдэрлэх арга, ёс заншлын талаар нэг юм бичих санаа төрөгдөж байна аа. Нүүдлийн соёл иргэншилт монголчуудынхаа “юу руу саравчилдаг”, “яах гэж саравчилдаг”, “сар+вч” хийгээд “саравчлах”-ын талаар утга соёлын холбогдолтой гагц хоёр баримт бодлоо… Гэтэл давын өмнө, ардын уранзохиолч, тал нутгийн хээ шаагүй монгол эр-Сормууниршийн Дашдооровын:
“Дэлгэр Хангай уулан дээрээ гараад саравчлан харахад
Дэлхийн юм бүгд үзэгддэг…” гэсэн холч санаа бүхий нэгэн шүлгийн мөр орж ирж байна. Энэ мэтээр Ардын уранзохиолч, акад. Цэндийн Дамдинсүрэнгийн “Японд бичсэн тэмдэглэл” (1958), ардын уранзохиолч, доктор Лодонгийн Түдэвийн “Ц.Дамдинсүрэнгийн Япон руу нээсэн цонх” (2008) нийтлэлээс өгсүүлээд, амьд баримт, санаа олсоор, цуглуулсаар яг л аргалчин хүн шиг нөгөө “Бодлын бор шээзгий” рүүгээ чулуудаад байлаа даа. Тэгээд л яв явсаар нэгэн сонин судалбар-өгүүллийн санаа аяндаа цэгцэрч эхлэв…
Санан санан суухад
Саравчлан саравчлан хармаар аа
Нүдний үзүүрт зэргэлээтсэн
Миний нутаг уудам даа… (Ж.Дансранжав) гэж “Тал нутаг” гэдэг дууны шүлэгт өгүүлж байхад, авьяас билэгт эрдэмтэн-зохиолч Сэндэнжавын Дуламын “Цэнхэр тэрлэгт” богино өгүүллэгийн хоёр эмэгтэйн ярианд:
Үе тэнгийн хоёр эхнэр, үдмэлийг үүрч, матмалыг барьж ухаа толгодыг нэгжин явна:
-Тал маань тарж арилна гэж байдаггүйгээс хойш тэгж л таарлаа. Ийн хоорондоо гангар гунгар ярилцаж, хөх ногооны униар хөшиглөн суунаглах тэртээ уудмыг саравчлан зогсохдоо, нэг нь:
-Урд сумынхан зусландаа бууж байна уу даа? гэж аяархан хэлээд, сүүрс алдав.
-Өчигдөр өглөөнөөс доод хөндийгөөр нүүдэл цуваад л байна.
Алсын бараа нэг үе тэнгэр тулам өндөрсөж, нэгэн үе газраар мөлхөн үргэлжлэх униар зэргэлээн дунд хоёр цагаан юм бөртөлзөн хөвж байхыг ажиглан харснаа,
-Нөгөө муу хэнийх нүүгээд иржээ дээ гэж дуулдахтай, үгүйтэй хэлэв.
-Хэнийх гэнэ ээ?
-Чамаасаа нуугаад ч яадаг юм билээ. Тээр доод хөндийд байгаа хоёр гэрийн баруухантай, нэг хүн наашаа хараад, саравчилж байгаа даа.
-Юу гэнэ ээ, аа нээрээ тийм ч юм шиг. Миний энэ муу хоёр онин юм үзэхдээ муу.
-Баруун талын гэрээс гарч ирэх тоолондоо наашаа хараад саравчилж баахан зогсдог цэнхэр тэрлэгтэй хүүхэн байдаг юм даа […] гэсэн хэсэгт “саравчлах” гэдэг үйл үгийг сайхан зөв оноож, хэрэгтэй байранд нь гурван ч удаа өнгө аясыг нь тохируулж давтан хэрэглэжээ.
Бас миний номын эрхэм садан, авьяаслаг зохиолч, сэтгүүлч Цогтын Сайннямбуу 2011 оны нэгэн шинэ шүлэгтээ:
“Алтан шаргал нарыг
Аргамжин аргамжин чамайгаа хүлээлээ.
Хорьдын цагаан сарны доор
Хонгорхон туулай-чамайгаа
Хонон өнжин хүлээлээ.
………………………………………………………
Сундалдан сундалдан хөврөх харгуйг ширтэн,
Саравчлан саравчилсаар чамайгаа угтлаа…”
гэж нар, сар хоёрыг арга, билгээр хослууланхан, сарны туулай, сайхан бүсгүй хоёрыг домгоор холбонхон дүрслэхдээ монгол хэлний “саравчлах” гэдэг үйл үгийг сайхан оноож хэрэглэсэн нь олзуурхмаар нэг сайн баримт байна.
Дууны шүлгүүд хийгээд 1990 оны “Шувуун саарал”-Утгын чимэг-богино өгүүллэгийн уралдаанд гуравласан “Цэнхэр тэрлэгт”-ийн хоёр эхнэрийн ярианы үг ба утгаас үүтгэн бодвоос, монгол хэлний “саравчлах” хэмээх үйл үгийг нүүдэлчин удамт монгол хүмүүн, нүдний үзүүрт торохтой үгүйтэй хол зайд буюу хараачлаад баймаар уудамд буй юмыг олж харах үйлдэлтэй холбон хэрэглэсээр иржээ. “Юу руу саравчилдаг” “Яах гэж саравчилдаг” нь утга соёлын талаас сонирхоод үзмээр зүйл гэдгийг анзаарч болохоор байгаа юм.
Монгол хэлний “сар+вч” хийгээд “саравчлах”-ын үүсэл гарвал, ул мөр, хэрэглээний өнгө аяс, үнэлэмжийг саравчтай малгайн “саравч”, хашаа хорооны “саравч буюу хорго”, нар, салхины шилний “саравч”, нөмөр халхавчны “саравч”-тай холбон нэг бодож болох. Гэвч энэ нь жижиг тугалын бэлчрээс төдий хол явахгүй тайлбар байж болох бөгөөд хөмсгөн доорхыг харах төдий шиг болой.
Харин “сар”, “сар+вч”, “саравчлах”-ын үүтгэл, учир холбогдол, утга үүрэг, соёл хэрэглээний асуудлыг Бөртэтэй цагаан сарны дорх хүмүүний амьдрал явдал, танин мэдэхүйн философи, таньснаа мэдэж хэрэглэхийн туршлага, түүний ул мөртэй холбон, “сар”-луу зүглүүлэн, “саравчлан харж” нэг үзвэл арай холоос санаа тайлбар гаргаж болох мэт санагдав.
Монгол хэлэнд “сар”, “нар” гэдэг хоёр нэр үг байдаг. Энэ хоёр үг арга, билгийг илэрхийлж явдаг. Энэ хоёр нь гэрэл гэгээний утгыг хоёул илэрхийлдэг мөртлөө, нэг нь халуун, нөгөө нь хүйтэн гэрэл гэгээний утгыг илтгэх ба авианы бүрхүүлдээ нэг л гийгүүлэгчийн ялгаатай болсон нь сонихон. “Сар” гэдэг үг эхлээд бас “халуун”-ыг заадаг байсан, сарыг харваж халхлаад, хүйтэн гэрэлтэй болгосон гэж “Ялла,Ни Э хоёр”-ын домог үлгэрт өгүүлдэг аж. (Ц.Дамдинсүрэн, “Туулийн тухай цадиг”). Бас манай монгол хэлэнд “саравч” гэдэг үүсмэл нэр үг үүсээд, бүр улмаар “саравчлах” гэдэг үйл үг бүтжээ. Гэтэл харин “наравчлах” гэдэг үйл үг одоогоор байхгүй бөгөөд дохионы бичиг, толь бичигт ийм үйл үг орж тэмдэглэгдсэнгүй. Гэвч “нар”, “нар+вч”, “наравчлах” гэсэн холбооноос “нарны шил”-ийг “наравч” гэж “нар руу харах”-ыг “наравчлах” гэж шинэ үг бүтээж хэрэглээд, хэвшүүлж болох л талтай юм.
Ер, тэгээд бодвоос, сартай, нартай ертөнцөд байгалийн хуулинд захирагдаж, зохицон амьдарч ирсэн хүмүүс чухам хэдүй үеэс л “Ямар нэгэн юмыг саравчлан хардаг”, “Ямар аргаар сүүдрэвчлэн саравчлан хардаг” болсныг тааж хэлэхэд тун түвэгтэй. Бүр 40 сая жилийн тэртээд амьдарч асан үст хар буюу кара моньон хүний үеэс ч “саравчилдаг” байсан юм билүү, бүү мэд! Ямар боловч “саравчлах” эрхтэн-хэрэглүүр, сүүдрэвч нь хүнд өөрт нь заяасан байж. Энэ бол гар хуруу болой.
“Гар хуруун саравч” буюу “саравчлах арга”, сүүдэрлэх төсөөлөл нь хүмүүн төрөлхтөний аж төрөх ёс, танин мэдэхийн ухаанд бүр нөгөө “хашаа хорооны саравч”, “малгай толгойн саравч”, “түлээ нүүрсний саравч”, “өвс тэжээлийн саравч”, “нүд нүүрний саравч буюу шилэн саравч”-нуудаас бүр эрт үүссэн байх үндэслэлтэй бөгөөд “Туулайт сар” руу “саравчлан харах” зан үйлийг үлгэр домогт тусгаж иржээ.
Ажиглаад байхлаар, гагц нүүдлийн соёл иргэншилт монгол хүн ч биш юм аа, дэлхийн аль ч бөөрөн дээр амьдран байдаг, суурин ба хагас нүүдэлчин улс үндэстэн бүр л ямарваа нэгэн юмыг таних тодруулах гэж “нүдний үзүүр”-ээс хол тийм орон зай руу “саравчлан хардаг” нэгэн арга, туршлага, зөн совинтой болжээ.
Нүүдлийн соёл иргэншилт монголчуудын монгол шинжээ сонжоонд “амны үзүүр”, “үүлний үзүүр”, “үгийн үзүүр”, “санааны үзүүр”, “салхины үзүүр”, “ухааны үзүүр”, “хэрэг явдлын үзүүр”, “гар хөлийн үзүүр”, “нүдний үзүүр” г.з. ойлголт, төсөөлөл, үг хэллэг байдаг нь их л учиртай юм.
Монгол хүн, “нүдний үзүүр”-т торгоон харж, таньж чадамгүй тийм орон зай дахь зүйлийг “холын юм” гэнэ. Тэр “холын юм” гэдэгт нар, сар, од эрхэсээс өгсүүлээд л, саахалтын газрын, өдөрчийн газрын, хоногийн газрын, барааны газрын, гурван нүүдлийн газрын, мянганы тэртээгийн, бүр хэдэн бээрийн газрын сүүмэн сүүмэн харагдах өдий төдий юм орно. Орчилт ертөнцийн хүмүүст, тэр дундаас хүүхдүүдэд тэр “холын юм”-ыг танин мэдэх, харах санаа зорилго яс маханд нь шингэж, сонирхсоор ирж. Одоо ч адилхан.
Бага байхад, 20-дын цагаан “сар”-ыг сайхан тэргэл болоод ирэхийн үед түүн рүү “саравчлан хардаг” сан.
-Саран дээр нэг бөртийсөн юм байна, ямар нэг юмны зураг- дүрс байна, юу вэ? гэхлээр, ээж, аав загнаж, хөөрхөн хорио цээрийн үгээр сатааруулангаа:
-Хош! Сар руу хардаггүй юм. Орондоо шээнэ, өмдөндөө шээнэ, сар луу битгий саравчилж бай! энэ тэр гэнэ.
Тийм нэгэн сониуч шохоорхол монгол хүн бүрт, хүүхэд болгонд байдгийг, тэр нь бүр цаашлаад, үлгэр домгийн улбаатай болсныг өдгөө цагт наад захын амьд яриа, шүлэг зохиолоос, бүр цаад захын судалгаа шинжилгээний ажлаас танин мэдэж болно.
Тийм мэдээллийг зөөж тээж буй нэгэн сайхан шүлэг бол ардын уранзохиолч Пунцагийн Бадарч, “Бөртэтэй цагаан сарны дор” (1998) гэдэг шүлэг бөгөөд энэ шүлэгт:
…Бөртэтэй цагаан сарны дор
Бөмбөл цагаахан, саахны хургаа зөрүүлж,
Би ижийтэйгээ хоёул явна аа.
-Бөөрөнхий цагаан саран дээр
Юу байгаа юм, ээж ээ?
-Бүтээхүйн рашаан бумбалж тэвэрсэн
Бүжинхэн туулай байгаа юм аа, хүү минь…
гэж дорнын тэнгэрт аялж хонодог, долоон бурхантай амраглаж тохиодог, домгийн сайхан бүсгүй-бөртэтэй цагаан сарны тухай амьдрал, домог хоёрыг авцалдуулан байж шүлэглэжээ.
“Домог”-ийн улбаагаар ороод ирэхлээр “сар”, “сарны туулай”, “саравчлах ~ сүүдрэвчлэх” гурав холболдоод ирж байна даа. “Туулайт саран”, “Сарны туулай”, “Туулайн тухай цадиг” гэдэг домгоос улбаатай мэдээ мэдээллийг анхааран судлах хэрэгтэй болдог. Үүнд холбогдох үлгэр домгоос улбаатай судалгаа ба мэдээллийг эрдэмтэн-зохиолч, академич Цэндийн Дамдинсүрэн “Туулайн тухай цадиг” судалгааны өгүүлэлдээ өгүүлсэн байдаг. Ц.Дамдинсүрэн, “сар”-ыг “туулайт” гэж нэрлэдгийг эртний Энэтхэгийн үлгэр домгоос эш үндэстэйгээр тайлбарлажээ. Сарны 52 ёгт нэрийн тайлбар хийгээд домогт өгүүлснээр:
“Бодисадва туулай биеэрээ өглөг өгсөн учир Хурмаст тэнгэр гайхан биширч, тэр туулайг тэнгэрийн оронд аваачаад, тэнгэр нарт үзүүлэн, бас хүмүүст харуулахын тулд сарны мандал дээр туулайн дүрсийг байгуулсан…” гэдэг гол санааг онцолсон байдаг. Академич Ц.Дамдинсүрэнгийн “Туулайн тухай цадиг” (Хэл зохиол цуврал, 1972, ҮII боть)-ийг анхааралтай үзэхүл, “саранд дурласан туулай буюу газар дээрх сайн сэтгэлт туулай” ба “саран дээрх бодисадва туулай” хоёрын тухай домог нь эртний Энэтхэг, Хятад, Япон, Солонгос, Монгол, тэр ч бүү хэл хойд Америкийн ацтекуудын дунд зохиогдож дэлгэрсэн тухай, бас тэрчлэн Энэтхэгээс улбаатай олон хувилбар байдаг гэдгийг дурджээ.
Домогт буй нэгэн сонин зүйл нь “…Хүмүүст харуулах гэж сарны мандал дээр туулайн дүрсийг байгуулсан…” гэдэг тайлбар юм. Тэгээд л энэ тайлбар нь хүмүүс “сарны туулай”-г сонирхон “сар луу хардаг”, “саравчилдаг” болсон гэдэгтэй холбогдох учиртай гэж бид үзэж байна. Энэ бол танихуйн хэлшинжлэл, соёл судлалд холбогдох асуудал бөгөөд “саравчлах”, “сүүдрэвчлэх” гэдэг нэг л үгийн хойноос “саравчлан саравчлан” хөөцөлдөж, мөшгөсөн тайлбар төдий зүйл ч гэж хэлж болно. Гэхдээ энэ нь уншигч авгай Та бидний хэл, соёлын боловсролд бага боловч тустай байж болох билээ. Хамаг гол нь Дээд тэнгэрээс заяат төрсөн монгол туургатан бид гагц “сарны туулай”-г бус байгаль, нийгмийн юм үзэгдлийн учир начрыг танин мэдсэний хэр хэмжээгээр ерөөсөө л “Холын юм”-ыг саравчилдаг болсон нь танихуйн соёлын ололт, онцлог юм. “Хол руу саравчилдаг”-ын ойрын нэгэн сайхан амьд баримт жишээг дурдаж, өчүүхэн судалбараа баяжуулан баталж бас болох юм.
Тэр нэгэн жил, манай Монгол улсын Ерөнхийлөгч Намбарын Энхбаяр гуай Халимагт зочлоод, нэгэн уулзалт дээр Халимагийн Төрийн тэргүүн Кирсан Илюмжинов гуайтай ярилцаж байгаад:
-Та бид бол адилхан улс! гэж хэлтэл Илюмжинов яриан дундуур нь орж,
-Үгүй тийм биш!, Бид өөр! гэж гэнэ. Энхбаяр ерөнхийлөгч ихэд гайхаж, өөрийгөө хянаж суутал, Илюмжинов гуай:
-Та бидний нүд адилхан онигор биш. Бид Та нарын зүг 400 жилийн турш саравчлан харсаар байгаад бүр онигор болсон! Бид төрөлх нутаг руугаа харж, 400 жил санаа алдсан. Бид илүү онигор! Адилгүй! гэжээ. Үүнийг би энд тэнд явахдаа “Холын ах дүү” нарынхаа дунд хөөр болгон ярьдаг гэж миний номын садан, эрдэмтэн Лувсандашийн Дашням маань “Саарал дэвтэр” (2011)-тээ бичсэн бий. Энэ мэт зүйл бол “сар”, “сар+вч”, “саравчлах”-ын утгын холбоог тайлж, үгийн гарлыг мөшгөхөд амьд жишээ баримт болох бөгөөд монгол хэлний “саравчлах” гэдэг үгийн утга өргөсөж, “холд хараачлах” утгыг тээх болсон гэсэн дүгнэлтэд хүргэж байгаа билээ.
Эцэст тэмдэглэхэд, манай монгол хэлний “Үгийн гарлын толь бичиг” хараахан хийгдээгүй байна. Өнөөгийн соёлтой уншигч-хэрэглэгч, олон нийт монгол үгийн гарвал, амь амьдрал, хэрэглээний эргэн тойронг машид сонирхох болсон төдийгүй монгол үг ба ормол үг хэллэгийн зөв бичлэгт үлэмж анхаарч, санал бодлоо хэлэх болж. Наад захын нягталмаар, тун их давтамжтай хэрэглэгдсээр байгаа үгийн жишээ бол “огцруулах” уу, аль эсвэл “огзруулах” уу? гээд л ярилцаж болохоор байдаг…
Бид өмнөх он жилүүдэд “чулуу хийгээд чулуудах”, “хулхи хийгээд хулхидах”, “молиго хийгээд молигодох”, “явган хийгээд явгалах”, “салхи хийгээд салхилах”, “бэлчир хийгээд бэлчирлүүлэх”, “орон хийгээд оршихуй”, “даяар хийгээд даяаршихуй”, “Аяа хийгээд хөөрхий”, ”цондон хийгээд цондоглох”, “нам хийгээд намчирхах”, “уулсын өндөрлөг хийгээд улсын өндөрлөг” гэх мэт үг хэллэгийн амь амьдрал, эрчим долгион, соёл хэрэглээний талаар 10 гаруй судалбар-өгүүлэл нийтлүүлсэн. Харин энэ удаад “сар хийгээд саравчлах”-ын уг гарвал, амь амьдрал, утга, хэрэглээг сонирхсон энэ өчүүхэн судалбарыг Төмөр туулай жилийн өвлийн адаг цагаагчин Үхэр сарын 28-ны өлзийт сайн өдөр эхэлж, “Баясгалан” хэмээгч Усан Луу жилийн Хаврын тэргүүн хар Барс сарын шинийн 6-ны Дашнямтай бэлгэт сайн өдөр бичиж дуусгав.