Сартай шөнийн цагаан аялгуунд
Санаа алдан хүлээх ээжий минь
Сар жилээр мартсан хүүгээ ээ
Санахын тоолон магнай нь үрчлээтэнээ
Саруул шөнийн гэгээн зүүдэндээ
Саран ээжий минь та тавтай нойрсоорой
Нартай өдрийн намуун эгшгэнд
Намайгаа бодон нялхрах ээжий минь
Насны тавилан хүүдээ залбираад
Намрын хяруу шиг үс нь мөнгөрнөө
Намуун өдрийн нам гүмхэнд
Наран ээжий минь та амар суугаарай
Мөнх тэнгэрийн хүрэх алсад
Мөөгөн гэртээ бурхан шиг залраад
Мөдхөн ирэх хүүгээ зарлаад
Мөс хайлуулж цайгаа чананаа
Мөнх тэнгэрийн хаяа хязгаарт
Миний ээжий урт наслаарай
Нүүдлийн шувуудыг даган гансраад
Нүүгээд явчих вий хөөрхий ээжий минь
Нүүр учран золгох мөчийг
Нулимсаа бөмбөрүүлэн наашлуулах ээжий
Нүүдлийн шувуудын зорих алсаас
Нутгаа тэмүүлэн хүү нь ирнээ
Харь газар далайн чанадаас
Хайртай хүү чинь мэндчилж байна
Санаа бүү зовоорой хүүдээ гэж
Салхиар таньдаа мэнд хүргэе
Буян дагуулсан буурал ээждээ
Бурхны зарлигаар сайныг ерөөе
Мөнх тэнгэрийн хүрэх алсад
Миний ээжий зуу наслаарай
2008. Genéve.