Сүүлийн үед төрөхийн газарт эхчүүдийг төрөхөд нөхрүүдийг нь хамт байлгаж эгзэгтэй энэ үеийг хамт даван туулах завшааныг олгодог болсон юм. Хэрвээ та хоёр төрөхөд хамт байхаар шийдсэн бол төрөхөөс өмнө төрөх газарт нь очиж хамт байлцах боломжийн талаар асууж, төрөхийн ариун өрөөнд өмсөхөд шаардлагатай цэвэрхэн, цайвар өнгөтэй хувцас, шаахай, халаад зэргийг бэлдсэн байх нь зүйтэй.
-Төрөлт эхэлсэн тэр цагаас эхлэн эхнэрээ, найз бүсгүйгээ түшин, өрөөгөөр явж төрөлтийн явцыг эрчимжүүлнэ. Базлалт хоорондын хугацаанд биеэ суллах, амьсгалаа зохицуулахад туслах, ууц нурууг нь илэх, юм уулгах зэргээр өвдөлтийн мэдрэмжийг багасгана.
-Сэтгэл санааг нь өөдрөг байлгаж та хоёр зорилго нэгтэй байгааг байнга сануулах нь маш чухал.
-Төрөхийн орон дээр гарсаны дараа эмч, эх баригчийн зөвлөгөөг сонсож, тэдний зөвлөснөөр төрөлтийг дэмжинэ.
Төрөлт нь анхан төрөгчид ойролцоогоор 12-18 цаг, давтан төрөгчид 6-8 цаг үргэлжилнэ. Энэ хугацааг хамт өнгөрүүлж эхнэрийн зовлонгоос бага ч боловч хуваалцаж, эцэг болох тэр мөчийг өөрийн биеэр амсах нь юутай ч зүйрлэмээр аз жаргал билээ.