Би одоо 32 настай. Айлын том хүү. Намайг 6 настай байхад аав минь энэ хорвоог орхисон. Тэр цагаас эхлэн ээж минь амьдралын хатууг мэдрэх болсон юм. Аав маань маш сэргэлэн, ажилсаг олондоо нэр хүндтэй тийм сайхан хүн байсан юм билээ. Тийм ч учраас бид юугаар ч дутахгүй сайхан амьдарч байж. Айл гэрийн түшиг тулгуур нь байхгүй болоод өгөхөөр ямар олиг байхав.
Муу ээж минь биднийг хэнээс ч дутахааргүй хүн болгож өсгөж хүмүүжүүлсэн нь одоо биднийг өдийг зэрэгтэй явахад маш их тус болсон юм.
Ээж минь биднийг тэжээхийн тулд байраа барьцаанд тавьж зээл авч наймаа хийж эхэлж билээ. Ойр дотны, таньдаг хүн амьтан зээл энэ тэр гэж авсаар эргэлтийн хөрөнгөгүй болж авсан зээлээ төлж чадахааргүй болсон юм. Ингээд бид байраа банкинд хураалгаж байсан юм. Тэр үед миний хоёр бяцхан дүү, ээж маань цөм эхэр татан уйлж байсан байлаа. Би ч тэр үед ээжийгээ хараад ихэд өрөвдөж өөртөө “ээждээ 5 өрөөтэй энүүнээс гоё байр авч өгнө.” гэж ам тангараг өгсөн юм. Би тэгхэд 10 настай байлаа. Тэр үед хэн нэгэнд ингэж хэлсэн бол гоочилж инээх байсан биз.
Тэр цаг мөчөөс хойш ээж минь ч тэр би ч тэр гэр бүлээ тэжээхийн тулд янз бүрийн ажил хийж амьдралын хатууг үүрч байлаа. Би нэг зүйлд маш ихээр итгэдэг юм. “Амьдрал бидэнд шударга ханддагт.” Учир нь хэн хөдөлмөрлөнө, хэн сэтгэнэ, хэн уйгагүй байна тэр хүн хүссэн бүхнээ авч чаддаг гэдэгт би итгэдэг. Тийм ч учраас би 20 наснаасаа өөрийн хүсэл мөрөөдлийн нэг болон мөн өөрт өгсөн амлалтаа биелүүлэхийн тулд мөнгө цуглуулж эхэлсэн юм. 10 гаран жил уйгагүй цуглуулсаны эцэст ээждээ 5 өрөө байр авч өгөх мөнгө цугласан байлаа.
Өнгөрсөн 7 хоногт ээжийн минь төрсөн өдөр болов. Хоёр дүүдээ ч, ээждээ ч мэдэгдэлгүй тэр их мөнгийг цуглуулахад бэрх байсан. Өрөөлөөс байтугай өөрөөсөө ч харамладаг байлаа. Ээжийн төрсөн өдрөөр найз нөхөд, хамаатан садан цугласан байв. Би ч төрсөн өдрийн дундуур оройтож орлоо. Гар хоосон ороход найз нөхөд, хамаатан садангууд маань “энэ нэг юм ээждээ нэг цэцэг ч болтугай аваад ирэхгүй” гэсэн янзтай л бүгд харж байлаа. Муу ээж маань надаас юу горьдохов хөөрхий.
Ээждээ мэнд хүргэж үнсүүлэхээр ээжийн зүг алхлаа. Ээжийгээ тэврээд “Ээжээ хүү нь 10 настай байхдаа өөртөө өгсөн амлалтаа өнөөдөр биелүүлэх гэж байна.” гэж хэлэхэд ээж маань миний хүү юу гэж амлаж байсан юм? гэж асуулаа. Та санаж байна уу? банкны хүмүүст байраа хураалгаж байсан өдөр. Тэр өдөр би өөртөө “ээждээ 5 өрөө байр авч өгнө гэж” амлаж байсан юм.
Тэгээд би халааснаасаа ээждээ авсан байрныхаа түлхүүрийг гарган “Ээжээ хүү нь тандаа бүхнээс илүү хайртай. Хүүгээ өдий зэрэгтэй хүн болгон хүмүүжүүлсэн тандаа маш их баярлалаа.” гэж түлхүүрийг өгөв. Ээж минь ямар байсныг та ч нүдэндээ төсөөлж байгаа байх. Найз нөхөд, хамаатан садангууд маань ч бүгд баярын нулимс унагаж намайг тэвэрч авсан юм.
Ингээд олон жил байр хөлслөн зовж явсан ээжийгээ төрсөн өдрөөр нь ингэж баярлууллаа.
Та бүхэндээ хандаж хэлэхэд ээжийгээ хайрлаж, баярлуулж яваарай. Мөн дуслыг хураавал далай гэдгийг үргэлж санаж яваарай. Бүх зүйл багаасаа эхэлдэг. Гол нь уйгагүй тууштай байдал хэрэгтэй.
2014 оны 09 сарын 05 өдөр