Эрүүл мэндийн даатгалын сангаас 417 эмийн санд эмийн хөнгөлөлт, чөлөөлөлтөд мөнгө шилжүүлж байна. Иргэд эрүүл мэндийн даатгалын санд мөнгө төлж байгаагийнхаа төлөө тухайн худалдан авч байгаа эмийнхээ үнийн дүнгээс 40-80 хувь хөнгөлөгдөх хуультай.
Харин эрүүл мэндийн даатгалын сангаас мөнгө авч иргэдэд үйлчилж байгаа эмийн сангууд болон түүгээр үйлчлүүлж байгаа иргэдийн аль аль нь энэ үйлчилгээнд сэтгэл дундуур байна. Нэг хүн жилдээ эрүүл мэндийн даатгалын сангаас нэг сая нэг зуун 12 мянган төгрөгийн үйлчилгээг эрүүл мэндийн салбараас авах ёстой. Үүнд хөнгөлөлттэй үнээр эм авах ч бас багтана.
Иргэд эрүүл мэндийн даатгалын санд мөнгө төлж байгаа тохиолдолд 365 нэр төрлийн эмийн заримыг нь үнэгүй, заримыг нь 40-100 хөнгөлөх үнээр 417 эмийн сангаас авах ёстой.
Иргэдэд хөнгөлөлттэй үнээр үйлчлэх ёстой 27 эмнэлэг Улаанбаатар хотод ажиллаж байгааг НДЕГ-ын ЭМД-ын Хяналт, санхүүжилтын газрын дарга Ц.Ганцэцэгээс тодрууллаа.
417 эмийн сангийн хувьд улсынх гэвэл 10 хуруунд багтахаар цөөн, ихэнхдээ хувийн эмийн сангууд байдаг аж. 2011 онд эмийн хөнгөлөлтөд зориулж эрүүл мэндийн даатгалын сангаас 2.5 тэрбум төгрөгийг батлахаар тусгажээ. 2010 онд эмийн сангуудад иргэдийн хөнгөлөлттэй авсан эмийн зөрүү мөнгө болох 2 тэрбум 450 сая төгрөгийг данс руу нь шилжүүлсэн тухай албаны хүн мэдээлсэн юм.
Э.Онол