Канадад гоо бүсгүйн тэмцээн зохион байгуулагчид хүйсээ солиулсан нэгэн оролцогчийг тэмцээнээс хассан байна. Энэ тэмцээний ялагч нь “Дэлхийн мисс”-д эх орноо төлөөлөн оролцох ёстой байжээ.
Харин Женна Талаковаг хасах болсон нь “тэмцээн явуулах дүрэмд нийцэхгүй” хэмээн зохион байгуулагчид нь тайлбарласан байна. Ийн хасах болсон шалтгаан нь загвар өмсөгч бүсгүйн намтартай нь холбоотой гэдэгт 23 настай Женна итгэлтэй байгаа гэнэ.
Тэрбээр 19 настайдаа хүйсээ солиулах мэс засалд орсон нь зохион байгуулагчдын дургүйг хүргэсэн гэж бүсгүй үзэж байна. Харин тэмцээний төлөөлөгчид энэ талаар ямар ч тайлбар хийгээгүй байгаа ч “Дэлхийн Мисс”-д явах боломж олж авахын төлөө өрсөлдөх эрхийг бүсгүйд буцаан өгөхийг шаардсан түүний дэмжигч 28 мянган гарын үсэг цуглуулж чаджээ.
Женнаг дэмжигчид түүнийг тэмцээнээс хассан нь хүйсээр ялгаварлан гадуурхсан хэрэг хэмээн үзэж байна. “Дэлхий мисс”-д эх орноо төлөөлөн оролцох бүсгүйг шалгаруулах Канадын гоо бүсгүйн тэмцээнд 65 оролцогч авьяас гоо сайхнаараа уралдаж байгаа бөгөөд Женна шувтаргад үлдээд байхад энэ явдал болсон юм.
asunews.mn