Өнөөдөр бид тослог арьсанд зориулсан тарагтай бигнүүрийг гэрийн нөхцөлд хэрхэн бэлтгэх талаар өгүүлэх болно. Эдгээр зөвлөмжүүдээс та өөрт тохирохыг сонгон авч, туршаад үзээрэй. Үр дүнтэй байж, таны байнгын хэрэглээ болно гэдэгт итгэлтэй байна.
Нүх агшаах бигнүүр
Арьсыг чангаруулж, шар үсний нүхийг агшаах үйлчлэлтэй бигнүүрийг гэрийн нөхцөлд бэлтгэхэд дараах зүйлс хэрэг болно. Үүнд:
Өндөгний цагаан уураг- нэг ширхэг
Зөгийн бал – нэг цайны халбага
Тараг – гурван цайны халбага тараг
Дээрх хольцуудыг нийлүүлээд сайтар хутгана. Хэрэв хэт шингэн, урсаад байвал
овьёос, эсвэл миндальны нунтаг бага зэрэг нэмж өгөөрэй.
Эхлээд нүүрээ цэвэр таргаар цэвэрлээд, дараа нь бэлдмэлээ нимгэн түрхэж өгнө. Нүдний орчим, уруул дэрээ түрхэж болохгүй. Ингээд 15 – 20 минут хэртэй байлгаад дараа нь бүлээн усаар угаана. Ийм бигнүүрийн унтахын өмнө тавибал илүү үр дүнтэй байдаг.
Олон үйлчлэлт бигнүүр
Олон талын үйлчлэл үзүүлдэг бигнүүрийг бэлтгэе гэвэл аарц, тараг, оливын тос, луувангийн шүүс бэлдэх хэрэгтэй болно. Ийм бигнүүр нь арьсанд тэжээл өгөөд зогсохгүй, чангаруулж, өнгөлөг сайхан болгодог. Бүх орцыг ижил хэмжээтэй хольж сайтар хутгаад уруул, нүдний орчмоос бусад хэсэгт жигд нимгэн түрхэж өгөөрэй. Хорин минутын дараа сальфеткаар арчаад, бүлээн усаар угаах хэрэгтэй.
Амин дэмт бигнүүр
Таны арьсанд илүү аминдэм шаардлагатай байна уу? Тэгвэл гүзээлзгэнэ, бөөрөлзгөнө, үхрийн нүд зэрэг жимсгэнийг тараг болон цөцгийтэй холино. Дараа нь нүүрэндээ түрхэж, 15 минут хэртэй байлгаад бүлээн усаар угаагаарай.
Мөн энэ бигнүүрийг тараг болон шинэхэн өргөст хэмхээр бэлдэж болно. Үүний тулд шинэхэн өргөст хэмхийг хальслаж, үрээд тарагтай хольж нимгэн түрхэнэ. Хорин минутын дараа шар сүүгээр угаавал сайн.
Исэглэн тарагны бигнүүр
Тослог арьсанд илүү исгэлэн бүтээгдэхүүн тохирдог тул дулаан газар 2-3 хоног тасалгааны хэмд байж бага зэрэг иссэн таргаар цэвэрлэ. Хөвөнгөө тарганд дүрээд, тойрог хөдөлгөөнөөр нүүрээ арчиж цэвэрлэнэ. Түүнчлэн тарагны шар усаар тослог арьсыг арч. Таргаа гал дээр халаахад аяндаа шар ус нь ялгараад ирнэ. Мөн л хөвөнгөө дүрээд арчих эсвэл угааж болно.