Жан Бу Ри ирлээ!
Энэ өдрүүдэд үзэгчдийг байлдан дагуулж буй Солонгосын MBC телевизийн бүтээл “Жан Бу Ри ирлээ” хайр дурлалын кино 2014 онд солонгосчуудыг байлдан дагуулсан. БНСУ-ын Кино авардсаас Шилдэг сериалаар, гол дүрийн эмэгтэй жүжигчин Жан Бу Ри буюу У Ён Сог Шилдэг эмэгтэй жүжигчнээр тус тус шалгарч, ашиг орлогоороо тэргүүлсэн уг кино нь тун удахгүй төгсөх гэж буй. Өмнө нь Жан Бу Ригийн талаар товч мэдээлэл оруулсан бол энэ удаад эсрэг дүрийн жүжигчин Ёнь Мин Жоны талаар товч танилцуулая.
Ёнь Мин Жон
Гол дүрийн Жан Бу Ригаас илүү олон номер үзүүлдэг Ёнь Мин Жон буюу жүжигчин И Юу Ри энэ дүрээр 2014 оны Гран при шагналын эзэн болжээ. Оны шилдэг эмэгтэй жүжигчин номинацид 3 эмэгтэй жүжигчин нэр дэвшсэн. Бид “Зочид буудлын эзэн” киноны гол дүрээр илүү танил, Солонгосын алдарт жүжигчин Хан Шин Ёнь, Бу Ри буюу У Ён Со хоёртой өрсөлдөж Шилдгийн шилдэг эмэгтэй жүжигчин буюу Гран при шагналын эзэн болсон.
И Юу Ри 35 настай, 1980 оны 1-р сарын 28-нд төрсөн. Кионы их сургуулийн Урлаг дизайны ангийг дүүргэсэн, жүжигчин мэргэжилтэй. Бизнес эрхэлдэг. 1999 онд дебют хийж, 2001 оноос жүжигчний замналаа эхлүүлснээс хойш олон арван туслах болон гол дүр авч, жүжиглэх авьяасаараа шуудхан олон нийтийн анхаарлын төвд орсон. Ёнь Мин Жоны дүр түүний од болох алдрын замыг улам ихээр гэрэлтүүлж өгсөн гэж үздэг.
Арван хэдэн жил дэлгэцийн урлагт хүчин зүтгэхдээ тэр олон арван шагналыг жил дараалан авч, хэр хэмжээний жүжигчин болохоо харуулсаар ирсэн тэрээр ихэнхи тохиолдолд эерэг, өрөвдөлтэй дүр бүтээсээр ирсэн. Харин “Жан Бу Ри ирлээ” кинонд анх удаагаа шахуу эсрэг дүр авч, үзэгчдийн зэвүүцэл, үзэн ядалтыг дээд зэрэгт хүргэснээрээ шилдгийн шилдэг болохоо дахин баталсан гэж мэргэжлийн хүрээнийхэн нь үзжээ.
“Хүний муу, муухай зан чанарын ихэнхи хувийг харуулсан Ёнь Мин Жоны дүрийг бүтээхэд хамгийн хэцүү байсан. Анх энэ дүрийг авчихаад маш их сандарч, дүрээ гаргаж чадах болов уу гэж ихэд эргэлзэж, эмээж байсан. Гэвч чадварлаг баг хамт олны ачаар үзэгчдийн зэвүүцлийг төрүүлж, тиймдээ ч Гран при шагналын эзэн болсон” гэдгээ тэр фэнүүддээ хэлсэн юм.
2014 оны Солонгосын Топ 5 жүжигчний жагсаалтад 2-т эрэмбэлэгдсэн, протестант шашинт, ганц бие, 35 настай И Юу Ри чадварлаг жүжигчнээс гадна фото модель, бизнесвумэн. Түүний бүтээсэн ихэнхи дүр нь хатуу чанга, хахир хадам ээжтэй учирдаг тул амьдрал дээрээ сайхан хадам ээжтэй байж асрахыг хүсэж байна хэмээн нэгэн ярилцлагандаа дурдсан ажээ. Мөн сайхан гэр бүлтэй болж айлын сайн эзэгтэй болохыг хүсэж байгаагаа дуулгасан тэрээр саяхан найз залуутай болсон нь олон нийтэд ил болсон.
Хоёр жүжигчин бүсгүйг тус кинонд тоглосноос хойш үргэлж харьцуулдаг хандлагатай болсон байна. Гэвч мэргэжлийн талаас ч тэр, гаргасан амжилтаараа ч Ёнь Мин Жон, Жан Бу Ригаас хамаагүй дээр гэдэг нь тодорхой. Амьдрал дээр Жан Бу Ригаас долоон насаар эгч хэдий ч кинон дээр дүү болж тоглосон Ёнь Мин Жон оворгүй гэдгээрээ мөн найруулагчдаас үнэлгээ авсан гэдэг.
Эх сурвалж: Grandnews.mn