…Эх орноо би дэлхийн хамгийн сайхан нь гэж хэлнэ. Эх орон гэдгийг би насанд ганцхан олдох нарны доорх диваажин гэж боддог. Миний эх орон эрдэнэсийн баян сан, ухаант дээдсийн зуун зуунаар бадрааж ирсэн гал голомт, мөнхийн их заяат хүмүүсийн тэнгэр тэтгэсэн их ухааны үргэлжлэл, тэртээ зуунаас өдгөөг хүрсэн аугаа их эзэн Чингисийн нутаг, ард түмний минь дуулж жаргасан өлгий…
Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт яруу найрагч Шагдарын Дулмаатай эх орны талаар ярилцлаа. Хаан найргийн хатан Дулмаа хэмээн олондоо алдаршсан түүнд эх орноо магтсан шүлэг дэндүү олон юм билээ.
-Таны бодлоор эх орон гэж юу вэ?
-Эх орон гэдэг бол хүн гэж дуугаа хадаасан анхны өдөр. Хөлд орж мөрөө гарган гишгэсэн газар шороо, амьдрахад агаар нь цэнгэг, цэнхэр тэнгэр нартайгаа зулай дээр цэлийдэг, цэнгэг ус долгионтойгоо зуслан газар шуугидаг, моддынх нь дунд хайр амталсан, оддынх нь зүг хараа бэлчээсэн ийм сайхан замбуулингийн нэгээхэн хэсэг нь миний эх орон. Эх орноо би дэлхийн хамгийн сайхан нь гэж хэлнэ. Эх орон гэдгийг би насанд ганцхан олдох нарны доорх диваажин гэж боддог. Миний эх орон эрдэнэсийн баян сан, ухаант дээдсийн зуун зуунаар бадрааж ирсэн гал голомт, мөнхийн их заяат хүмүүсийн тэнгэр тэтгэсэн их ухааны үргэлжлэл, тэртээ зуунаас өдгөөг хүрсэн аугаа их эзэн Чингисийн нутаг, ард түмний минь дуулж жаргасан өлгий. Алдарт Шаар планинагийн оройд ч алтан сүмийн рашаанаас хүртэж байхдаа Алдархангайн уулынхаа амин булгийг санаж явлаа. Эх орон ингэж л эзэн хүндээ өгөгдсөн эрдэнэ юм.
-Тэр сайхан мэдрэмжээ шүлэг болгосон биз дээ?
-Тэгэлгүй яахав. Шаар планина уулын оргил дээр гараад зогсож байхдаа …Навчин дээр нь шүүдэр бууж Нарны цацраг шүхэрлэн алтарсан Хөвч тайгын сүрлэг уул чи Хүрэхийн аргагүй өндөр гэлээ ч Хүний ухаан чамаас өндөр юм Одонд ойртсон буурал тэргүүн чинь Олны хайр булаан өдий хүрч дээ Онгодын дээдээр цацал өргөн Олон найрагч шүлгээр мялааж дээ Оргил чинь өндөр юм аа Шаар планина Орой дээр чинь гарсан би ч Өндөр байна аа Шаар планина” гэж 1985 онд бичсэн юм. –
Сайхан шүлэг байна. Тэр сайхан Шаар планинагаас илүү Авдархангай уулынхаа амин булгийг санаж явсан гэхээр эх нутаг л илүү сайхан…?
-Дэлгэр орныхоо тухай найраг халин дэвэрч
Дэлхийд ганцхан монголоороо гайхуулж бахархаж явсан
Элстэй толгод, шавартай шанд нь хүртэл Элэг зүрхэнд дэндүү дотнохон байдаг
Эргэх бөмбөрцгийн хаанаас ч эрээд олохгүй Эрдэнэсийн их диваажин миний Монгол оо… гэж бичсэн. –
Элстэй толгод, шавартай шанд гэснээс хаан найргийн хатан эх маань эх орныхоо хөрс шороон дээгүүр хөл нүцгэн гүйж өссөн биз дээ?
-Тийм ээ, Миний хүүхэд нас зуны турш хөл нүцгэн гүйж, намрын сэрүүн болоход үхэр хэвтээд боссон газар хөлөө дулаацуулж явсан дурсамжтай, хөгжилтэй. Ийм сайхан газар нутагтай эх орноо эргэн санахгүй, хайрлан бишрэхгүй байхын аргагүй. Ер нь хүний төрсөн нутаг гэдэг хаана ч явсан элэг зүрхнээс уяатай харийн тэнгэр дор сэтгэл зүрхэнд мөнх оршиж явдаг. Эх орныхоо тухай яруу найрагч хүн бичихгүй байхын аргагүй. Хүний сэтгэлийн хамгийн уян тансаг, хамгийн энэрэнгүй шигшмэл санаа гардаг тэр сэдэв бол эх орны тухай байдаг. Тийм ч учраас найрагч бүхэн эх орны тухай бичдэг. Би 1966 онд “Газар шороондоо хайртай “ шүлэг бичсэн. Түүнээс хойш “Цэнхэр тэнгэрийн орон минь”, “Эх орноо дуулах гэж”, “Газар эх минь”, “Эцгийн голомт”, “Халхын сайхан эрчүүд”, “ Эрдэнийн алтан өргөө”, “Эх орон хаанаас эхэлдэг вэ” , “Амгалан эх дэлхий минь”, “Сүүдрээс хөлсдөг эх орон минь”, “Мандухай сэцэн хатан” зэрэг шүлэг бичжээ.
-Та чинь эх орноо их өмөөрдөг хүн. “Өмөөрөх л гэж оронтой төрсөн” гэсэн шүлэг бас таных?
-Хүн ер нь төрсөн эх орноо мөнхөд өмөөрч явдаг. Нутгаа өмөөрч нутгаараа бахархаж нутгийнхаа гайхамшгийг мэдэрч түүгээрээ амьсгалж амьдарч явна гэдэг ухаант хүний бахархал. Хүний төрсөн нутаг мөнхөд өр зүрхнээс уяатай. Газар шороогоо эвдэж, уул усаа сэндийлж эрдэнэс баялаг авч байгаад л эмзэглэдэг. Эрдэнэс баялгаа ашиглах нь буруу биш ч усны ундарга, голын эх, нуурын эрэг гээд хэн ч халдашгүй дархан газрыг эвдэн сэндийчиж эрдэнэс баялгийг нь ухаж аваад нөхөн сэргээхгүй дэндүү хүйтэн цэвдэг сэтгэлтэй хүмүүс энэ орчлонд байх юм. Манай уул уурхайн хүмүүс энэ талаар бодож нэгийг сэтгэж, хайран эх орноо яйран болгохоос сэргийлж, хүний мөстэй сэтгэлийн галтай яваасай.
-Та эх орныхоо ирээдүйг хэрхэн төсөөлдөг вэ?
-ХХI зууны тэргүүн хөгжилтэй, хойч үе маань соёлын мэдлэгтэй байж, Эзэн Чингисийнхээ энэ сайхан орныг зууны хөгжлийн манлайд хүргэх ирээдүй эх оронд минь бий гэдэгт бат итгэдэг. Аливаа улс орны залуу үе бол эх орны ирээдүй. Ахмадуудын буй болгосон өв соёл, өргөн уудам нутаг ус, тэдний гараар бүтсэн өнчин ганц бургасыг ч хайрлан тордож өгсөн үржүүлж бүтээн байгуулах сэтгэлийн их тэнхээтэй байгаарай гэж залуучууддаа захимаар байна.
Б.Анхцэцэг
Эх сурвалж: “Unen.mn”