Нэрт физикч Стивен Хокингийн дүрээрээ өнгөрсөн онд Оскар, Алтан бөмбөрцөг, БАФТА зэрэг томоохон наадамд шилдэг гол дүрийн эрэгтэй жүжигчний шагналыг хүртсэн жүжигчин бол Эдди Редмэйн.
Тэрээр энэ жил бас нэг гайхалтай дүрийг бүтээлээ. Эдди Редмэйн улаан үстэй, сэвхтэй, ногоон нүд, гунигтай дүртэй ч гайхалтай гоо сайхан бүсгүйн дүрээр бидний өмнө гарсан.
“Данийн охин” кинонд тэрээр Эйнар Вегенер буюу Лили Эльбе гэх транссексуал хүний дүрийг маш чадварлагаар бүтээсэн гэж кино шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ аваад байна.
Кино академийн дээд шагналд нийт таван удаа нэр дэвшсэн ч өдийг хүртэл нэг ч Оскаргүй яваа Леонардо ДиКаприогийн гол өрсөлдөгч Их Британийн жүжигчин Эдди Редмэйний ярилцлагыг орчуулан хүргэж байна.
-Та олон шүтэн бишрэгчтэй болж байна. Таны жүжиглэлтийг төгс, давтагдашгүй хэмээн олон нийт үздэг. Тоглосон кино болгон тань давтагдашгүй. Ийм их амжилтын эзэн болно хэмээн бодож байв уу?
-Төсөөлж байсан уу гэж үү. Мэдээж хэрэг би амжилттай нэгэн болно гэдгээ мэддэг байсан. Гэхдээ ийм хурдан хугацаанд насан туршдаа мөрөөдөж байсан найруулагч болон уран бүтээлчидтэйгээ хамтран ажиллана гэж зүүдэлж явсангүй. Бүх зүйл гэнэтийн бас тааварлашгүй байсан. Аав минь үргэлж “Чи хичээ, зүтгэ. Хэзээ ч бусдыг бүү хуур. Авьяасаа хөгжүүл. Тэр цагт амжилт чиний хаалгыг тогших болно” гэж хэлдэг. Аавынхаа хэлснээр би хичээсэн бас хөдөлмөрлөсөн. Эцэст нь би зорилгоо биелүүлж, сайн жүжигчин болох алхмаа сайн эхлүүллээ.
-Таны хамгийн сүүлд тоглосон “Данийн охин” кино шүүмжлэгчдийн зүгээс маш өндөр үнэлгээ авч байна. Тус киноны жүжигчний шалгаруулалт хэрхэн явагдсан бэ?
-Найруулагч Том Хуперийн “Орхигдогсод” кинонд тоглож байх үед Том намайг дуудан уулзаж, “Данийн охин” киноны зохиолыг анх өгч байсан. Тэр надад “Энэ зохиолыг уншаад үз. Яг чамд тохирсон дүр гэж би бодож байна” гэж хэлсэн. Гол баатрын зан чанар, түүх маш сонирхолтой байсан учир би тэр оройдоо зохиолыг уншиж дуусгасан. Тухайн үед би “Хүн төрөлхтний түүхэнд нэрээ үлдээсэн хүний дүрийг бүтээх боломж жүжигчин болгонд олддоггүй. Харин надад энэ боломж хоёр дахь удаагаа гарч ирлээ” гэж бодсон. Ингээд би Томд энэ кинонд заавал оролцмоор байна гэдгээ хэлсэн дээ.
-Эйнар Вегенер эмэгтэй хүн гэдгээ ухааран Лили Эльба руу шилжих үйл явцыг дэлгэцэн дээр харуулахад хэцүү байсан уу?
-Дүрээ бүтээхийн тулд би маш олон транссексуалуудтай уулзан, найзууд болцгоосон. Ихэнх цагаа тэдэнтэй цуг өнгөрүүлдэг байлаа. Тэд надад бүх зүйлийг зааж өгсөн. Ийм шилжилтийн үеийг хоёр гурван удаа давсан ч одоог хүртэл хамт байгаа хосууд тэдний дунд зөндөө бий. Тэд өөрсдийн түүхээсээ хуваалцсан нь энэ дүрийг бүтээхэд маш их тус болсон. 70 жилийн өмнө эрэгтэй хүн эмэгтэй хүний хувцас өмсөж гарах нь хуулиар хориотой байсан. Тэгвэл өнөөдрийн нийгэм трансжендэр хүмүүсийг хүлээн зөвшөөрч эхэлж байна.
Лили намайг өөртөө дурлуулсан. Жүжигчин хүн дүрдээ дурлана гэдэг гайхалтай ховор тохиолдол.
Түүнчлэн дүрдээ бэлдэж байхдаа би хэдэн цагаар ч хамаагүй эхнэрийнхээ үйл хөдлөлийг ажигладаг байсан. Эхнэр маань толины өмнө хэрхэн сууж, нүүрээ будаж, хувцсаа хэрхэн өмсөж байгааг ажигладаг байлаа. Дараа нь би түүний алхаа гишгээ, дохио зангааг дуурайж эхэлсэн, уруулын будгаар нь уруулаа буддаг болсон.
-Таны эхнэр энэ бүхнийг хэрхэн хүлээн авсан бэ?
-Миний өмнө ямар өндөр хариуцлага оногдож буйг эхнэр маань ч гэсэн маш сайн ойлгож байсан. Би Лили Эльбагаас гадна надад асар олон зүйлийг надад зааж сургасан, нандин түүхүүдээ надтай хуваалцсан транссексуал хүмүүсийн өмнө хариуцлага хүлээсэн.
-“Данийн охин” кинонд тоглосны дараа таны хувьд хүйс, бэлгийн чиг хандлагын талаарх үзэл бодол өөрчлөгдсөн үү?
-Энэ кинонд тоглохоосоо өмнө би жендэрийн асуудлаар ямар ч ойлголтгүй байсан гэдгээ ойлгосон. Хүйс, бэлгийн чиг хандлага гэдэг бол хоёр өөр зүйл гэдгийг одоо л ойлгож байна.
Эдди Редмэйн эхнэрийнхээ хамт
-Бодит амьдрал дээр Лили Эльба хүйсээ солиулж, дотроо байгаа хэн нэгнийг чөлөөлдөг. Кино бус бодит амьдрал дээр танд ийм зүйл тохиолдвол?
-Энэ асуултыг өөртөө үлдээмээр байна. Гэхдээ киноны дараа би эмэгтэй хүн болохыг хүссэн. Лили намайг бүрэн эзэмдэж, намайг чөлөөлөхгүй байсан. Би нүдээ аних болгондоо Лилиг бодож, эргээд зураг авалтад орохыг хүссэн. Лили намайг өөртөө дурлуулсан. Жүжигчин хүн дүрдээ дурлана гэдэг гайхалтай ховор тохиолдол.
-Үүний дараа танд байнга эмэгтэй дүр санал болгоно гэхээс айхгүй байна уу?
-Найруулагч Том Хупэр надаас далд эмэгтэйлэг байдлыг мэдэрсэн учраас Лили Эльбагийн дүрийг санал болгосон гэж хэлж байсан (инээв). Жүжигчний гараагаа анх эхлээд л энэ салбарт ажилгүйдэл гэдэг ойлголт ямар их байдгийг ухаарсан. Иймээс чамд ажил санал болгож байгаа бол энэ онцгой тохиолдол. Харин хүн төрөлхтний түүхэнд нэрээ мөнхөлсөн хүмүүсийн дүрийг бүтээх санал ирнэ гэдэг бол гайхамшиг. Иймээс хэрэв би эмэгтэй хүний дүрийг бүтээвэл хүмүүс юу гэж хэлэх бол гэдгээс би санаа зовохгүй байна. Эсрэгээрээ миний эмэгтэйлэг байдлыг олж харсан найруулагчид надад эрэгтэй, эмэгтэй аль аль дүрийг санал болгох хэрэгтэй (инээв). Би хөвгүүдийн сургуульд сурч байхдаа жүжгүүдэд байнга эмэгтэй хүний дүр бүтээдэг байсан. Тэгэхээр надад арвин туршлага бий (инээв).
-Өнгөрсөн жил Стивен Хокингийн дүрээрээ Оскарын шагнал хүртсэн. Энэ жил мөн адил “Шилдэг эрэгтэй жүжигчин”-ий шагналд нэр дэвшиж байна.
-Шагнал гэдэг хийсэн ажлаа бусдад үнэлүүлж, хүлээн зөвшөөрүүлж байгаагийн нэг хэлбэр. Гэхдээ алдар нэр, шагнал миний сонирхлыг татдаггүй. Өнгөрсөн жил Стивен Хокингийн дүрээрээ Оскарын шагналд нэр дэвшихэд бид “Данийн охин” киноны зураг авалтыг хийж байсан. Шагнал гардуулах ёслолд оролцоход найруулагч надад хоёр хоногийн чөлөө өгсөн. Оскарын дараа хамгийн түрүүнд би зураг авалтын талбай руугаа гүйсэн. Шагналаа авснаа ч мартан дүрээ бүтээж эхэлсэн. Мэдээж би Оскар хүртсэндээ баяртай байсан. Гэхдээ камерын өмнө зогсож, амьдралынхаа хамгийн чухал дүрүүдийн нэгийг бүтээнэ гэдэг миний хувьд ямар ч шагналаас илүү үнэтэй.
-Та чөлөөт цагаа хэрхэн өнгөрөөдөг вэ?
-Бодит амьдрал руу эргэн орно. Заримдаа зураг зурж, төгөлдөр хуур тоглодог. Эсвэл сонирхолтой ном уншдаг.
-Ирээдүйд ямар дүрүүдээрээ биднийг баярлуулах гэж байна?
-Одоогийн байдлаар Жоан Роулингийн зохиолоос сэдэвлэн бүтээж буй “Fantastic Beasts and Where to Find Them” кинонд шидтэний дүр бүтээж байна. Энэ нь Харри Поттер киноны цувралын үргэлжлэл болох юм.
Х.Көгершин | GoGo.mn