Сахар Гул хэмээх афган охинд тохиолдсон явдал өнгөрсөн жил дэлхий нийтийг цочирдуулсан билээ. Хүүхэд төрүүлээгүй гэж хорссон хадмууд нь Сахар Гул охиныг хэдэн сарын турш харанхуй амбаарт түгжиж, халуун шилээврээр тамлан зодож, хумснуудыг нь сугалж авсан тухай сонссон хүмүүс чихэндээ итгээгүй юм.
13-хан настайд нь бэр буулгаж авсан нөхөр, хадмууд нь түүнийг эмэгтэй хүний үүргээ биелүүлээгүй хэмээн шийтгэж, хүчээр биеийг нь үнэлүүлж байжээ. охин CNN-д өгсөн ярилцлагадаа “Гэрт зочид ирэхэд тэд намайг амбаарт оруулдаг байсан. Дараа нь над дээр ирж, гар хөлийг минь хүлээд, таазнаас уруу харуулан дүүжилж, хоол гэхээр юм бараг өгдөггүй байсан.” хэмээн ярьсан юм.
Охиныг аймшигтай хэрцгийгээр зодож тамлан, хөлд нь цахилгааны утас уяж тогонд цохиулсны дараа тэрбээр хэд хоног ухаангүй байсан аж.
Аймшигтай хашгирааныг сонссон хөршүүд нь тэднийг нэг л юм болоод буйг сэжиглэж, цагдаад мэдэгдсэнээр энэ хэрэг илчлэгдсэн байна. Доромжлолын туйлыг үзсэн охин хэрцгий нөхөр, хадмуудаа шүүхэд өгсөн юм.
Өнгөрсөн долоо хоногт Кабулын шүүх охиныг аймшигтай зодож, хүчирхийлсэн хадмуудад нь тус бүрт нь 10 жил хорих ял оноосон байна. Харин түүний харгис нөхрийг эрэн сурвалжилж байгаа ч одоо болтол олоогүй байгаа юм байна. Сахар Гул хадмууддаа өөрийг нь зовоож тарчлаасан шиг шийтгэл оноохыг хүсч байгаа бөгөөд 10 жил шоронд хорих ял хангалтгүй гэж CNN-ий сурвалжлагчдад ярьсан байна. Сахар Гул одоо Афганистанд хохирогч эмэгтэйчүүдийг хамгаалах газарт байгаа бөгөөд түүнтэй адил шийтгэл амсч, хүчирхийлэлд өртсөн олон эмэгтэйчүүд тэнд байдаг гэнэ.
Сахар Гулд тохиолдсон зүйл олны анхаарлыг татсанаас хойш тэрбээр афган эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах тэмцлийн бэлэг тэмдэг болсон юм. Харгис нөхрийнхөө хууль ёсны эхнэр хэвээр байгаа Сахар Гул Афганистанд үлдвэл нөхөр нь түүнийг хэзээ нэгэн цагт олж, ална гэсэн айдас хүйдэстэй амьдарч байна. Сахар Гул гадаадад сурч, эмч юмуу прокурор болохыг хүсч байгаа аж. Тэрбээр хадмууд шигээ харгис хүмүүст тохирох шийтгэлийг нь оноохыг зорилгоо болгосон гэнэ.
Н.Рэй /Эмэгтэйчүүд/