Өнгөрөгч баасан гаригт “Cello sonata” тоглолтоо үзэгч олноо хүргэсэн морин хийлч З.Номинтой ярилцлаа.
–Анх таван настай жаахан охин урлагт хөл тавьж байсан бол өнөөдөр бие даасан тоглолтоо хийлээ шүү дээ?
-Харин тийм. Өнөөдөр үгээр хэлэхийн аргагүй сайхан өдөр байна. Яагаад ч юм нар хүртэл нэг их сайхан туяа цацаад, сэтгэл дэрвээд л байгаа болохоор хэлэх ч үг олдохгүй юм. Таван настай байхад ээж намайг хөгжимчин болгоно гэдэг байсан. Бага насныхаа үлгэрийн гэмээр өдөр хоногуудыг урлагийнхны дунд өнгөрөөсөн. Ээж маань 2000 онд Хөгжим, бүжгийн коллежийн “Виолончель” буюу морин хийлийн ангид хөтөлж оруулсан. Энэ гайхалтай хөгжимтэй, ялангуяа сонгодог урлагтай холбож, өөрийн биеэр үлгэрлэж байсан ээждээ би баярладаг. Урлаг гэдэг үгийн үнэ цэнэ, өршөөл нигүүслийг ээжээсээ мэдэрч урлагт улам дурлах болсон.
-“Celio sonata” тоглолт таны анхны бие даасан тоглолт уу?
-Монгол дахь анхны бие даасан тоглолт. Америкт өнгөрсөн хоёр жилд бие даасан дөрвөн тоглолт хийж байсан.
–Гадныхан хэрхэн хүлээж авсан бэ?
-Америк бол өндөр хөгжилтэй орон. Бүх хүмүүс нь хөгжмийн тодорхой мэдлэгтэй байдаг. “Виолончель” хөгжмийг мэдэхгүй хүн бараг байхгүй. Харин Монголоос энэ хөгжмөөр тоглодог хүүхэд ирээд тоглолт хийж байна гэхэд гайхаж байсан. Монголчуудыг сонгодог урлагаас их л хол гэж бодоцгоодог юм шиг байна лээ.
–Монголд анх удаа морин хийлийн бие даасан тоглолт хийлээ. Хэр түгшсэн бэ?
-Анх Америкт тоглолт хийхдээ “Зохиолоо ойлгуулж чадахгүй байх вий дээ. Сайн тоглож чадахгүй бол яана аа” гээд их сандарч байсан. Өмнө нь тайзан дээр гараад үзчихсэн болохоор нэг их сандраагүй. Сэтгэлзүйн бэлтгэл сайн хийсэн. Энэ тоглолт сайхан болж өнгөрлөө. Нэг их сайхан зүйл намайг тойрон эргэлдэж буйг мэдэрч байна.
–Ээж тань урлагийн хүн гэж дуулсан. Гэр бүлээрээ урлагийн төлөө яваа гайхалтай гэр бүл юм аа?
-Ээж Улсын филармонийн хийлч. Тэр утгаараа ч юм уу би урлагтай ойр өссөн. Өдөр бүр энэ сайхан өргөөний өндөр босгоор алхаж орох болгондоо ээжээрээ бахархдаг байлаа. Би урлагийн гэр бүлд өсөж хүмүүжсэн. Урлаг хүнийг гэрэлтүүлдэг гэж боддог.
–Таныг Архангай аймгийн унаган хүүхэд гэж дуулсан юм байна?
-Би Архангай аймагт төрсөн. Гэхдээ нэг настайдаа гэр бүлээрээ хот руу шилжин ирсэн юм. Хүмүүсийн хэлж заншсанаар Ханын материалд бага насаа өнгөрүүлсэн дээ.
–Бага насныхаа дурсамжаас сөхвөл?
-Хүүхэд байсан болохоор хөгжмийн хичээлээ нэг их давтдаггүй байлаа. Нэг удаа хувцасны шүүгээнд морин хийлээ хийчихсэн юм. Гэтэл манайхан мэдэлгүй дээрээс нь хувцсаа чихчихэж. Тэгсэн орой нь хөгжмөө гаргаж ирээд үзтэл эвдэрчихсэн байхгүй яахав. Ээж тэрийг хараад “Миний охины хөгжим эвдэрчихэж” гээд миний өмнөөс уйлж билээ. Би эвдэрсэн хөгжмөө хараад уйлах нь битгий хэл инээд ч хүрэх шиг болж байсан. Энэ тухай хааяа ээж ярьдаг юм. Ээжийнхээ нулимстай нүдийг хараад ахин хөгжмөө тэгж хамаагүй орхиогүй.
–Морин хийл тоглохын хажуугаар нэлээд чадварлаг төгөлдөр хуур тоглодог гэж сонссон юм байна?
-Миний мэргэжил бол морин хийлч. Мэргэжлээ улам бататгахын тулд л хором бүрийг бага гэлтгүй морин хийлээ давтаж өнгөрөөдөг. Хажуугаар нь төгөлдөр хуур тоглодог. Гэхдээ тийм сайн төгөлдөр хуурч биш ээ.
-“Виолончель“ хөгжмийнхөө тухай ярихгүй юу. Яагаад заавал энэ хөгжим гэж?
-“Виолончель” хөгжим маань утсан хөгжмийн төрөл дундаа дунд зэрэгт нь ордог. Дөрвөн утастай, сууж тоглодог, дулаахан тембртэй, их тэсвэр хатуужил, хөдөлмөр шаарддаг. Тэр утгаараа бусад хөгжмөөс онцгой дуугаралттай хөгжим. Ер нь хүний сонирхож буй зүйл бусад зүйлээс өөрт нь хавь илүү санагдаад л сонгодог. Би бусад хөгжмөөс давуу зүйлийг нь олж мэдэрсэн болохоор энэ хөгжмөөр хичээллэж эхэлсэн.
–Анх ээж тань Хөгжим, бүжгийн сургуульд хөтөлж ирэхэд л шууд энэ хөгжмийг эргэлзээгүй сонгосон хэрэг үү?
-Ээж л хөгжмийн ангид оруулсан. Би ч эхэндээ жаахан дургүй байсан. Дасаж дурлана гэдэг шиг яваандаа хөгжимдөө өөрийн мэдэлгүй татагдаж ганц хором дэргэдээсээ холдуулахад ганцаардах шиг болдог байлаа. Одоо бол хөгжимгүйгээр намайг төсөөлөх аргагүй болсон. Би өөрийгөө их азтай хүн гэж боддог. Ийм сайхан хөгжмийн мэргэжил эзэмшиж, гадаадад Монголынхоо нэрийг жаахан ч гэсэн гаргаж яваа минь аз юм.
–Манайд тэр бүр морин хийл тоглож харагдахгүй юм. Боловсон хүчин дутмаг байдаг юм болов уу?
-Хөгжим, бүжгийн коллежид морин хийл заадаг гурван мэргэжлийн багш байгаа. Хөгжим, бүжгийн сургуулийг анх байгуулагдахад л зааж эхэлсэн юм билээ. Цаг нь болохоор олон хүн тоглох байлгүй дээ.
–Тэр цаг нь хэзээ гэж?
-Монголчууд урлагийг арай өөрөөр хардаг болсон тэр мөчийг л хэлж байна.
–Таныг “Техас“-д морин хийлийн чиглэлээр суралцах гэж байгаа гэж дуулсан?
-Ирэх намраас Техас мужийн Даллас хотын “Southern Methodist University”-д суралцах гэж байгаа. Өмнө нь хоёр жил Сант-Льюс хотод амьдарч байсан юм. Тэр хугацаандаа “Вевестр” гэдэг хөгжмийн сургуульд Кен Колуса багшаар “Виолончель” хөгжмийн хичээл заалгаж байлаа.
–Кен Колуса багштайгаа хэрхэн холбогдож эрх чөлөөний орныг зорих болсон бэ?
-2010 онд намайг Хөгжим, бүжгийн коллежийг төгсөх жил манай оронд Японы алдарт хийлч Милоре Готе утсан хөгжмийн хамтлагтайгаа тоглолтоо хийхээр ирсэн юм. Тус хамтлагийнхан Японы Элчин сайдын хамтаар 23 дугаар сургууль, хүүхдийн цэцэрлэгүүдээр очиж тоглосон. Уг тоглолтод нь би оролцож таарсан юм. Тэнд анх Америкийн морин хийлч Пэтр Майрстай танилцлаа. Тэр хүн миний тоглохыг харчихаад өөрт нь сайхан санагдсанаа хэлсэн. “Америкт очиж аав ээжтэй нь хамт амьдрангаа, өөрийнх нь хуучин багшаар хичээл заалгавал ямар вэ” гэсэн хүсэлт тавьсан нь Америкт очиж суралцах эхлэл болсон хэрэг.
–Сургалтын төлбөрөөс эхлээд зардал ихээхэн гарах байх даа?
-Энэ жил нэлээн хэдэн сургууль руу хүсэлтээ явуулсан. Зарим сургууль дээр нь очиж тоглох ур чадвараа үзүүлж ч байлаа. Тэгээд энэ намраас “Southern Methodist University”-д хоёр жил тэтгэлгээр суралцах болсон юм л даа.
-“Виолончель“ хөгжмийг Монголдоо хөгжүүлэх нь таны нэгэн том зорилго мөн үү?
-Тэгэлгүй яахав. “Виолончель”-ийг Монголдоо хөгжүүлэхийг хүсдэг. Миний одоогийн тоглолт маань ч энэ зорилгоос гажаагүй. Энэ хөгжмөөрөө эрдмийн зэрэг хамгаалахыг ч хүсдэг. Бүр бага байхаасаа л гоцлол хөгжимчин болохыг мөрөөдөж ирсэн. Мөрөөдөл минь биелэх мөч тун удахгүй гэдэгт ч итгэдэг. Гоцлол хөгжимчин болох томоохон гараагаа энэхүү тоглолтоороо эхлүүлсэн гэж бодож байна.
–Арав гаруй жил тоглосон хэдий ч гоцлол хөгжимчин болох болоогүй юу?
-Хэдийгээр энэ хөгжмөөр 14 жил хичээллэсэн ч гэсэн одоо хүртэл сурах юм их байна. Мэдэхгүй юм олон байгаа болохоор ингэж ярьж болохгүй. Насаараа суралцдаг учраас л сонгодог хөгжим гэж нэрлээд байгаа юм. Түүнээс биш морин хуур зэрэг үндэсний хөгжим бол тоглоход өөр л дөө.
–Морин хуурыг Монголын сонгодог хөгжим гэхэд хүн бүр дуу нэгтэй гараа өргөнө. Дэлхий даяараа морин хуурыг шагшин гайхдаг. Гэтэл сонгодог нэрийн дор хүмүүс үндэсний томоохон соёлоо үгүйсгэх гээд байдаг?
-Морин хуур бол Монголын үндэсний хөгжим. Сонгодог биш. Сонгодог гэдэг тэр дэлхий нийтийн үнэлэмжинд таарахгүй. Морин хуур мэт үндэсний хөгжмөөр хэд тоглоод л уйдчихна. Тэгээд ч хэдхэн зохиолтой. Харин сонгодог хөгжим бол хэзээ ч үнэ цэнээ алдахгүй. Тийм болохоор морин хуурыг сонгодог хөгжимтэй зүйрлэж болохгүй л дээ.
Би морин хуурыг үгүйсгэх гэсэнгүй. Онцлогийг нь гаргаж хэлэх гэсэн юм. Морин хуур бол монголчууд л тоглодог хөгжим. Морин хийлээр дэлхий нийтээрээ тоглодог, тоглохгүй юм аа гэхэд дэлхий даяараа мэддэг. Үүнд гол ялгаа нь байгаа. Үндэсний хөгжим, сонгодог хөгжмийн зааг энэ л юм.
–Таны тоглох дуртай ямар зохиол байдаг вэ?
-Би морин хийл хөгжимд зориулж бичсэн бүх зохиолуудад дуртай. Бүгдээрээ л өөр өөрийн гэсэн онцлогтой өвөрмөц сайхан зохиолууд байдаг.
–Монголынхоо хөгжмийн зохиолчдын бүтээлээс гадныханд тоглож байв уу?
-Хөгжмийн зохиолч З.Хангал агсны “Скерцо” гээд морин хийлд зориулж бичсэн бүтээл байдаг. Уг зохиолыг анх АНУ-д тоглосон. Хүмүүс сонсоод тембр, ритм нь яг морь давхиж байгаа юм шиг, монгол үндэсний онцлог шингэсэн бүтээл байна гэж байсан.
–Морин хийлийг худалддаг дэлгүүр олон байдаг уу. Үнэ хөлс нь ямар байдаг болюм бэ?
-Хөгжмийн мастер Д.Төвшинтөр ах Италид хөгжим урлаачийн сургуульд суралцаж ирсэн юм байна лээ. Би тэр хүнээр одоо энэ тоглож байгаа морин хийлийг хийлгэсэн. Гадны үнэтэй хөгжимнөөс дутаад байхааргүй болсон. Сайн ч дуугарч байгаа. Үнийн хувьд одоо 5-6 сая төгрөгөөр худалдаж байгаа.
–Хөгжимчин болсны хувьд аз жаргал ямар мөчид илүү мэдрэгддэг вэ?
-Тайзан дээр морин хийлээ тоглож байхад дэндүү аз жаргалтай байдаг. Хүн болгон ганцхан намайг тоглож байгааг хардаг болохоор тэдгээр хүмүүсийн тэр сайхан энерги надад шингэдэг гэж боддог.
Э.ЭНХБОЛД
Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН /dailynews.mn/