“Боловсрол суваг” телевиз”, “Бюро 24/7” дижитал сэтгүүлийн уран бүтээлчдийн хамтран зохион байгуулсан Монголын загварын ертөнцөд цоо шинэ дүр төрх бий болгох зорилготой “Mongolia’s next top model” шоу нэвтрүүлгийн эцсийн шалгаруулалт өчигдөр болж, шилдгүүдийг тодрууллаа.
Энэхүү шоуны эцсийн шалгаруулалтад Ю.Балжидмаа, Б.Цэрэндолгор, Т.Номин-Эрдэнэ нарын шилдэг оролцогч үлдээд байсан юм. Ингээд шүүгчид болон үзэгчдийн санал асуулгаар Б.Цэрэндолгор 67 оноогоор тэргүүлэн ялагчаар тодорлоо.
Тэрбээр “Ач” анагаах ухааны их сургуульд шүдний эмч мэргэжлээр суралцдаг бөгөөд үндэсний оператор “Жи-Мобайл” компанийн нүүр царайгаар нэг жилийн хугацаатай ажиллах, 20 сая төгрөгийн мөнгөн шагнал, Парис хотоор аялах, Сингапур улсын “Looque” загварын агентлагтай хоёр жилийн хугацаатай гэрээ байгуулан ажиллах эрхээр шагнуулав.
Харин Ю.Балжидмаа 48 оноогоор хоёрдугаар байрт, Т.Номин-Эрдэнэ 39 оноогоор гуравдугаарт байрт тус тус шалгарлаа.