Хэдэн жилийн дараа аавынх нь худалдаж авсан өөрийнхөө анхны бүтээлүүд болох тэдгээр цамцнуудыг амбаар доторх аавынхаа бор авдарнаас олохдоо, ямар их ухаан дунд ямар их хайран дунд өссөнөө мэдэрч зүрхэндээ МЭГШЛЭЭ..
Хөлсөндөө норсон бор гартаа Пүүжээ 25000 мянган төгрөг чангаас чанга атгачихсан явна. Энэ мөнгө бол анх удаагаа өөрийн хүч хөдөлмөрөөр олсон, эрх дураараа үрж болох их хэмжээний мөнгө. Зарим нэгэн хүний хувьд 25000 төгрөг гэдэг үдийн хоолны мөнгө ч Пүүжээгийн хувьд барьж үзээгүй их мөнгө.
Арван дөрөвхөн хоногийн өмнө Пүүжээгийн амьдрал далайн дунд орших сэлүүргүй завь шиг хаашаа явах нь тодорхойгүй, төлөвлөгөө үгүй, чиглэл ч үгүй байлаа. Магадгүй тэр ээжтэй байсан бол сэлүүргүй завины тухай яриа энд гарахгүй ч байсан байж мэднэ. Өсвөр насны охинд тохиолддог сэтгэл зүйн болон бие мах бодийн өөрчлөлтийг ээжгүйгээр, өөрөөсөө өөр хэний ч тусламжгүйгээр туулж яваа нэгэн. Бүх зүйл сайхан байсан ч ээжгүй байна гэдэг бол түмэн зовлонгийн нэр.
Тэрээр эрхэлж өсөөгүй хүүхдийн зүрх сэтгэл хатуу байдаг гэсэн үгийг хэн нэгэнтэй ам мурийхдаа хэлүүлчихээд хэзээ ч гомдож байгаагүйгээрээ гомдон уйлж билээ. Хэдийгээр тэр бусад охид шиг уяхан туяхан биш ч өөрийгөө хорон муу санаагүй, цэвэр ариун сэтгэл зүрхтэй гэдгээ мэдэрдэг. Түүний аав нэгэн албан байгуулагад жолооч хийж амьдралаа залгуулна. Эрэгтэй хүн гэдэг жижиг сажиг асуудалд анхаараад байдаггүй бүдүүн баргийн хүмүүс. Пүүжээгийн аав бүүр ч дуугүй, хээ шаагүй гүндүүгүй нэгэн. Ганц охиноо хоосон хонуулахгүй, шалдан явуулахгүй л бол боллоо гэж боддог мэт. Охиныхоо зүрх сэтгэл, хүсэл мөрөөдөл, сонирхол, амьдралын элдэв зүйлийн талаар ярилцаж суух нь ховор. Гэсэн ч бусдын хүүхдээс охиноо дутаахгүй гэж цалингийн зээл авч, ганц үрээ их сургуульд цэцэрлэгийн багшийн ангид элсүүлж амжжээ.
Угийн дуугүй бүрэг зожиг түүнд их сургуулийн илэн далангүй, эрх чөлөөтэй, нийтлэг амьдрал огт таалагдсангүй. Аавдаа цай чанаж өгч, ажилд нь үдчихээд жижиг бор гэртээ хаан шиг ханхайн өөрийн дураар хийх зүйлээ хийж амьдрах нь түүнд илүү санагдана.
Аав нь сүүлдээ охиныхоо ирээдүйд санаа тавьж ажлаасаа ирэх болгондоо л энд тийм ажил байна лээ, тэнд тийм ажил байна гэнэ гэсээр ирнэ. Пүүжээ оролдож үзнэ. Гэвч үргэлж бүтэлгүйтэж урьдын адил гэртээ сууна. Аливаа зүйл өөрчлөгддөг гэсэн ч Пүүжээгийн бүтэлгүйтэл өөрчлөгдөхгүй хэвээр. Өдий хорин нас хүрчихээд аавыгаа аваад явах байтлаа ааваараа тэжээлгээд гэрт хэвтэж байдаг арилчихсан дотортой урагшгүй амьтан, залуу хүний эрч хүч байхгүй унжийсан унхиагүй тэнэг амьтан гэж хамаатных нь хүмүүс муулах нь хэвийн зүйл болов.
Нэгэн өдөр Пүүжээ аавтайгаа урьдын адил нам гүмхэн орчинд хооллож байлаа.
-Ингэхэд миний охины хүсэл мөрөөдөл юу вэ гэж хэзээ ч асууж байгаагүй тэр л асуултыг аав нь асуув
-Мэдэхгүй ээ. Гэхдээ надад авьяас байсан бол би дизайнер болох байсан. Өөрийнхөө бодож санасан бүх загвараа өөрөө оёж, өөрөө санааг нь гаргаад л… Би хуучин хувцаснуудаа хасч эвдэж, элдэв янзын хэлбэр галбирт оруулахдаа хэзээ ч залхаж байгаагүй. Тиймээс миний хамгийн дуртай бөгөөд аз жаргал өгдөг ажил бол юм оёх гэв.
Аав нь энэ тухай их л нухацтай лавлаж аваад цалингаа буунгуут охиндоо өнгө өнгийн даавуу, утастай авчраад гадаа амбаарт хэвтэх эмээгийнх нь оёдлын машиныг оруулж өгөөд,
-Миний охин үзээд алд. Чи чадна даа. Хиймээр санагдах бүх зүйлээ хийгээд л үз. Тэгж байж чи амжилтанд хүрнэ гэх нь тэр.
Аав нь түүний төлөө их зүйлийг хийсэн, гэхдээ ингэж их хайрлаж, яаж их санаа зовдгийг Пүүжээ тэгэхэд л ухаарч золтой л уйлчихсангүй. Арай ядан “Баярлалаа, аав аа” гэж хэлж амжив.
Сэлүүргүй завь чиглэлээ олчихсон ч байж мэднэ.
Аавынхаа сэтгэл, итгэл, найдвар шингэсэн тэр л өнгө өнгийн даавуугаар сул загвартай хоёр талдаа хуниастай таван ширхэг цамцыг шөнө хугаслан оёж дуусгав.
Маргааш нь Пүүжээ таван цамцаа таньдаг эгчийнхээ лангуун дээр аваачиж нэгийг нь 5000 төгрөгөөр үнэлэн тавилаа.
Гурав хоног өнгөрлөө. Зарагдаагүй л байлаа. Арав хоног өнгөрлөө, нэг ч цамц зарагдсангүй.
Аав нь энэ бүхний тухай асуухад:
-Уучлаарай аав аа, би уг нь хичээсэн юм. Даанч чадсангүй. Би авьяасгүй юм байна, амжилт олохгүй бололтой. Таны мөнгийг шал дэмий юманд үрчихлээ гэснээс өөр юу ч хэлсэнгүй.
Нөгөөдөр өглөө нь Пүүжээгийн утсанд бүх цамц чинь зарагдсан, ирж мөнгөө аваарай гэсэн мессэж ирэв. Пүүжээ тэр дор нь аавруугаа залгаж, миний бүх цамц зарагдсан байна гэж их л баяртайгаар хэлэв.
-Сайн байна миний охин. Аав нь хэлээ биз дээ. Миний охин чаднаа гэж. Одоо ингээд л хичээгээд байдаг юм шүү дээ, үр минь гэв.
Ингэж л Пүүжээ хүсэл мөрөөдлөө олж, хамаатнуудынхаа амыг таглаж, улам илүү хичээхээр 25000 төгрөгөө чангаас чанга атгасаар Нарантуулын зүг алхаж байгаа нь энэ. Цамц хийх материал, улам гоё болгох чимэглэл, аавдаа малгай, өөртөө дуртай шоколадаа аваад гэрийн зүг алхав.
Арван цамц хийсэн нь бас л зарагдав. 15 цамц хийв. Бас л зарагдав. Ингэсээр авъя гэснээ авчихдаг боломжийн амьдралтай болов.
Пүүжээг өөртөө итгэлгүй, ноомой даруухан, зожиг бүрэг нэгэн байсан гэж хэн ч хэлэхээргүй болжээ. Томоос том, бөхөөс бөх сэлүүр атгуулсан хүн бол түүний аав. Ганган дэгжин хувцаслаж, сонин содон загвар зохион бүтээж, нийгэмд байр суурь нь тэгширч, сайн хань, сайхан үрстэй болж, хайртай аавыгаа элбэг дэлбэг амар амгалан байлгасаар нөгөө ертөнц рүү нь үджээ.
Хожим мэдвэл аав нь өөрийнхөө цалингаар эхний тав, дараагийн арван цамцыг худалдан авч охиндоо урам өгчээ. Цамц нь зарагдсанд урамшсан Пүүжээ загвараа сайжруулснаар хүмүүсийн нүдэнд өртөж, жинхэнэ худалдан авагчтай болж, өнөөдрийн амжилтын зам нь нээгджээ. Хэдэн жилийн дараа аавынх нь худалдаж авсан өөрийнхөө анхны бүтээлүүд болох тэдгээр цамцнуудыг амбаар доторх аавынхаа бор авдарнаас олохдоо, ямар их ухаан дунд ямар их хайран дунд өссөнөө мэдэрч зүрхэндээ МЭГШЛЭЭ..
Зохиолч Л.Мөнхчимэгийн “Зүрхэн хэлбэрт үүл” номноос