Контакт линз сонирхож байгаа болон хэрэглэж байгаа хүмүүст зориулав –
Мах шарах, галын наадам хийх үдэшлэгт контакт линзээр гоёж очсон залуу үүрд хараагүй болсон гашуун түүхийн сэрэмжлүүлэг нэг хэсэг онлайн ертөнцөөр түгсэн. Өдгөө контакт линз гэгч хараа муутай иргэдэд түр гоёлын, мөн тайз дэлгэцийн салбарт хүчээ сорьж байгаа урлагийнханд зориулсан түр зуурын нүдний өнгө өөрчлөгч линзүүд зах зээл дээр нийтлэг худалдаалагддаг болжээ. Мэргэжлийн нүдний эмчийн ямар ч хяналтгүйгээр худалдаалагдаж буй эдгээр гоёлын линзүүдэд чанарын баталгаа, буух эзэн, буцах хаяг үнэндээ л байхгүй гэсэн юм.
“Бөмбөгөр” худалдааны төвийн хоёрдугаар корпус, “Сандэй плаза” дэлгүүрийн хоёрдугаар давхар, “Норжин” худалдааны төвийн хоёрдугаар давхар, Авто машины “Өгөөмөр” захын зүүн талын корпус, “Нарантуул” олон улсын худалдааны төв гээд гоёлын линзний худалдаа эрхэлж байгаа лангуу, хувь хүмүүс олноороо байна. Гэтэл гоёлын линз гэдэг зүйл нь дуртай нэгэндээ зарж борлуулдаг, мөн дуртай үедээ дуртай хугацаагаараа зүүж хэрэглэж болдог тоглоом шиг эд ердөө биш аж. Монголд гоёлын линзтэйгээ үдшийн цэнгээний газар орж, шоудаж байгаад тэр чигтээ линзээ мартаад маргааш нь линз нь гарахгүй хараагүй болсон бүсгүйн түүх бий. Энэ бүү хэл бидний сонсч, мэдээгүй олон зүйлүүд хараа гэдэг үнэт, юугаар сольшгүй зүйлийг тань үгүй хийх аюултай байж болох юм. Бусдад гоё харагдахын төлөө өөрийн хамгийн үнэтэй эрхтэнээр тоглоно гэдэг байж боломгүй зүйл юм. Гоёлын линзний үнэ тариф, худалдан авагчдыг судлах зорилгоор захын нэг гэж хэлж болохоор “Бөмбөгөр” худалдааны төвийг зорилоо.
Мэдээж би худалдан авагчийн дүрээр очсон, харин худалдагч өөрөө линзний тухай мэдэгдэхүүнгүй 18-20 орчим насны бүсгүй байх бөгөөд линзээ зарахын тулд төрөл бүрээр рекламдаж байх юм. Түүний линзнүүд солонгос бичигтэй боловч мэдээж Солонгосоос линз оруулж ирэхэд дор хаяж 80 мянган төгрөгийн өртөгтэй байдаг. Харин бүсгүйн зарж байгаа линз мянган төгрөгний үнэтэй, сав, устайгаа нийлвэл 30 мянган төгрөгөөр зарагддаг гэнэ. Түүний худалдан авагчид нь ихэвчлэн доод курсын оюутнууд, үлдсэн нь дандаа ерөнхий боловсролын сургуулийн сурагчид байх аж. Насанд хүрсэн хийгээд 30 орчим насны хүмүүс худалдан авалт хийх нь бараг л үгүй байдаг аж. Тэгэхээр борлуулалт ихтэй байдаг гэх “Бөмбөгөр”-ийн гоо сайхны худалдаа эрхлэх зөвшөөрөлтэй энгийн нэгэн лангуун дээрээс линз худалдаж авсан хүүхдүүд бүгдээрээ өсвөр насныхан болж таарч байгаа юм.
Үүнд эцэг, эхийн хараа хяналт, хүүхдүүд нь гоёх гэж ирээдүйгээ баллах гэж байж болзошгүйг анхаарах хэрэгтэй. Линзийг зөвхөн охид зүүдэг юм биш, хөвгүүд ч маш ихээр худалдан авалт хийдэг байна. Эдүгээ лангуунууд дээр борлуулагдаж байгаа гоёлын линзүүд бүгдээрээ Хятадаас орж ирсэн бөгөөд наймаачид Мэргэжлийн хяналтаар шалгуулаагүй, гар цүнхэндээ юм уу барааныхаа завсраар хийж хилээр нэвтрүүлдэг байна. Тэгэхээр чанарын шаардлага хангасан, үгүй нь мэдэгдэхгүй, өөрөөр хэлбэл ямар ч баталгаагүй гэсэн үг юм. Охид, хөвгүүд маань ямар хүмүүс гоёлын линз хэрэглэж болохгүй, ирээдүйд ямар үр дагавар гардагийг тэр бүр сайн мэдэхгүй биз ээ.
Жишээ нь, хүнд хэлбэрийн нүдний хуурайшилтай, салст бүрхэвчийн даамжирсан үрэвсэлтэй, нүдний харшилтай, хэт мэдрэмтгий зовхитой, чихрийн шижин өвчтэй, хүчтэй эм тариа хэрэглэдэг, хар тамхи, архины донтой, тамхи байнга татдаг, сэтгэл мэдрэлийн өвчтэй гэх зэрэг 10 гаруй төрлийн хориглох зүйл, заалтууд олон улсын хэмжээнд зөвхөн гоёлын болон харааны линз гэдэг зүйл дээр мөрдөгддөг. Мөн тоостой болон хүчиллэг ууртай орчин, маш хуурай орчинд ажилладаг хүмүүс гоёлын линзийг ажлын байран дээрээ хэзээ ч хэрэглэж болохгүй. Гоёлын болон контакт линзийг энгийн хараатай хүн гоёлын журмаар удаан хэрэглэвэл хоёр нүдэнд өөр өөр төрлийн өөрчлөлтүүд ордог аж.
Энэ нь линзнээс бус түүнийг буруу хэрэглэснээс болдог байна. Линз гэдэг нь яг л нялх хүүхэд шиг өглөө орой бүр удаан цагаар арчлах, цэвэрлэх ёстой зүйл гэдгийг манайхан мартаж орхидгоосоо болж зөвхөн линзээр овоглосон нүдний эмнэлгийг зорих залуусын тоо ихэсчээ. Эцэст нь хэлэхэд компьютер дээр суухад 10 минут линзтэй байлаа ч таны нүд маш их хуурайшдаг, сүүлдээ нүдний архаг хуурайшил ийм хүчин зүйлээс болж үүсдэг байна. Иймд энгийн нэгэн худалдааны төвд нүдний эрүүл мэндийн ямар ч мэдэгдэхүүнгүй линз зарж борлуулж байгаа хүмүүсээс эргээд буух эзэнгүй, хяналтаар баталгаажуулаагүй линз худалдаж авахгүй байхыг анхааруулъя. Нүдний эмчийн хяналт доор линзийг хэрэглэж, мөн зааврын дагуу чанартай гоёлын линзээр гоёж гангарч, арчилгааг нь зөв хийх ёстой гэдгийг бүү мартаарай.
С.Арилдий (www.wikimon.mn)