Эрт үеэс тагтааг эв нэгдэл, энх тайван, ариун бүхний бэлгэдэл болгосоор ирсэн билээ. Дундад зууны үед тагтааг алах нь гэмт хэргийн тоонд ордог байжээ. Нас барсан хүний сүнс тагтаанд шилждэг гэж үздэг байсан байна. Эрт цагаас тагтаатай холбоотой мухар сүсэг байсаар өнөөг хүрчээ.
Тагтаа бол шууданчийн үүрэг гүйцэтгэдэг шувуу. Тэнгэр газрыг холбодог дамжуулагч. Бурхны хайртай шувуу. “Тагтаа шиг дөлгөөн, номхон бай” хэмээн бурхан хүмүүст хандан хэлсэн гэдэг.
Хэрэв танд ямар нэгэн нандин хүсэл байвал тагтаа барьж аваад хушуунд нь хүслээ шивнээд тэнгэрт хөөргө. Таны хүсэл заавал биелэх учиртай гэнэ. Хүслийг тань тэнгэрт илгээхээс хүчтэй зүйл гэж үгүй. Тагтааг золиосонд өргөдөг. Мөн энэ шувууг төрөл бүрийн ид шидийн зан үйлд, тэр дундаа хараал жатгад ашигладаг байжээ. Үүнд тагтааны цусыг ашиглана. Тагтаанд цөс байдаггүй тул эртний эмч домч нар эмчилгээнд хэрэглэдэг байв.
Цагаан тагтаа. Ариун, ёс журамтай байх, урт наслахын билэг дэмбэрлийг агуулна. Гэр бүлийн аз жаргал, хайр сэтгэл, цэвэр нандин бүхний илэрхийлэл.
Цэнхэр тагтаа. Амьдралын эрч хүчийг билэгдэнэ, гэхчилэн өнгө ч мөн ач холбогдолтой.
Байшингийн дээвэр дээр ганцаардсан тагтаа байх нь тааламжгүй явдпыг зөгнөдөг. Харин байшингийн үүдэнд олон тагтаа цуглах нь сайны ёр. Орост өнөө хир цонхоор тагтаа нисэн орж ирэхийг ойр дотны хүний үхэл хагацалтай эсхүл гай зовлонтой холбон тайлбарладаг байна. Ийм муу зөн совинг хэрэгжүүлэхгүйн тулд энэ тохиолдолд тагтааг цадтал хооллодог байжээ. Тэгэхдээ “Тагтаа цонхоор хоол гуйн иржээ. Мэдээ хүргэгч тагтаа аз жаргал дуудав” гэх маягаар муу юмыг саармагжуулж, Бурханаас ивээл ерөөл гуйдаг байна.
Сэтгэлзүйчид бие таагүй үедээ тагтаанууд дээр очих хэрэгтэй гэж зөвлөдөг. Тагтаа хүний ядаргаар тайлж, толгойн өвчнийг анагааж, юунаас ч илүү тайвшруулдаг гэнэ. Ингэснээр сэтгэл санаа тань өөдрөг болох аж. Үл ойлголцдог, хэрүүл уруултай байдаг гэр бүлд хос тагтаа байвал тун сайн. Ер нь аливаа юманд билэг дэмбэрэл, утга учир гэж нэг зүйл бий.
Мөн айл гэрийн гал голомт, сайн сайхан байлгах бас нэг билэг дэмбэрлийн шувуу бол тахиа юм. Тахиа жилд төрсөн хүмүүс ихэнхдээ эрч хүчтэй, зорьсноосоо ухардаггүй, ажилсаг, дайчин, шударга зан чанартай байх нь бий. Сул тал нь гэвэл бусдын үгийг сонсдоггүй, зөрүүд, өөрийгөө л тэргүүнд тавьдаг, анхааралгүй, бодлогогүй байдлаар хүнийг гомдоодог гэхчилэн таагүй авир ч байна. Тэгвэл гэрт тахиа байх нь ямар ач холбогдолтой вэ?
Гэрийн үүдэнд тахиа байрлуулвал гэр тань хэзээ ч шатахгүй, гал усны аюулдорохгүй. Мөн тахиа байх нь зарга заальхайг дийлэх, гэрт хулгай орохоос сэргийлдэг. Заавал дэлгүүрт байх өндөр үнэтэй тахиа ч авах албагүй. Зурмал тахиа байж болно. Гол нь тахиа нь тод, гоё өнгөтэй байх нь чухал. Тахиа гэрт байх нь гэр бүлийн гишүүдийг сэргэг, эртэч, хөдөлмөрч болоход тустай. Зүүдэнд хар тахиа үзвэл үхлийг ёрлоно гэдэг. Тахиа зодолдож байгаагаар зүүдэлвэл амжилт ирнэ. Тахианы өндөг зүүдлэх нь сугалаанд хожих, өв залгамжлах зэргээр гэнэт баяжихын дохио гэнэ. Бид өөрсдөө л анзаардаггүй болохоос биш далдын хүч эргэн тойронд маань хангалттай байдаг.
Ю.Энх