Зарим хүн амьдралынхаа зорилгыг, хүрэх ёстой цэгээ аль хэдийн тодорхойлчихсон байдаг. Харин зарим нь ирээдүйд яг юу хийх, ямар чиглэлээр суралцахаа өрөөл бусдаас асууж явсаар цаг их алддаг. Тэдний зарим нь хэн нэгнийг дуурайж хэл сурна, хаа нэгтээ тэтгэлэгт хөтөлбөр олдвол явж суралцана гэдэг. Гэтэл юм үзэж, нүд тайлсан, боловсрол мэдлэгээ өөрийн болгож чадсан хүмүүс огт өөр зүйлийг ярьж байна. Тэд “Боломжийг бүү алд”, “Сурсан, мэдсэн бүхэн зорилготой байх ёстой” гэсэн зарчмыг баримталдаг аж. Хэрэв та ч гэсэн тэдний нэг бол, сурч боловсрох хүсэлтэй ч өртөг зардлыг нь дийлэхгүй нь гээд хойш тавьсаар байгаа бол бид танд дараах боломжийг дуулгаж байна. Та Малайзын боловсролыг сонирхоод үзээрэй.
ИХ, ДЭЭД СУРГУУЛЬ НЬ ЖИЛД 3-4 УДАА ЭЛСЭЛТ АВДАГ
Малайз улсын амьжиргааны өртөг зардал Монголтой бараг адилхан. Тиймээс их, дээд сургуульд суралцахад бүх үүд хаалга нээлттэй гэсэн үг. Тэгэхдээ боловсролын тогтолцоо нь манайхаас жаахан өөр. Манай улс жилд нэг удаа буюу есдүгээр сард их, дээд сургуулиуд цуглардаг бол Малайзын ихэнх сургуулийн элсэлт нэг, тав, есдүгээр сард болдог. Зарим сургуулийн элсэлт хоёр, зургаа, арваннэгдүгээр сард болдог. Өөрөөр хэлбэл, жилд 3-4 удаагийн элсэлт авдаг гэсэн үг. Тиймээс Малайз, Сингапурт суралцахыг хүсвэл сургуулиа зөв сонгох нь чухал юм.
Шалгалтын тухайд ч бас харилцан адилгүй. Мэргэжлийн ангийн болон англи хэлний ангийн элсэлт хоорондоо өөр. Их, дээд сургууль болгон хэлний бэлтгэлтэй. Ойролцоогоор 600 гаруй мэргэжлийн боловсон хүчин бэлтгэдэг. Ийм учраас тухайн хүүхэд ямар сургууль сонгосноос хамаарч элсэлтийн талаарх мэдээлэл илүү тодорхой болно. Ихэнх сургуулийн элсэлт нэг, тав, есдүгээр сард байдаг учраас хэлний болоод мэргэжлийн ангийн элсэлтэд бүртгүүлж болно. Хамгийн гол нь тухайн сургуулийг сонгосноор тэр сургуулийн тухай мэдээлэл нарийвчлагддаг. Өөрөөр хэлбэл, суралцах гэж буй сургуулиас чинь шалтгаалан сургалтын төлбөр болон оюутны байранд төлөх сарын төлбөр зэрэг нь тодорхой болно. Тиймээс сургуулиа зөв сонгох нь гадаадын оюутнуудад эрсдэл багатай тусдаг аж.
“Сургалтын системийн хувьд маш чанга, хатуу учраас оюутнууд сурах зорилгыг өмнөө тавих хэрэгтэй. Малайзын боловсролын байгууллагууд ч ийм шаардлагыг их чухалчилдаг. Зөвхөн мөрдлөгө болгох хүнд л виз гаргадаг” гэдгийг тэнд суралцаад ирсэн оюутнууд хэлж байна.
МАТЕРИАЛАА ЭРТХЭН ӨГВӨЛ ДОТУУР БАЙРНЫ ЗАХИАЛГАД ОРНО
Хэрэв та суралцах сургуулиа сонгочихсон бол тухайн сургуулийн элсэлт яг хэдэн сарын хэдэнд болох вэ гэдгийг мэдэж болно. Ингэснээр 1-2 сарын өмнө холбогдох байгууллагад материалаа хүргэж өгөх шаардлагатай. Ингэснээр тухайн сургуулийн урилга авах, виз хүсэх албан ёсны ажил ямар нэгэн саадгүй үргэлжилдэг. Дээрээс нь их, дээд сургуулийн оюутны байрны захиалгад орох эрхтэй болдог. Энэ гурван үйл явц 1-2 сарын дотор үргэлжилдэг гэсэн үг. Ингэж байж Малайз улсын өөрийнх нь хууль тогтоомжийн дагуу монгол оюутан тэнд сурч, ажиллаж амьдрах эрхтэй болдог. Энэ гурван эрхээ аваад хил дээр очиход ямар нэг асуудалгүй, шууд сургуульдаа очоод бүртгүүлэхэд бэлэн болсон байдаг гэсэн. “Бүртгэлд хамрагдахад насны хязгаар тавьдаггүй Гадаад паспорт, цээж зураг, бүрэн дунд болон их, дээд сургууль төгссөн гэрчилгээ, диплом авчрахад хангалттай. Харин сургуулиасаа хамаарч цээж зурагны хэмжээ өөр байдаг” гэдгийг холбогдох албаны хүмүүс хэлж байсан.
МАЛАЙЗ УЛС ДЭЛХИЙН ТОП СУРГУУЛИУДЫН ЗЭРЭГ ӨГДӨГ
Одоогоос хэдэн жилийн өмнө Англи, Америкт сураад ирсэн хүмүүс жинхэнэ брэнд боловсролыг эзэмшсэн гэж ярьдаг байсан. Тэгвэл одоо эцэг эхчүүд, хүүхэд залуус юмны наад цаад учрыг ялгаж салгаж хардаг болж. Малайз, Сингапурын боловсролын систем нь Монголын хүүхэд залуучуудад их уян хатан ханддаг гэдгийг мэддэг болсон байна. Малайзын их, дээд сургуулиудын бас нэгэн давуу тал гэвэл дэлхийн топ сургуулиудын зэрэг өгдөг онцлогтой.
Манай улсад их, дээд сургуулийн боловсрол эзэмшъе гэвэл дөрвөн жил шаардагдана. Малайзад мэргэжилтэй боловсон хүчин болъё гэвэл мөн л энэ жишгийг дагах нь. Өөрөөр хэлбэл, манайхтай яг адилхан гэсэн үг. Дэлхий нийтийн стандарт бол дипломын зэрэг хоёроос гурван жил, бакалаврын зэрэг дөрвөн жил, мастерынх нэг жил байдаг. Яг түүнтэй адилхан. Гэхдээ оюутан бакалаврт сурч байна уу мастерт сурч байна уу гэдгээс шалтгаалж, оюутан хүсвэл хичээлээ нэмж сонгож аваад төлбөрөө төлчихвөл заавал дөрвөн жил гэхгүйгээр гурван жил сурч болох юм байна.
СУРГАЛТЫН ТӨЛБӨРТ ЖИЛД ДУНДАЖААР 8-10 МЯНГАН АМ.ДОЛЛАР
Малайзын их, дээд сургуульд сурахад нэг монгол оюутан жилд дунджаар 8-10 мянган ам.доллар зарцуулна. Энэ нь Малайзад очоод танай хүүхдэд шаардагдах бүх төлбөр гэж ойлгож болно. Энэ мөнгөнд дөрвөн төрлийн мөнгө багтдаг. Сургууль болгон дээр нэг удаагийн төлөх төлбөр гэж байдаг. Байр, сургалт, хоол энэ гурван төлбөрийг төлнө. 8-10 мянган ам.доллар жилдээ төлнө. Тэгэхдээ хичээлийн улирал тутамд буюу гурав хуваагаад төлж болдог юм байна. Учир нь, гадаадын оюутанд уян хатан ханддаг гэдэг нь энэ. Нэг жилдээ гурван хичээлийн улиралтай. Сургалт, байрны төлбөрөө улирал улирлаар хуваагаад төлчихдөг учраас амьдрахад боломжийн юм байна.
ЭХ СУРВАЛЖ: ЗУУНЫ МЭДЭЭ СОНИН