Монголчууд өөрсдийгөө аль хэдийнээ “Ядуу” гээд тодорхойлчихсон. Хандив тусламж эрж дэлхийгээр тэнүүлчилдэг нь бараг л хэвийн үзэгдэл болсон. Хаа ч явсан буцалтгүй тусламж, хандив, хөнгөлөлттэй зээл ярьж түүнийгээ бүтээж чадвал сая нэг санаа нь амарч “Ялсан баатар” шиг авирладаг нь манай төрийн томчуудын хувьд байдаг л нэг үзэгдэл болсон. Нэг л их гавъяа байгуулсан юм шиг ийм хандивт гарын үсэг зурлаа гээд л телевизийн суваг болгоноор ярьж, сонины нүүр дүүрэн ярилцлага өгөөд л…
Манай улс “Ядуу, ядуу, туйлын ядуу” л гээд яриад байна. Харин гадныхан манай орныг баян баялагтайг нь гайхаж янз бүрийн аргаар эх орон луу минь шургалсаар л байна.
Байгалийн баялагтай том том ордуудыг маань гадны улсууд хамтран эзэмшинэ, эрэл хайгуул хийнэ гэх мэтээр довтолсоор байгааг хэн хүнгүй ярьж байдаг.
Харин “Ядуу” Монголын “Баян” охид хотын гудамжаар үнэтэй ганган машин хөлөглөж, орой үдэш нь тансаг зэрэглэлийн баар ресторанд дарс шимж, янжуур зууж суух дүр зураг цөөнгүй харагдах болсоор удаж байна.
Хорь гаран насны хоёр бүсгүйн ярилцахыг би санаандгүй сонсчихлоо.
-Өчигдөр Баагийтай гадуур явсан чинь шаал гурай юмаа, Тэнгис орж кино үзье ч гэх шиг, харин Доржоо бол тэс өөр залуу. Миний төрсөн өдрөөр шуба бэлэглэсэн, хоншоортой залуудаа, даанч хөгшин, бас эхнэртэй.
-Чи Баагийтай үерхдэг биз дээ?
-Тиймээ!Баагийтай байх надад хөгжилтэй сайхан байдаг. Харин Доржоотой байхад тансаг, юу хүссэнээ авч болно, гэхдээ уйтгартай. Баагийгийн сэтгэл нь сайхан, Доржоогийн хаялага нь сайхан, ингээд л яг таараад байдаг юм даа.
-Чи чинь яасан “аймаар” охин бэ? Яаж чаддаг байна аа, хоёр хүнтэй зэрэг үерхэж?
-Чадаж ядаад байх юу байна аа, ямар тэнэг хүн биш.
-Хэн нэгэнд нь баригдвал яана аа?
-Тийм юм болохгүй ээ. Би өөрөө зохицуулна шүү дээ.
-Чи Баагийтай суух уу?
-Үгүй дээ. Тийм ядуу хүнтэй сууж зовж үхэхээ больё чи минь.
-Тэгээд яах гэж үерхдэг юм бэ? Чи тэрэнд хайргүй юмуу?
-Хайраа? Хайр гэж юу юм бэ, юу ч үгүй хоосон хайраар юу хийх юм бэ? Надад бол юугаар ч дутаахгүй юу хүссэнээ авч чадах мөнгөтэй хүн л чухал.
Охидын ийн ярилцахыг сонсож суухад олон юм бодогдлоо. Амьдралд дөнгөж хөл тавьж байгаа залуухан Монгол бүсгүй ийм бодолтой байгаа нь дэндүү харамсалтай. Үүнд хэнийг, юуг буруутгах вэ?
Юугаар ч дутахгүй хангалуун амьдрахыг хүссэн охиныг уу?, аливааг эргэцүүлэх ухаангүй болгон хүмүүжүүлсэн эцэг эхийг нь үү?, аль эсвэл хөл толгой нь ялгагдахаа байсан нийгмийг үү?
Би хэнийг нь ч юуг ч буруутгахыг хүссэнгүй ээ. Уншигч та ч бас бодоод нэг үзээрэй. Эхнэртэй баян эрчүүдтэй “явалдаж” тансаг амьдардаг охидын жишээ үүнээс ч олныг дурьдаж болохоор байна.
Эдгээр охидыг “биеэ үнэлэгч” гэхүү?
Монголын минь охидын ухаан ийм тачирхан богинохон болчихсон гэж үү? Өөрийн эрхгүй сэтгэл өвдөж, дотор харанхуйлах юм. Охид ирээдүйд ээж, эхнэр, эзэгтэй, эмээ болно. Өнөөдрийнх шигээ залуухан сайхнаараа хорвоог элээх юм шиг тэд “нисэж” яваа. Ээжийн сайхан охидоор зугаагаа гаргадаг баян шалиг эрчүүдийн цаана бас л нэгэн Монгол бүсгүй тэдний хоол цайг нь бэлтгэж, үр удмыг нь хүмүүжүүлж байгаа. Охин минь!Чамайг айлын эхнэр болсон хойно, нөхөр чинь залуухан охидтой зугаацаад мөнгөө цацаад байвал чамд ямархан санагдах вэ?
Амьдрал гэдэг чинь богинохон. Бас эрээнтэй бараантай. Хэнд ч юу ч тохиолдож болно шүү дээ.
Охид “ариун” бол төр “ариун”…
У. Чимэг
www.emegteichuud.mn