Аав аа, надад 300 төгрөг өгөөч
Нэг эрхэм ажлаасаа орой тараад нэлээд ядарсан тул гэртээ их л ааш муутайхан орж иржээ. Үүдэнд түүнийг 5 настай бяцхан хүү нь угтаж авав.
-Аав аа, танаас нэг юм асууж болох уу?
-Тэгэлгүй яах вэ, юу болов?
-Аав аа, та хэдэн төгрөгний цалин авдаг вэ?
-Үүнийг чи мэдэх шаардлагагүй ээ. Тэгээд ч энийг мэдэж яах нь вэ?
-Зүгээр мэдмээр санагдаад… Та цагт хэдэн төгрөгний цалин авдгаа хэлчих л дээ, тэгэх үү?
-Яах вэ, ойролцоогоор 500 төгрөг байх. Яасан?
-Аав аа… ( хүү аав руугаа их л нухацтай харснаа ) Аав, та надад 300 төгрөг зээлүүлж чадах уу?
-Тоглоом авах мөнгө гуйх гэж л надаас ийм олон юм асуугаа юу. Бушуу өрөөндөө очиж орондоо ор! Ийм өөдгүй байж болохгүй шүү дээ. Би өдөржин ажиллаж, маш их ядраад ирж байхад чи ийм өөдгүй зан гаргаад байх даа яах вэ дээ гэж үгэллээ.
Хүү чимээгүйхэн өрөөндөө ороод хаалгаа хаав. Аав нь хаалганы цаана зогсохдоо хүүдээ уурласаар байв. “Надаас мөнгө авахын тулд миний цалинг асуудаг яасан бөх зүрхтэй золиг вэ” гэж бухимдан бодсоор байлаа. Гэсэн ч хэсэг хугацаа өнгөрсний дараа болсон яриаг арай ухаалгаар харахыг хичээв. “Хүү маань үнэхээр чухал юм худалдан авах гэсэн ч юм билүү. Тэр 300 цаасыг чөтгөр аваг. Тэгээд ч хүү маань надаас ерөөсөө мөнгө гуйж байгаагүй юм байна шүү дээ” гэж бодлоо. Ингээд хүүгийнхээ өрөөнд орвол тэр хэдийнэ орондоо орчихсон байв.
-Хүү минь, чи унтаж байна уу?
-Үгүй ээ, аав аа. Зүгээр хэвтэж байна.
-Би түрүүн чамтай нэлээд бүдүүлэг харьцчих шиг боллоо. Өнөөдөр их хэцүү өдөр байсан учраас уураа чамд гаргачихжээ. Намайг уучлаарай, миний хүү. Май, чиний гуйсан мөнгө чинь…
Хүү босч суугаад баярласандаа инээд алдав.
-Аав аа, их баярлалаа гээд дэрэн доороосоо хэдэн үрчгэр цаас гаргаж иржээ. Хүүд нь мөнгө байгааг харсан эцэг дахиад л түүнд уурлачихав. Харин хүү нь бүх мөнгөө нийлүүлээд нямбай гэгч нь тоолоод аав руугаа харлаа.
-Чамд мөнгө байсан юм бол чи яах гэж надаас гуйсан юм бэ? гэж аав нь уурлажээ.
-Миний мөнгө дутаад байсан юм аа. Харин одоо гүйцчихлээ гэж хэлээд хүү нь аавдаа хандан:
-Аав аа, энд одоо яг 500 төгрөг байгаа. Би таны ажлын өдрөөс нэг цагийг нь худалдаж авч болох уу. Та маргааш ажлаасаа эртхэн ирээрэй, би таныг бидэнтэй хамт оройн хоолоо идээсэй гэж хүсч байна гэлээ.
* * * * * * * * * * *
Хүү минь, би чамтай хамт байна
Жаалхүү: -Байна уу, энэ хаясан гээсэн зүйлсийн товчоо мөн үү?
-Тийм байна, хүү минь. Чи ямар нэгэн юмаа гээгээ юү?
-Би ээжийгээ алдчихлаа. Танайд байхгүй биз?
-Чиний ээж чинь ямархуу юм бэ дээ?
-Тэр их хөөрхөн, бас их сайхан зантай. Бас мууранд их хайртай.
-Өө тийм үү. Өчигдөрхөн бид нэг ийм ээжийг олсон. Чиний ээж байж мэдэх юм. Хүү минь хаанаас ярьж байна даа?
-Би хүүхдийн асрамжийн газраас ярьж байна.
-Ойлголоо, ээжийг чинь одоохон танай асрах төв рүү явууллаа. Хүлээж байгаарай.
Чингэтэл хүүгийн өрөөнд жинхэнэ амьд муур тэвэрсэн хамгийн хөөрхөн, хамгийн сайхан сэтгэлтэй эмэгтэй орж ирэв.
-Ээж ээ! гэж хашгираад хүү түүн рүү гүйж очив. Түүнийг хэтэрхий чанга тэвэрснээс хүүгийн хурууны үзүүрүүд бүр цайж орхижээ.
-Ээж ээ, ээж минь!..
Хүү хашгирснаасаа болоод зүүднээсээ сэрчихэв. Ийм зүүдийг тэр бараг шөнө бүр зүүдэлж хонодог. Хүү гараа дэрэн доогуур шургуулан нэг бүсгүйн зургийг гаргаж ирэв. Энэ зургийг тэрбээр жилийн өмнө гадаа салхилж явахдаа олсон юм. Түүнээс хойш дэрэн доороо нандигнан хадгалж зурган дээрх бүсгүйг өөрийн төрсөн ээжийгээ гэж итгэж явдаг болов. Хүү зурган дээрх хөөрхөн царайг удтал ширтсэний эцэст унтаж орхижээ…
Өглөө асрамжийн газрын дарга эмэгтэй уламжлал ёсоор бяцхан хүүхдүүдийн өрөөгөөр зочлон толгойг нь илэнгээ сайхан амарсан эсэхийг нь асууж явав. Нөгөө жаалхүүгийн орны дэргэд ирвэл шөнө гараас нь мултарч унасан зураг газар хэвтэж байх аж. Дарга эмэгтэй зургийг өөд нь аваад
-Хүү минь энэ зургийг хаанаас авсан юм бэ гэж асуув. Хүү
-Гудамжнаас олсон юм гэв.
-Энэ тэгээд хэн юм бэ?
-Миний ээж хэмээн хүү инээмсэглээд -Ээж маань их хөөрхөн, бас их сайхан сэтгэлтэй. Бас мууранд хайртай гэж нэмж хэлэв.
Дарга эмэгтэй зурган дээрх бүсгүйг шууд л танив. Энэ бүсгүй өнгөрсөн жил сайн дурын ажилтнуудтай хамт ирж байсан билээ. Тэр үед л энэ зургаа гээчихсэн байх. Харин тэр өдрөөс хойш энэ бүсгүй хүүхэд үрчилж авах өргөдлөө барин мөн ч олон байгууллагын босгыг элээсэн юм даг. Хотын удирдах газрын хүмүүсийн ярьж буйгаар, тэр эмэгтэй хүнтэй гэрлээгүй гэсэн ганц л дутагдалтай гэсэн.
-За яахав, энэ бүсгүй чиний ээж юм бол асуудлыг шийдэж болох юм байна гэж дарга эмэгтэй хүүд хандаж хэллээ.
Тэрбээр өрөөндөө орж ширээний ард суугаад ямар нэгэн юм хүлээж байгаа нь илт байв. Хагас цагийн дараа үүдийг нь хэн нэгэн зөөлөн тогшоод
-Орж болох уу гэж асуув. Энэ бол нөгөө зурган дээрх бүсгүй байлаа.
-Ор, ор гээд өөрөндөө орохыг урив.
Бүсгүй орж ирэнгүүтээ эрхлэгчийн өмнө баримт бичиг бүхий зузаан хавтас тавьчихав.
-Би хэлсэн болгоныг тань авчирлаа.
-Их сайн байна. Одоо харин би чамаас хэдэн зүйл асуумаар байна. Ийм журамтай юм л даа, ойлгоорой. Хүүхэд үрчилж авснаараа өөр дээрээ ямар их хариуцлага ирж байгааг чи ухамсарлаж байна уу. Хүүхэд гэдэг чинь насан туршийнх шүү дээ, ганц хоёр цаг тоглоод хаячихдаг тоглоом биш шүү дээ.
-Би бүгдийг маш сайн ухаарч байна аа. Гэхдээ хэн нэгэнд миний тусламж хэрэгтэй гэдгийг мэдрэх тусам тайван амьдрах арга алга.
-За тэгвэл хоёулаа явж хүүхдүүдийг харах уу?
-Тэднийг харах шаардлага байхгүй ээ. Та бүхний санал болгох тэр л хүүхдийг чинь шууд авъя гэж бүсгүй зоригтой хэллээ.
Эрхлэгч эмэгтэй гайхсандаа хөмсгөө өргөвөл өнөөх бүсгүй:
-Та зөв ойлгоорой. Жинхэнэ эцэг эхчүүд бол хүүхдээ сонгодоггүй. Өөрөөр хэлбэл, тэд ямар хүүхэд гарахыг урьдчилан мэдэх боломжгүй байдаг. Төрөх хүүхэд нь хөөрхөн эсвэл царай муутай, эрүүл эсвэл өвчтэй алин болохыг урьдчилан мэдэж чаддаггүй. Тийм ч учраас тэд хүүхдээ байгаагаар нь л хайрладаг. Би ч гэсэн яг л тийм жинхэнэ ээж хүн шиг баймаар байна гэж тайлбарлав.
-Үнэнийг хэлэхэд, анх удаа л ийм үрчлэгчтэй тааралдаж байна. Нээрээ би таныг хэний ээж болохыг чинь мэднэ шүү. Тэр хүү 5 настай, эх нь төрснийхээ дараа л түүнийг орхисон. Хэрэв та бэлэн бол би түүнийг дагуулаад ирэх үү?
-Тийм ээ, би бэлэн байна. Миний хүүг надад үзүүлээч гэж бүсгүй хатуухан хэллээ.
Таван хормын дараа эрхлэгч нэгэн бяцхан хүүг дагуулсаар ирэв.
-За хүү минь, танилцаарай. Энэ бол…
-Ээж ээ! хэмээн хүү хашгираад нөгөө бүсгүйг тас тэврээд авлаа. Хэтэрхий чанга тэвэрснээс болоод хурууны үзүүрүүд нь цайсан харагдав.-Ээж минь!
Бүсгүй хүүгийн нурууг илэнгээ
-Хүү минь… хүү минь… би чамтай хамт байна… гэлээ. Тэгснээ эрхлэгч рүү хараад
-Би хүүгээ хэзээ авч болох вэ? гэж асуув.
-Ихэнх тохиолдолд эцэг эхчүүд өргөж авах гэж байгаа хүүхдүүдтэйгээ эхний үед зүгээр ярилцаад, амралтын өдрүүдэд гэртээ аваачих гэх мэтээр дасгадаг л даа.
-Би хүүгээ одоо авмаар байна.
-За тэг дээ, маргааш тэртээ тэргүй амралтын өдөр учраас аваад яв даа. Харин даваа гаригт ирж шаардлагатай бичиг баримтад гарын үсэг зурна шүү гэж эрхлэгч хэлэв.
Хүү аз жаргалаар бялхаж байлаа. Ээжийгээ алдчих вий гэсэн шиг бүсгүйн гарыг ганц хором ч тавилгүй атгасаар байв. Тэр хоёрын эргэн тойронд багш, асрагчид үймж бужигнана. Нэг хэсэг нь хүүгийн хувцсыг цуглуулж уутлана, нөгөө хэсэг нь нулимсаа нууцхан арчиж зогсоно.
-За хүү минь, баяртай. Бидэн дээр зочлон ирж байгаарай гэж эрхлэгч захив.
-Баяртай. Би ирж байна аа гэж хүү хариуллаа.
Асрамжийн газрын хүмүүстэй салах ёс хийсний эцэст тэр хоёр гадаа гарав. Хүү энэ үед шинэ ээждээ хамгийн чухал асуултаа тавив:
-Ээж ээ… Та мууранд хайртай юу?
-Маш их хайртай. Гэрт бүр 2 ч муур бий шүү гэж бүсгүй хариулаад хүүгийн бяцхан гарыг зөөлөн атгалаа. Харин хүү баяртай нь аргагүй инээмсэглээд гэрийн зүг алхаж гарав.
Эрхлэгч эмэгтэй өрөөнийхөө цонхоор алсран холдох хоёрыг харж удтал зогслоо. Тэгснээ ширээнийхээ ард суун утсаар хэн нэгэн рүү залгав.
-Байна уу. Тэнгэрийн хэрэг эрхлэх газар уу?… Нэг захиалга өгөх гэсэн юм. Бүсгүйн нэр Амелия. Хийсэн үйлс нь хамгийн дээд ангилалд багтана: хүүхдэд аз жаргал бэлэглэсэн. Тиймээс энэ тохиолдолд өгөх ёстой бүхнийг илгээнэ үү. Хязгааргүй аз жаргал, харилцан ойлголцол, хүндлэл, хайр, бүх зүйлд амжилт гээд тэр бүхнийг явуулаарай. Бас тэр бүсгүй ганц бие учир төгс эр нөхрийг илгээнэ үү. Аа мартах дөхлөө, хязгааргүй их мөнгөний урсгалыг эднийх рүү чиглүүлж өгнө үү. Энэ эмэгтэйд мөнгө маш их хэрэг болно. Хүү чанартай хоол унд идэх ёстой шүү дээ… Аан, явуулчихсан гэв үү… Маш их баярлалаа.
Асрамжийн газрын хашаан дотор бяцхан хүүхдүүд шуугилдан, нар тэднийг зөөлөн илбэж байлаа. Эрхлэгч эмэгтэй харилцуураа тавьчихаад цонх руу дөхөж очив. Тэрбээр нуруун дээрх цасан цагаан далавчаа дэлгээд бяцхан үрсийг цонхоор удтал ширтэх дуртай ажээ…
Та сахиусан тэнгэрүүдэд итгэдэггүй байж болох ч сахиусан тэнгэрүүд танд итгэдэг юм шүү гэдгийг санахад илүүдэхгүй биз ээ…
ЭХ СУРВАЛЖ: http://uynaa.wordpress.com