Олон улсын сагсан бөмбөгийн холбоо /ФИБА/-ны албан ёсны гишүүн Монголын сагсанбөмбөгийн холбоо /МСБХ/ энэ сарын эхээр “Монголын хүүхдийн ордон”-д ээлжит чуулганаа хуралдуулж холбооны шинэ ерөнхийлөгчөөр Ч.Ганхуягийг сонголоо.
Манай улсын өнцөг булан бүрээс 21 аймгийн салбар зөвлөлийн төлөөлөл, ахмад тамирчид, багш дасгалжуулагчид, шигшээ багийн тоглогчид болоод багийн эзэд, шүүгчид, спорт хороодын төлөөлөл зэрэг 150 орчим хүн оролцсон нь урьд өмнө байгаагүй өргөн цар хүрээтэй чуулган боллоо. Чуулганы үеэр хөндөгдсөн гол сэдэв нь 1994 оноос эхлэн тасралтгүй зохион байгуулж ирсэн дээд Лигийн тэмцээн энэ жил цуцлагдсан асуудал байв.
Энэ нь холбооны нэр хүндийг бууруулсан үйл явдал болсныг төлөөлөгчид онцолж байлаа. Иймд цаашдаа хуучин бүтэц, зохион байгуулалтаар үйл ажиллагаа явуулах боломжгүй гэдэг дээр чуулганы төлөөлөгчдийн олонх санал нэгдэж, удирдлагын бүтэц бүрэлдэхүүнээ шинэчилсэн байна.
МСБХ-г 2005 оноос хойш найман жил тэргүүлсэн УИХ-ын гишүүн асан Ц.Мөнх-Оргил, ерөнхийлөгчийн үүрэгт ажлаа сангийн дэд сайд асан Ч.Ганхуягт шилжүүлсэн юм. Харин ерөнхий нарийн бичгийн даргаар тус холбооны маркетингийн албаны дарга Б.Оргилыг чуулганы төлөөлөгчид санал нэгтэйгээр сонгов.
Тус холбооны Удирдах зөвлөлд гавьяат тамирчин Ц.Шаравжамц, ОУХМ М.Отгонбаяр, спортын мастер П.Ганбат, “Миллхаус” компанийн гүйцэтгэх захирал Ж.Чинзориг, “Монгол Масс Медиа” группийн гүйцэтгэх захирал А.Амундра, “Ай Концепт” ХХК-ий гүйцэтгэх захирал З.Бат-Итгэл, “Говь Гео” ХХК-ий гүйцэтгэх захирал Төгөлдөр, Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч А.Мөнхбат, “Витафит” компанийн ерөнхий захирал С.Болорсайхан, УИХ-ын гишүүн
Н.Номтойбаяр, спортын мастер Б.Батпүрэв нар гишүүдээр сонгогдлоо. Бүтэц бүрэлдэхүүнээ өөрчилсөн МСБХ-ны хамгийн эхний ажил нь хуваарийн дагуу өсвөрийн сагсчдын дунд зохион байгуулдаг хүүхдийн Лигийн тэмцээн ирэх долоо хоногт нээлтээ хийх юм. Энэ жилийн хүүхдийн лиг нэлээд онцлог болно.
МСБХ, “Хасын хүлэгүүд” спорт клубтэй хамтран АНУ-аас “Athletes in action” клубын өсвөрийн тоглогчдыг багш дасгалжуулагчдын хамтаар эх орондоо урьжээ. МСБХ-ны урилгыг найрсагаар хүлээн авсан “Athletes in action” клуб 25 хүний бүрэлдэхүүнтэй манай улсад ирэхээр болжээ. Айлчлалын үеэр хоёр орны өсвөрийн тамирчид хамтарсан бэлтгэлд гарах, хүүхдийн Лигийн багуудтай нөхөрсөг тоглолт хийх, Америк дасгалжуулагч нараас туршлага судлах зэрэг таатай боломжууд өсвөрийн сагсан бөмбөгч хүүхдүүдэд олдох юм.
Д.Өлзий