1959 онд Холливудын нэгэн компанийн бичээч Рүт хэмээх америк эмэгтэй анх удаа Барби бүтээжээ. Түүний нөхөр Элион Хэндлер зураач мэргэжилтэй, мөн Холливудын компанид ажилладаг байжээ. Тэд “ Бүх зүйл сайхан болно, бүхнийг байлдан дагуулах болно” гэсэн хүслээр жигүүрлэн өөдрөг аж төрдөг байлаа.
Рүтийн найз Кони Стивенс хэмээх хүүхэлдэй шиг хөөрхөн жүжигчин бүсгүй байсан бөгөөд түүнийг хэтэрхий царайлаг хэмээгээд киноны олигтой дүр огт өгдөггүй байлаа. Найзыгаа бишрэн шүтэгч Рүт түүний дүртэй хүүхэлдэй бүтээе гэж бодон санаагаа нөхөртөө хэлтэл түүний нөхөр дэмжжээ. Кони ч дуртайяа зөвшөөрч, хүүхэлдэйд өгөхөөр Барбара хэмээх нэрийг сонгосон ч хэллэгийн хувьд Барби хэмээх нь хамгийн тохиромжтой гэж эцсийн хувилбараар тохирсон байна. Барби бол үзэсгэлэнтэй, маш гоолиг, царайлаг бүсгүй байх учиртай. Охид зөвхөн нялх хүүхдийг өхөөрдөөд зогсохгүй, үлгэрийн гүнж болохыг мөрөөддөг. Тэр гүнж нь Барби болог хэмээн Рүт, Элион хоёр ярилцжээ.
Элион Конийн дүрээр хөөрхөн хүүхэлдэйн загвар бүтээн хуванцраар цутгаж, Рүт гоёмсог даашинзыг нь урлав. Тэд хэд хэдэн Барби бэлэн болгоод эмэгтэй жүжигчдийн дунд ивээн тэтгэгч хайлаа. Холливудын оддод Барби маш ихээр таалагдаж, анхны хувилбаруудыг өндөр үнээр авсан төдийгүй, мөнгөөр тусалж, зээл олгоход нь зуучилж өгчээ. Ингээд л тэдний мөрөөдөл биелэх нь тэр. Нэгхэн жилийн дотор худалдан авагчид найман сая ам.долларын Барби охидод авч бэлэглэжээ. Энэ нь Америкийн бусад бүх тоглоомын фирмийн янз бүрийн хүүхэлдэй зарж олсон ашгаас давав.
Хэндлерүүд “Маттел” хэмээх компани байгуулж, бүх амьдралаа Барбид зориулахаар эргэлт буцалтгүй шийджээ. Баяжихын хэрээр тэд Барбиг боловсронгуй болгоход ихээхэн хөрөнгө заржээ. Өмсгөл гоёлыг нь нэрт загвар зохион бүтээгчдэд захиалах болж, Беннеттон Барбид зориулж бүтэн цуглуулга бүтээжээ. Барбигийн даашинз, цамц, скёрт, сарафан, цүнх, нарны халх, элдэв аксесүар, дугуйт тэшүүр, хав, хүүхэлдэй, машин зэрэг олон төрлийн зүйлсээс гадна гал тогоо, угаалгын өрөө бүхий гурван өрөөтэй байр бэлтгэх шаардлагатай боллоо. Барбийн бүхэл бүтэн ертөнц бүтээж чадсан Хендлерүүдийн авъяас билэг, өөдрөг санаа, бүтээлч, хичээнгүй байдлыг биширмээр. Өнөөдөр Барби нэр алдрын оргилд хүрч дэлхийн охидыг байлдан дагуулж байна.