Манай сайтын уншигчаас “Порно кино манай гэр бүлийн харилцаанд сөргөөр нөлөөлсөн” гарчигтай захидал ирсэн билээ. Захидлаас үүдэн дараах нийтлэлийг орууллаа. Юуны өмнө манай сайтад хандсан эрхэм бүсгүйдээ баярлалаа. Гэр бүл болгонд бэрхшээлтэй, хэцүү асуудал байдаг. Тэр асуудал бүрт хүмүүс өөр өөрийн өнцгөөс хариулдаг. Тиймээс ч таны захидлын доор олон янзын сэтгэгдэл үлдээсэн байх. Нөхөртэйгөө илэн далангүй ярилцаж гэр бүлээ, хайрын харилцаагаа авраарай.
Порнограф эрчүүдэд хэрхэн нөлөөлдөг вэ?
Ямаршуухан үзэл бодлыг порнограф бидний тархинд суулгана вэ? Аливаа буруу зүйлсийг удаан хугацааны туршид давтан үйлдвэл энэ нь тухайн хүний хувьд хэвийн үзэгдэл мэт болж амьдралд нь асуудлууд тулгарч эхэлдэг. Бэлгийн харилцааны хувьд бид өөрсдийгөө зүй зохистой харилцаанд байх ёстойгоо мэдэх нь маш чухал. Зүй зохистой бэлгийн харилцааны хувьд та өөрийнхөө үүргийг зөвөөр ойлгож чадахгүй бол таны бэлгийн харилцааны талаарх ойлголт ч гажуудах болно.
Порнографд донтох: Порнод татагдах
Порног үзсэн хүн бүр донтдоггүй. Зарим хүмүүс нь эмэгтэйчүүд, секс, гэрлэлт болон хүүхдүүдийн талаар таагүй бодолтой болдог бол харин зарим нь гүнзгий сэтгэл хөдлөлд автаж, донтолтод өөрийгөө тавьж өгдөг. Таны порнод донтож байгаа эсэх нь тэдгээрийг үйлдвэрлэгч компаниудад огтхон ч хамаагүй хэрэг төдийгүй харин ч энэ байдал тань тэдний хувьд бизнесийн том амжилт юм. Доктор Виктор Клайн донтох үзэгдлийг донтолт, архаг донтолт, мэдрэмжээ алдах, үйлдэл болгох гэсэн үе шатуудад хувааж үзсэн байна. Үүнээс гадна порнод донтоход өөр нэгэн үе шат байдаг нь донтолтын эхэн үе юм. Эдгээр үе шатуудыг дэлгэрүүлэн авч үзье.
ЭХЭН ҮЕ
Порнод донтсон залуучууд порног ихэвчлэн бага наснаасаа үзэж эхэлсэн байдаг байна.
ДОНТОЛТ
Дахин дахин порно үзэх нь таны амьдралын жирийн үзэгдэл болж үүнд аль хэдийн автагдаж, өөрийгөө хазаарлаж чадахаа больдог.
АРХАГ ДОНТОЛТ
Илүү хүчтэй дүрслэлтэй порно үзэж эхлэх ба өмнө нь жигшиж байсан киноноосоо таашаал авч эхэлнэ.
ДАСАЛ БОЛОХ
Үзэж байгаа дүрснүүд байтугай хамгийн хүчтэй дүрслэлтэй порнонууд хүртэл танд нөлөө үзүүлэхээ больж, тэдгээрт дасал болно. Урьдынх шигээ сэтгэл хөдөлгөсөн мэдрэмжийг хүсэж байвч, түүнийгээ олж мэдэрч чадахгүй болно.
ҮЙЛДЭЛ БОЛГОХ
Энэ шатанд эрчүүд үзэж байсан зүйлсээ бодит хүмүүс дээр янз бүрийн муу аргаар хэрэгжүүлж эхэлнэ.
–Би донтчихсон юм болов уу?
Хэрвээ таны амьдралд эдгээр шинж тэмдгүүдийн аль нэг нь илэрвэл та яг одоо үүнийгээ зогсоох хэрэгтэй. Порнод таны амьдрал улам ихээр автагдаад байна уу? Үүнийг зогсооход танд хэцүү байна уу? Энэ байдлаараа цааш нь үргэлжлүүлсээр байх уу?
– Тэгвэл би яах вэ?
Хамгийн эхэнд хийх зүйл тань та порнографт автсанаа хүлээн зөвшөөрөх юм. Үүнийгээ хүлээн зөвшөөрлөө гээд та гаж хүн болсон хэрэг биш ээ. Порнографт автсан янз бүрийн давхрагын сая сая эрчүүд энэ байдалтайгаа зууралдсаар байгаа нь тийм их гайхах зүйл биш юм. Порно кино үйлдвэрлэгчид хүмүүсийг занганд оруулахын тулд олон тэрбум доллар зарцуулж, амжилт олсон нь таны гайхлыг төрүүлэх бизээ. Магадгүй та урьд өмнө нь бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан эсвэл сексийн замбараагүй харилцаатай байсан бол порнографын донтолт таны сэтгэл зүйд хүчтэй нөлөөлөл үзүүлнэ. Хэн нэгний тусламжийг авахгүйгээр та донтолттой тэмцэх юм бол маш хүнд байх болно.
Тиймээс энэ донтолтоос гарахад танд хэн нэгний тусламж шаардлагатай. Нууцыг хадгалах нь маш чухал. Таныг порнографт донтсон гэдгийг тань хүн бүр мэдэх албагүй.Таны итгэлийг даах, донтолтын асуудлаар зөвлөгөө өгч чадах мэргэжилтэн эсвэл номлогч, залуучуудтай ажилладаг хүн сонгоорой. Та бүрэн итгэж, хамт байхдаа тайван байж чадах, донтолтын тухай илүү мэдлэг мэдээлэлтэй хүнд хандаарай.
Жинь МакКонел
Emegteichuud.mn