ОНЫ ШИЛДЭГ 13 УЛС ТӨРЧИЙН ДУНД МОНГОЛ ТӨРД ХАТАН УХААН НЭМЖ ЯВАА ГАНЦ ЭМЭГТЭЙ БАГТЛАА
“Өглөөний сонин” жил бүр Монгол Улсын нийгэм эдийн засгийн хөгжилд хичээл зүтгэлээрээ гар бие оролцож, улс төр, хүмүүнлэг, нийгмийн хариуцлага, бүтээн байгуулалтын чиглэлээр амжилт гаргасан хувь хүн, албан байгууллагыг олон нийтийн санал асуулгаар тодруулдаг уламжлалтай. Энэ удаад “Шилдэг улс төрч”, “Хүмүүнлэгийн шилдэг үйлстэн”, “Нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгч байгууллага, иргэн” “Шилдэг бүтээн байгуулалт” гэсэн дөрвөн төрөлд 230 орчим байгууллага, иргэн нэр дэвшснээс дээрх дөрвөн төрөлд 84 мянган хүн санал өгч 52 шилдэг тодорлоо.
Өргөн хаалга, өндөр босготой Төрийн Их Ордонд түмнийхээ итгэл, хүндлэлийг хүлээн УИХ-ын 76 гишүүний 13 шилдгийг “2013 оны шилдэг улс төрч” хэмээн ард олон өргөмжилсөн. Оны шилдэг 13 улс төрчийн дунд Монгол төрд хатан ухаан нэмж аль ч нам хүчний хэнтэй ч ойлголцох чадвартай, туршлагатай улс төрч, хүчирхэг эмэгтэй Д.Оюунхорол ганцаар багтжээ.
УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дэд дарга, НАМЭХ-ны Ерөнхийлөгч Д.Оюунхорол эрчүүдийн жижиг гэж тоолгүй орхисон нийгмийн эмзэг асуудлуудыг олж харж, төрийн бодлогод тусгуулсан. МАН-ын XXVII Их хурлаар шинэчлэн баталсан дүрмэнд “Намын бүх шатны сонгуульт байгууллагад болон намаас санал болгон томилогддог, сонгогддог албан тушаалд 25-аас доошгүй хувь нь эмэгтэйчүүд байна” гэсэн заалтыг оруулж батлуулж чадсанаараа эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлж өгсөн нь түүний түүхэн амжилтуудын нэгээхэн хэсэг билээ.
2011 онд Өглөөний сонины хамт олон дээрх дөрвөн төрөлд 44, 2012 онд 48 шилдгийг тодруулж байсан. Эх орон, хүний хөгжлийн төлөө өөрийн амьдралыг зориулж, бүтээн байгуулж нийгэмд хүлээсэн үүргээ ухамсарласан сайн үйлсийн эздийг олонд сурталчилан таниулах нь сэтгүүлзүйн нийгмийн хариуцлага хэрэгжиж буйн илрэл юм.