Тайландын алс бөглүү тосгонд кофены үрийг заанд идүүлж, бүрэн боловсролгүй гарах үед нь түүж үнэ хүргэн худалддаг тухай “Франс Пресс” агентлагаас мэдээлжээ. Канад гаралтай нэгэн сүйхээтэй эрийн санаачилсан “Зааны хар ясан кофе” (Black Ivory Coffee) төсөл ашиг олохын зэрэгцээ байгаль хамгаалахад хувь нэмрээ оруулдаг байна.
Тэрбээр анх нутгийн суусрыг ашиглан “Kopi luwak” хэмээх кофе үйлдвэрлэхээр төлөвлөсөн аж. Гэвч Зүүн Өмнөд Азид энэ төрлийн бүтээгдэхүүний эрэлт нэмэгдсэнээс нийлүүлж буй бүтээгдэхүүний чанар муудаж, үнэ нь буурчээ. Мөн муурыг торонд хорьж, кофены үрийг хүчээр идүүлдэг нь сэтгэлд нийцээгүй гэнэ.
Үүнийхээ дараа кофены хорхойтнуудад зориулсан шинэ бүтээгдэхүүн гаргахад арслан, анааш зэрэг олон амьтныг судалж үзсэнийхээ дараа Зүүн Өмнөд Азид ган тохиох үед заан кофены үрийг иддэг тухай олж мэджээ. Үүнийхээ дараа тэрбээр энэ амьтныг сонирхон судалсан байна. Гэхдээ зааны тусламжтайгаар амтат кофе гарган авах ажилд нь олон саад учирч, найман жилийн дараа амжилт олсон аж.
Эхэн үед зааны ходоод дамжсан үрийг хорголоос салгаад боловсруулахад уухын аргагүй гашуун амттай гарсан гэнэ. Мөн нэг кг кофе гаргаж авахын тулд заанд 33 кг кофены үр идүүлж, жуулчдад заан унуулж, орлого олдог тосгоныхны оролцоотойгоор олон шат дамжлагаар боловсруулж, эцсийн бүтээгдэхүүнээ гарган авдаг.
Энэ оны хувьд гурав дахь жилдээ “ургац”-аа амжилттай хурааж, 150 кг кофе үйлдвэрлэжээ. Нэг кг нь 1880 буюу жижиг аягатай халуун кофе 13 ам.долларын үнэ хүрдэг тул хүн бүр авч ууж чадахгүй. Ази дахь зарим тансаг буудалд “Зааны хар ясан кофе”-гоор үйлчилж эхэлснээс гадна Европын томоохон хотуудад худалдахаар төлөвлөсөн аж.
Кофены үрийг чанахаас нааш кафейн нь ялгардаггүй тул заанд ямар нэг сөрөг нөлөө үзүүлдэггүй, нутгийн иргэдийн хувьд орлого нэмэгдүүлэх эх үүсвэр болдог.
Д.Мөнхболд
Эх сурвалж: Монголын үнэн