ИЖИЙ МИНЬ УУЧИЛ.
Ухаан дутуу тарчилж намайг төрүүлэх хоромд нь
Улаан голоос нь зуурч удаан зовооснийг минь уучил
Газарт унах мөчөөсөө, өдий болтол зүүгдэхдээ
Гал улаан зүрхийг нь урж өсснийг минь уучил.
Эрх хонгор насаа хаан сэнтийд залахдаа
Эгэл сэтгэлийнх нь цэцэгсийг тасдаж эрхэлснийг минь уучил
Энэдэж гэндэж алдсан ч гэмээ ерөөс ухааралгүй
Эрдэнийн сувдан нулимсыг нь туучиж явсаныг минь уучил.
Аз жаргалын галыг үүрээр асаах гэж даарахад нь
Амьд үхсэн нь мэдэгдэхгүй унтаж байсныг минь уучил
Аагтай цайныхаа дээжийг хүүдээ дээжлэн хүлээхэд нь
Алс холын нутагт хөлчүү явсаныг минь уучил.
Хээрийн уудам талд Монгол овогтон болог гэж
Хэцүү хорвоогийн хөрсөн дээр цусаа юүлж төрүүлсэн
Сайхан Ижий таныхаа түүж амжаагүй аргалыг
Саран зугтсан шөнөөр ч заавал би түүнэ ээ.
Алаг үрдээ өширдөггүй ариун нандин совингоор
Амь бэлэглэсэн Ижий та хүүдээ хэзээ ч гомдохгүй ч
Тэнэгхэн хүү нь таниасаа уучлал гуйя Ижий минь
Тэнгэрлэг гэгээн сэтгэлд нь үүрд шингэе Ижий минь.
Ч.Чагнаадорж