Монгол цай аягалах ёс:
Монголчууд цай аягалахдаа данхны цорго болон халуун савны амыг үүд рүү харуулахгүй, нар зөв эргүүлэгтэй аягалах бөгөөд эхлээд дээжийг нь авч өргөл өргөсни дараа бурхандаа тавьдаг. Өглөө чанасан эхний цайны дээжийг гадагш гарч тэнгэр хангайдаа өргөдөг уламжлалтай. Ийнхүү дээж өргөхдөө толгой нүцгэн байхыг цээрлэдэг.
Эрт цагаас Монголчууд толгой нүцгэн гадуур явахыг цээрлэдэг, хүний амин цэг зулайд байдаг бөгөөд зулайгаар дамжин гадны муу сүнс орж ирнэ гэж үздэг. Цайны дээж өргөхдөө тэнгэр бурхан, хангай дэлхий, уул усандаа хандан өргөлөө барьж байгаагаа хэлж, амар амгалан тэгш сайхан байлгаж харж хамгаалж хайрла хэмээн гуйдаг. Эхэлж дээд тэнгэртээ хандан баруун хойд зүгт, дараа нь нутгийн уул хангай руу гаа тэр зүгт өргөдөг.
Цай болон сүү өргөх цацлын халбага хэмээх бариулд нь хадаг уясан модон халбага хэрэглэж ирсэн. Цайны дээжээ өргөсний дараа гэрийн эзэнд цайгаа эхэлж аягалж барьж дараа нь зочиддоо насны эрэмбээр аягалж барина, үүний дараа гэрийн бусад гишүүдэд цай аягална.