Эртнээс янагш арвидан соёолох нигууртай эх орон минь
Эсрүүн хурмаст өөд цойлсон тансаг, тансаг харшгүйгээр
Эрин зууны хөгжлөөс хол тасарлаа, яадаг билээ гэж ганихардаг ч
Этүгэн эх газрын хэвлийд буман жилээр буцлан буй
Эмтлээд холтлоод баршгүй эрдэнэс байна, ямрав дээ гэж би гайхуулдаг аа!
Тив дэлхийн хот балгадаас онцгой содон эх орныхоо
Тэнгэрээс заяагдсан чилгэр хатуу уур амьсгал
Тэсэргэн жавар, хахирган зудыг яалтай ч билээ гэж халширдаг ч
Тэнд эндхийн түрэмгий дайнч улс шиг
Тэсрэх бөмбөг, исгэрэх сумгүй, ямар гоё вэ гэж би тайтгардаг аа!
Ээлийн буянтай хэрнээ зээлийн паянтай эх оронд минь
Элбэг амьдрал, дүүрэн жаргалыг багц багцаар нь бэлэглэх
Ир нь ханасан бурхан дээдэс хомсхон, яана даа гэж халагладаг ч
Эцэг өвгөдөөс эрхшээсэн хангал авъяас, монгол ухаан байсан цагт
Эцэсгүй хөврөх зовлон гачаалийг ялахдаа л нэг ялна гэж би дүрэлздэг ээ!
Галав юүлтэл догшрох хөнөөлт усан давалгаа
Галт уулын дэлбэрэлт, ангамал халуун цөл
Газар хөдлөлт хийгээд далайн хар салхи
Гай барцад, гарз хохирол, гамшиг томуу мэтийн
Гаслангийн дуунаас хол хөндий эх оронтойдоо би бахархдаг аа!
Б.ОЙДОВ