1989 оны 7 сарын 31-ний энэ өдөр талбайн теннисний Их Дуулгын 2 удаагийн цомын эзэн, Олимпийн алт, хүрэл медальт, Беларусын анхны эмэгтэй Их Дуулгын цомыг хүртсэн теннисчин Викториа Азаренка Беларусын Минск хотод төржээ.
“Вика” хэмээх В.Азаренка Федор болон Алла нарын 2 хүүхдийн бага охин болон мэндэлсэн ажээ. Түүнийг талбайн теннис рүү хөтөлсөн хүн бол түүний ээж нь юм. Тэрээр охиныгоо 7 настай байхад нь теннисний цохиур, бөмбөг худалдан авч өгсөн байна. Энэ нь бяцхан охинд ирээдүйн шилдэг тамирчин болох үүдийг нээсэн явдал болсон. Түүний амьдралд 15 нас нь нэлээд өөрчлөлт авчирсан байдаг ажээ. Түүнийг 15 настай байхад гэр нь Америк руу нүүсэн бол мөн ондоо анхныхаа мэргэжлийн тэмцээндээ оролцсон юм.
Түүний анхны тэмцээн нь Израйль улсад болсон ITF-н өсвөрийн тэмцээн байсан юм. 2005 онд Австрали болон Америкийн нээлттэй тэмцээнд өсвөрийн ангилалд түрүүлсэн бөгөөд мөн л Беларусь улсаас төрөн гарсан анхны өсвөрийн ITF-н аварга болсон. Түүнээс хойш “Вика” мэргэжлийн ганцаарчилсан төрлөөр нийт 17 цомыг хүртэж, 2012 оны 1-р сард WTA-н чансааг тэргүүлж, Австралийн Их Дуулгад хоёр жил дарааллан түрүүлжээ. Мөн хос, холимог хосын төрлөөр өрсөлдөж, 2012 онд Олимпийн аварга, Роланд Гаррос болон Америкийн нээлттэй тэмцээнд тус тус түрүүлж цом хүртээд байна.
Харин сүүлийн жилүүдэд түүний амжилт буурч, бэртэл гэмтэл түүний амжилтанд саад болсоор байна. Хамгийн сүүлд тэр 5 жил хамтран ажиллаж, Их Дуулгын цомд хүрэхэд хөтөлсөн дасгалжуулагч Франц мэргэжилтэн Сэм Сумяктэй гэрээгээ цуцлан Бельги мэргэжилтэн Вим Фиссеттетэй хамтран ажиллаж байна. Өдгөө тэр жуниор Сергей Бубкатай болзож байгаа гэсэн мэдээлэл байдаг.