Дуурь бүжгийн эрдмийн театрын балетын гоцлооч М.Мөнхтуяатай ярилцлаа. Түүний нөхөр театрын тэргүүн гоцлооч О.Ганцоож билээ.
-Өмнө нь тоглосон дүрүүдээс хамгийн сайн бүтээж, сэтгэл ханасан нь ямар дүр байв?
-Одоохондоо бол өөртөө ханасан, сэтгэлдээ хүрсэн дүр бүтээгээгүй л байна. Би маш их шартай юм билээ. Сая “Дон Кихот” дээр сэтгэлдээ хүртэл дүр бүтээж чадаагүй юм. Тэгээд багш дээрээ очоод “Би энэ дүрийг заавал сайн бүтээнэ” гэж хэлж санаа амарсан.
–Хэзээнээс балетчин болох гараагаа эхлэв?
-Анх 2000 онд Хөгжим бүжгийн коллежийн балетын ангид орсон. Түүнээс өмнө бүжиглэх сонирхолтой байсан л даа. Тэгсэн манай хоёр эгч чи бүжгийн эвсэлтэй юм чинь шалгуулаад үзээч гэж ятгаад балетын ямар ч ойлголтгүй хүн сургуулийнхаа босгыг давж байлаа. Нэгдүгээр курстээ балетын урлагийн гайхамшгийг мэдрээд дурлаж эхэлсэн. Үнэхээр хүний гоо сайхан, мэдрэмжийг илэрхийлсэн эмэгтэй хүний урлаг юм байна гэдгийг ойлгосон.
-Мэдээж анхны шалгаруулалт ихэд догдлуулсан байх. Хүнд даваа байв уу?
-Тэгэлгүй яах вэ. Шалгаруулалтад зууны манлай Ю.Оюун, балетмастер Д.Дашлхагва багш нартайгаа анх танилцаж байсан. “Хөөрхөн бас урт мөчтэй, сэргэлэн хүүхэд байна” гээд тэнцүүлж билээ. Энэ хариултыг сонсоод үнэхээр их догдолж байлаа.
ТӨРӨЛХИЙН АВЬЯАС, ТЭВЧЭЭР, УХААН, ХӨДӨЛМӨР ЦОГЦЛООЖ БАЙЖ Л САЯ ТӨГС ДҮР БҮТЭЭЖ ЧАДНА
–Нэгдүгээр зэргийн гоцлооч болоод балетын жүжигчин хоёрын хооронд хэр зай байдаг вэ?
-Миний хувьд хоёрдугаар зэргийн гоцлооч. Харин нэгдүгээр зэргийн гоцлооч нь тухайн жүжгийг ганцаараа авч явдаг. Бүжиглэхээс гадна жүжгийн агуулга, үзэл санааг илэрхийлж үзэгчдэд хүргэнэ. Мөн бусдаасаа ур чадвар, уран хөдөлгөөн, жүжиглэлт зэрэг бүх талаараа тэргүүлж, их ачааллыг үүрнэ.
-Балетчин хүн маш тэсвэр тэвчээрийг үүрдэг юм шиг. Адаглаад л тэр олон цагийн турш хөлийн өлмий дээр бүжиглэнэ гэдэг амаргүй байх…
-Мэдээж шантрах үе их байсан. Балетчин хуруун дээрээ бүжиглэх нь хамгийн гол онцлог. Анх хумс өвдөх, цэврүүтэх, хөл янгинах үе их байсан. Мөн бүжгийн хөдөлгөөн бүрийг сурна гэдэг бас амаргүй. Балет бол ухааны урлаг. Учир нь толгойдоо хийсэн бүхнээ биеэрээ илэрхийлэх ёстой. Тэгэхээр маш их ухаан, хөдөлмөр, авьяас шаарддаг. 99 хувийн хөдөлмөр, нэг хувийн авьяас гэж ярьдаг. Балет бол тийм биш. Төрөлхийн авьяас, тэвчээр, ухаан, хөдөлмөр цогцлоож байж л сая төгс дүр бүтээж чадна.
-Хүрэхээр зорьж буй мөрөөдлийнхөө аль хэсэгт нь явж байна?
-Дөнгөж 50 хувьд нь л хүрсэн байна. Мэдээж балетчин хүний хувьд хийхийг хүсэж, зорьсон зүйл их байна. Балетын урлаг гэдэг нэг сураад санаа амраад орхих мэргэжил биш. Алхам тутамдаа л суралцах ёстой.
-Балетчин хүнийг ямар дүрд тоглосноор нь аль төвшинд явааг тодорхойлж болох уу?
-Яг дүрээр тодорхойлж болохгүй л дээ. Миний л бодол. Зарим хүний хувьд цагаан хунгийн дүр бүтээснээр нь тухайн жүжигчнийг чадвартай гэж тодорхойлж болно. Гэхдээ миний хувьд балетчин хүн ямар ч дүрд тоглосон бай тэр нь үзэгчид таашаал өгч, сэтгэлд нь хүрч чадах ёстой гэж боддог.
-Тэгвэл таны мөрөөдлийн дүр?
-Би сургуульд байхдаа хар, цагаан хунгийн дүрд тоглох мөрөөдөлтэй байсан. Энэ л дүрийг бүтээсэн жүжигчдийг хамгийн мундаг гэж ойлгодог байлаа. Харин сургуулиа төгсөхийн өмнө миний бодол өөрчлөгдөж заавал би үүнийг хийх албагүй юм байна гэж бодсон. Хамгийн гол нь урдаа зорилго тавих хэрэгтэйг ойлгосон.
БАЛЕТ БОЛ ГОО САЙХНЫГ ТӨГС УРНААР ИЛЭРХИЙЛЭХ УРЛАГ
-Анх тайзан дээр гарсан тэр мэдрэмж?
-Сургуульд байхдаа анх тайзан дээр гарч билээ. Маш их сандрал, нөгөө талаас багахан айдас төрж байлаа. Ер нь одоо ч гэсэн ямар нэгэн тоглолтод орох үедээ бага зэрэг догдолдог. Тайзан дээр гарахаар өөрийн эрхгүй нүд нээгдэх шиг болдог. Хөшигний ард Мөнхтуяа гэдэг “би”-гээ тайлаад дүрдээ хувилаад тайзан дээр гардаг даа.
-Тоглолтын үед алдаа гаргах тохиолдол гарна биз?
-Байлгүй яах вэ. Тайзан дээр алдаа гаргасан ч үргэлжлүүлэн хийх ёстой гэсэн дүрэм бидэнд бий. Алдсан үедээ муухай царайлаад явах биш хүмүүст мэдэгдүүлэхгүйн тулд үргэлжлүүлээд л хичээнэ.
-Алга ташилт?
-Урлагийн хүмүүст хамгийн сайхан мэдрэмж төрүүлдэг зүйл бол алга ташилт. Алга ташилт байна гэдэг бол миний хийсэн хөдөлмөр хүмүүст хүрсэн гэсэн үг. Тэндээс л бид урам авна.
-Энэ хугацаанд авсан бүх урмаас балетын жүжигчин болоход хамгийн их нөлөөлж эрч хүч, итгэл өгсөн нь гэвэл?
-Багш нарын минь магтсан, дэмжсэн, сайшаасан урмууд байна. Хар хатанд тоглож байхад манай балетыг байнга үздэг Мичидмаа эгч “Чи үнэхээр сайхан харагдаж байсан шүү” гэж хэлсэн нь их урам өгч байлаа.
-Балетыг өөрийнхөөрөө тодорхойлбол?
-Балет бол гоо сайхныг төгс урнаар илэрхийлэх урлаг юм болов уу.
ХӨДӨЛГӨӨНӨӨ ХИЙЖ ЧАДАХГҮЙ БОЛ ШАРАНДАА УЙЛЧИХНА
-Балетчин хүн гоо үзэмж, авьяас чадвар, өв тэгш бие цогцлоож байж үзэгчдэд хамгаас их таашаал төрүүлэх байх?
-Тийм л дээ. Гэхдээ бүх талаараа төгс байх албагүй ч сонгодог гэдэг утгаар зайлшгүй цензуртэй байхыг шаарддаг урлаг.
-Өөрийнхөө араншнаас тэс өөр ямар дүр бүтээж байв?
-Хар хатан юм уу даа. Би чинь их зөөлөн хүн.
-Балетын хөшигний ард жүжигчдийн бие биенээсээ өрсөх, гол дүрийн төлөөх шударга бус тэмцлийг кино урлагт харуулдаг. Харин амьдрал дээр?
-Манай Монголын нөхцөлд өрсөлдөөн харьцангуй бага шүү дээ. Бид чинь цөөхүүлээ. Дөнгөж 36-хан бүжигчинтэй. Тэгсэн хэрнэ дэлхийд тоглодог бүх сонгодгийг тайзнаа тавьж байна. Бүгд л ачаалалтай ажилладаг. Жишээ нь гадаадад жүжгийн нэг дүрд нэг л жүжигчин тоглодог бол бид “Хунт нуур”-ын дөрвөн үзэгдэлд хэдэн ч удаа хувцсаа сольж гардаг. Тэгэхээр өрсөлдөөн бага. Мэдээж тодорхой хэмжээнд өөрийн зорьсон дүрээ чадварлаг бүтээхийг эрмэлзэх нь чухал. Түүнээс бус бие биедээ атаархаад буруу өрсөх зүйл байхгүй л дээ.
-Түрүүн маш шартай гэж ярьсан. Уран бүтээл дээр хор, шараасаа болж уйлах тохиолдол гарна биз?
-Байлгүй яахав. Зөндөө. Хөдөлгөөнөө хийж чадахгүй болохоор шарандаа уйлчихна шүү дээ. Тиймээс хүрнэ гэсэндээ хүрч байж л санаа амарна.
ИЖИЛ МЭРГЭЖИЛТЭЙ БОЛОХООР БИД НЭГ НЭГНЭЭ ИХ ОЙЛГОЖ ДЭМЖДЭГ
-Танай гэр бүлийн хүн бас балетчин гэсэн байх аа?
-Тиймээ. Манай нөхөр театрын тэргүүн гоцлооч О.Ганцоож гэдэг залуу бий. Нэг тайзнаа хамт ажиллах нь их амар байдаг. Ижил мэргэжилтэй болохоор нэг нэгнээ их ойлгож дэмждэг. Жишээ нь алдаа гаргасан тохиолдолд бие биедээ зөвлөж, тусална.
–Жүжигт хамтдаа гоцолж байсан тохиолдол бий юу?
-Байхгүй. Яагаад гэвэл би тайзан дээр жүжиглэх үед өндөр болчихдог учраас нурууны хувьд тохирдоггүй.
-Хамтдаа ажилладаг нэг гэр бүлийн хоёр хүн бие биенээсээ амархан уйддаг гэх юм билээ?
-Харин хүмүүс та хоёр байнга бие биенийхээ царайг хараад залхдаггүй юм уу гэдэг. Гэтэл бидний мэргэжлийн онцлогоос шалтгаалдаг болоод ч тэр юм уу залхах тохиолдол гардаггүй л дээ.
-Урлагийн л хүн хойно эсрэг хүйсийнхээ жүжигчинтэй хамтарч дүр бүтээх тохиолдол гарна. Тэр үед бага зэргийн хардах сэтгэл төрдөг үү?
-Үгүй ш дээ. Тэр бол асуудал биш. Манай нөхөр сард дөрвөн тоглолт байлаа гэхэд тэр болгон дээр л өөр хүнд хайр сэтгэлтэй болж, гэрлэж буй дүр бүтээнэ шүү дээ. Чамайг өөр хүн тэврэхэд нөхөр чинь уурладаггүй юм уу гэж хүмүүс асуудаг. Гэтэл бид хоёр харин ч бие биедээ зөвлөх шиг болно.
НӨХРИЙН МИНЬ АВЬЯАС ЧАДВАР ӨӨРИЙН ЭРХГҮЙ БАХАРХАХ СЭТГЭЛ ТӨРҮҮЛДЭГ
-Анх нөхөртэйгөө хэзээ танилцаж байв?
-Бид хоёр Хөгжим бүжгийн коллежид нэг ангид сурч байсан. 2007 онд сургуулиа төгссөний дараа манай нөхөр Америк руу сургуульд явсан тэр үеэс дотносож эхэлсэн. Сургуульд байсан цагаасаа л хамтдаа байсан гэхээр нийт 15 жилийг хамт өнгөрүүлжээ. Гэр бүл болоод долоон жил болчихож.
-Нөхрөөрөө бахархах сэтгэлийг хэмжихийн аргагүй биз?
-Тэгэлгүй яах вэ. Жүжигт гол дүрийг авч явж чадварлаг амилуулж байгаа нь өөрийн эрхгүй бахархах сэтгэл төрүүлдэг.
–Хоёулаа урлагийн хүмүүс юм чинь их романтик байх даа?
-Тийм шүү.
-Нөхөр тань хэзээ хамгийн ихээр сэтгэлийг нь хөдөлгөв?
-Бид хоёр хүүхэдтэй. Том охиноо төрүүлээд эмнэлгээс гарахад нөхөр минь машинаар дүүрэн шаар авчраад хийсгэсэн нь үнэхээр их сэтгэл хөдөлгөсөн. Би их олон цаг өвдөж төрсөн л дөө. Намайг баярлуулах үе их байдаг. Ялангуяа тоглолт дууссаны дараа цэцэг бариад л ирдэг нь надад их урмыг өгдөг.
-Хүүхдүүд нь хэдэн настай вэ?
-Том нь таван настай, бага нь ой хоёр сартай.
ГАДНЫ БАЛЕТЧИД НАСААРАА ХҮҮХЭД ТӨРҮҮЛЭЭГҮЙ БАЙДАГ. ХАРИН БИД БОЛ ХҮҮХЭДТЭЙ ХЭРНЭЭ Л АЖИЛЛАЖ ЧАДДАГ
-Балетчин эмэгтэйг хүүхэд төрүүлэх ёсгүй гэдэг?
-Тийм ээ. Ер нь энэ мэргэжилд бие сэтгэлээ зориулсан гадны мундагчуудын дийлэнх нь хүүхэд төрүүлээгүй байдаг. Бид хоёрын хувьд анх хүүхэдтэй болсноо мэдээд ихэд ярилцсаны эцэст төрүүлэхээр шийдсэн. Монгол эмэгтэй хүнээр би бахархдаг. Гадаадын бүжигчид бол залуу насандаа хүүхэд төрүүлдэггүй. Бүр тэтгэвэртээ гарсан хойноо л болдог. Гэтэл манайхан дунд хоёр хүүхэдтэй балетчин цөөнгүй бий. Бид хоёр хүүхэдтэй хэрнэ л ажлаа хийгээд явдаг.
-Ялангуяа балетчин хүн хүүхэд төрүүлснийхээ дараа биеэ өмнөх шигээ авч үлдэнэ гэдэг асар их хөдөлмөр, тэвчээр, чадвар шаардах байх даа?
-Тийм ээ. Маш их тэвчээр гаргасан. Би хэзээ ч хүрч байгаагүй жиндээ хүртэл таргалж байсан. Бүр 98 кг-аас 44 кг-ыг хасч байлаа. Бидний хувьд хүүхдээ хоёр сар хүрэхэд нь ажилдаа орох ёстой. Түүнээс өмнө богино хугацаанд жиндээ хүрэх нь чухал. Миний хувьд хичээллэж болох бүх л спортыг хөөж, өөрийгөө завгүй байлгасны үр дүнд жингээ хассан. Сэтгэлзүйгээ бэлдэж байж л хүссэн жиндээ хүрсэн. Би ер нь их өөдрөг хүн. Хэр баргийн уурлаж, хүнтэй маргалдаад байдаггүй. Хэчнээн маргалдсан ч маргааш нь инээгээд л явж байдаг. Бухимдсан ч дотроо өөрийгөө тайвшруулж чаддаг.
Балетчин М.Мөнхтуяагийн нүүр хуудаснаас авав.
-Ингэж бодохоор эмэгтэй хүн асар их ачааг үүрч байгаа ч юм шиг?
-Манай эгч хүүхдийг минь харж өгч надад маш их тусалсан. Манай эгч урлагийн хүмүүсийн хүүхдүүд дандаа ингэж хаягддаг гээд л үглэдэг юм. Гэхдээ л сайн ч бүжигчин, халамжтай ч гэргий, эх хүн байхыг хичээж л явна даа.
-Охиндоо мэргэжлээ өвлүүлнэ гэж боддог уу?
-Бид хоёр бол эсрэг байр суурьтай л байдаг. Гэтэл манай охин балетад маш их сонирхолтой. Бүр хичээллэдэг. Ер нь балетчин болгохгүй юм аа гэхэд төгөлдөр хуурч ч юм уу урлагийн хүн болгоно гэж боддог.
-Хоёулаа бүжигчин юм чинь хааяа сонгодог урлагийн тайзнаас өөр орчинд бүжиглэнэ биз?
-Бүжиглэлгүй яахав. Чөлөөт цагаа найз нөхөдтэйгээ зугаатай өнгөрөөх үе байна. Хааяа шөнийн клуб орж бүжиглэнэ. Бид чинь нэг хэвийн баригдмал байдалд удаан байж чаддаггүй улс.
-Өмнө нь Миссийн тэмцээнд түрүүлж байсныг тань мэдэх юм байна?
-2007онд Монголын миссийн тэмцээнд орж түрүүлж байлаа. Их санаандгүй байдалтай орчихсон юм. Би шилмэл загварт багшилдаг байсан. Тухайн үед Манжуурт болсон миссийн тэмцээнд ороод Цовоо сэргэлэн мисс гэсэн шагналыг авсан юм. Үүний дараа Шилмэл загвараас миссийн тэмцээнд орох санал тавьсан л даа. Өөрийгөө байр эзэлнэ ч гэж тухайн үедээ ер бодоогүй. Амьдрал санаандгүй тохиолдлоор дүүрэн шүү дээ.
-Танд амжилт хүсье.
Гэрэл зургуудыг А.Ариунболд