Холливудын алдарт хос Брэд Питт, Анжелина Жоли нар “Исламын улс” алан хядах бүлэглэлийн бөмбөгдөлтөд өртсөний улмаас эцэг эхгүй өнчин үлдсэн Сири хүүхдийг үрчилж авахаар шийджээ.
Анжелина Жоли НҮБ-ын Дээд комиссарын удирдлагын дүрвэгсдийн асуудал хариуцсан тусгай элч билээ. Саяхан дүрвэгсдийн хуаранд танилцсан Сири хүүгийн нэг нь англиар ярьдаг байсан бөгөөд бөмбөгдөлтийн үеэр ээж нь амиа алдаж, аавыг нь цэргүүд авч явсан талаар хэлжээ. Ах дүү гурав ийнхүү өнчирч үлдсэн байна.
Жоли АНУ-д эргэн ирснийхээ дараа ах дүү гурвыг гурвууланг нь үрчилж авах талаар нөхөр Брэд Питтийг ятгасан боловч тэрээр зөвшөөрөөгүй байна. Хосууд удаан хугацаанд ярилцсаны эцэст ах дүү гурвын нэгийг л үрчилж авах шийдэлд хүрсэн байна хэмээн The Mirror мэдээллээ.
“Есөн хүүхдийг өсгөнө гэдэг амаргүй зүйл. Гэр бүлд шинэ гишүүн бий болох түүний одоогийн хүүхдүүдэд хэрхэн нөлөөлөхийг мэдэхгүй. Иймээс Жоли, Питт хоёр нэг л хүүхэд үрчилж авах шийдвэрт хүрсэн” гэж хоёр жүжигчинтэй ойр дотнын эх сурвалж хэллээ.
Жоли, Питт нар одоо зургаан хүүхэдтэй бөгөөд тэдний талыг нь өргөж авсан. Хосууд 13 настай Мэддокс, 11 настай Пакс, 10 настай Захара, наймтай Шайло, зургаан настай ихэр Вивьен, Нокс нарыг өсгөж буй.
Анжелина Жоли НҮБ-ын Дээд комиссарын удирдлагын дүрвэгсдийн асуудал хариуцсан тусгай элчийн үүргийг 13 жил хашиж байна. Энэ хугацаанд тэрээр Камбож, Ангол, Ингушет (ОХУ), Осети (ОХУ), Иордан, Ирак, Испани, Пакистан, Афганистан, Гайти, Тунис зэрэг олон улсад дүрвэгсдийн хуаранд очиж байсан.
Эх сурвалж: The Mirror
Х.Көгершин | GoGo.mn