Тим Илмор бол “IY үеийнхэн: Тэдний ирээдүйг аварч болох сүүлчийн боломж”, “Хиймэл нас бие гүйцэлт: Жинхэнэ насанд хүрэгч болоход нь хүүхдэд хэрхэн туслах вэ”, “Эцэг эхчүүдийн зайлсхийж болох 12 том алдаа” зэрэг хүүхдийн хүмүүжил, хөгжлийн тухай 25 орчим бестселлер номын зохиогч билээ. Тэрбээр өсвөр насны хүүхдүүдийг маргаашийн манлайлагч болоход нь чиглүүлж өгдөг “Өсч буй манлайлагч” байгууллагын үүсгэн байгуулагч. Өдгөө Илмор орчин үеийн хэдэн зуун мянган эцэг эхчүүдийн хувьд хэнээр ч орлуулшгүй дотно зөвлөгч нь болоод байна. Ингээд, “хүүхдийн нас бие гүйцэлт”-ийн талаарх түүний нийтлэлийг хүргэе.
Итгэх эсэх нь таны хэрэг, гэхдээ Жастин Бибер бол “нас бие гүйцсэн хүүхдүүд”-ийн нэг томоохон төлөөлөл юм. За тэгээд Майли Сайрус гэхчлэн уг жагсаалт үргэлжилнэ. Арван гурван настайд нь ийм хүүхдүүдийг ангийнхан нь атаархал, бишрэл шингэсэн харцаар нэвт ширтдэг байсан бол 10 жилийн дараа “хэт эрт нас бие гүйцсэнээс нь” үүдэлтэй хор уршгууд илэрч эхэлдэг аж. Ийм асуудалд орсон хүүхэд заавал нэр алдартай байх албагүй юм.
Дунд сургуульд нэг ангид сурдаг байхдаа л чи тэднийг мэддэг байсан. Тэд чамаас маш их ялгардаг байж билээ. Харин насанд хүрмэгц тэд эрс өөрчлөгдсөн. Тийм хүүхдүүдэд чухам юу тохиолддог юм бол?
“Хэт эрт бойжсон хүүхдүүд хэвийн амьдрах чадваргүй болдог” хэмээн Виржиния их сургуулийн профессор Жосеф П.Аллен өгүүлжээ. Тэрбээр эрсдэлээс эмээдэггүй, эрт хөгжсөн, “догь” хүүхдүүдийг сүүлийн 10 жил ажиглан судалж байна. “Догь” хүүхдүүд дунд сургуульд сурч байхдаа нийгмийн байр сууриа аль хэдийнэ олчихсон байдаг нь судалгаагаар нотлогджээ. Тиймээс тэд цаашид уг байр сууриа алдахгүйн тулд тэмцэж эхэлдэг байна.
Хэт эрт “нас бие гүйцэх” гэж тэмүүлснээр хүүхдүүд асуудалд ордог нь Доктор Аллений судалгаанаас харагдаж байна. Тэд 20 нас хүрэхдээ л хувийн харилцаа, архи дарс, хар тамхи, бүр эрүүгийн асуудалтай нүүр тулж эхэлдэг аж. ““Догь” хүүхдүүд дунд сургуульд байсан шигээ л амьдарсаар байдаг. Тэд насанд хүрсэн хойноо ч “догь” байхын тулд илүү экстрим зүйлсийг туршиж эхэлдэг. Тухайлбал, бямба гарагт зургаан шил шар айраг ууж барснаа үе тэнгийнхэндээ онгирч ярина. Харамсалтай нь, энэ үед түүний энгийн найзууд жинхэнээсээ том хүмүүс болсон байх бөгөөд “догь” найз нь нийгэмдээ дасан зохицох чадваргүй болохыг аажмаар анзаарч эхэлдэг” гэх дүгнэлтэнд доктор Аллен хүрчээ.
Нью-Йорк Таймсын сэтгүүлч Жан Хоффман уг үзэгдлийг шинжин бичихдээ дунд сургуулийн “од” хүүхдүүд найзууддаа өндөр сэтгэгдэл төрүүлэхийн тулд яахаас ч буцдаггүйг онцолжээ. Тэдний нүүрэмгий байдал шүтэн бишрэх хандлагыг үүсгэдэг нь үнэн. Гэвч дунд сургуулиа төгсмөгц найзууд нь жинхэнээсээ нас бие гүйцэж, харин “догь” хүүхдүүдийн нэр алдар замхарч эхэлдэг. Хүүхэд байхдаа нийгмийн байр сууриа илэрхийлэхдээ тааруухан байсан үе тэнгийнхэнтэй нь 23 нас хүрсэн “догь хүүхдүүд”-ийг харьцуулахад согтууруулах ундаа, хар тамхи хэрэглэснээр асуудалд өртөх нь 45 хувиар илүү байсан бөгөөд эрүүгийн хэрэг үйлдэх магадлал нь 22 хувиар өндөр байжээ.
“ХИЙМЭЛ НАС БИЕ ГҮЙЦЭЛТ”
“Хиймэл нас бие гүйцэлт” номд хөндөгддөг асуудлууд доктор Аллений судалгаанаас тодорхой харагддаг. Үнэн хэрэгтээ манай нийгэм хүүхдүүдийг хэт эрт хөгжсөн мэтээр харагдахыг нь хөхиүлэн дэмждэг. Өөрөөр хэлбэл, сэтгэл зүйн хувьд төлөвшөөгүй байхад нь хэт их мэдээллээр бөмбөгдөж, төрөл бүрийн сэтгэгдэл авах үүдийг нээж өгдөг. Ингэснээр том хүмүүс хүүхдийнхээ хөгжлийг “хиймэл” байсныг анзаарахгүй өнгөрөх нь олонтоо. Тэд аливаа юмыг танин мэдэхдээ, эсвэл нийтэч байдлаараа бусад хүүхдээс хавьгүй илүү байж болох ч сэтгэл санааны хувьд хоцрогдмол байх нь элбэг. Уг асуудал олон сая өсвөр насны хүүхдэд илэрч байна.
“Хиймэл нас бие гүйцэлт”-тэй тулгарсан хүүхдэд авч болох таван арга хэмжээ:
1. Эерэг алхам хийхэд нь урамшуул. Ингэснээр сөрөг араншин, зан авираасаа хагацахад нь тусална.
Өсвөр насны хүүхдийн тархи эрсдэлд тэмүүлдэг нь судалгаагаар тогтоогдсон. Дээр дурдсан хүүхдүүд ихэвчлэн архи, секс, тамхитай холбоотой эрсдэлүүдийг өөр дээрээ туршдаг байна. Бид яагаад тэдэнд сонирхолтой, сэтгэл татам төслүүдийг танилцуулж болохгүй гэж? Жишээ нь, хавдар, эсвэл ДОХ-ыг эмчлэх зорилгоор 10’000 ам.доллар босгох тухай байж болно. Тэдний эрсдэлтэй алхам хийх хүслийг эерэг хэрнээ “догь” хувилбарууд руу чиглүүлэхэд анхаарлаа хандуул. Энэ бол маш чухал алхам юм шүү.
2. Зөвхөн гаднах байдлаараа бус, өөр бусад зүйлс дээр ч тулгуурлан бие хүнээ бүрдүүлж болдгийг ойлгуул.
Дотоод ертөнц, мөс чанараас бүрдсэн өөрийгөө хүндлэх зарчмыг үнэлэхэд нь тусал. Учир нь “догь” хүүхдүүд үүний эсрэг үйлдэл хийхийг чухал зүйл мэтээр ойлгосон байдаг. Тухайлбал, шивээсээр өөрийгөө илэрхийлэх, олон охин /хөвгүүн/-той үерхэж, бэлгийн харилцаанд орсноор нэр хүнд олох зэргээр төсөөлдөг. Тэдэнтэй авьяас, хүсэл тэмүүлэл, хувь хүний өвөрмөц чанарын тухай ярьж, эргэн тойрны хүүхдүүдийн өгсөн тодорхойлолтоос ангид сэтгэх боломж олго.
3. Ертөнцийг үзэх үзлийг нь тэлэхийн тулд хамт аял.
Хэрэв таны сурагч, оюутан, эсвэл хүүхэд үе тэнгийнхнийхээ дунд илүү алдартай болох тухай л бодоод байгаа бол, эсвэл бусад хүүхдээс дарамт шахалт амсаж байгаа бол тэдэнд ертөнцийг өөр олон өнцгөөс харж болдгийг ойлгуулах зорилгоор бяцхан аялал төлөвлө. Чадвал олон улс орныг үзүүлж, нүд тайлахад нь туслаарай. Өөрөөс нь боломж бололцоогоор хавьгүй хомс хүмүүсийг харж, тэдэнд тусалснаар хүүхдийн тань ертөнц улам тэлнэ.
4. Үлгэр дуурайл авч болохуйц хүмүүстэй танилцуул.
Тим Илмор: “Хүүхдүүд маань “хэт эрт нас бие гүйцэх” гээд байсан тул энэ асуудлыг шийдэхийн тулд тэднийг дуртай мэргэжлээрээ амжилттай яваа дунд насны хүмүүстэй уулзуулж, танилцуулдаг байлаа. Манай хоёр хүүхэд тэдгээр уулзалтаас маш их зүйл сурч, хүүхдүүдийн дунд алдартай болох нь тийм ч чухал бишийг ойлгож, өргөн сэтгэдэг болсон юм. Ингэснээр тэд маань гэрэлт ирээдүйгээ төсөөлж, өөрсдийг нь сүйтгэх эрсдэл үүрэхээс татгалзах болсон юм”.
5. Тэдэнд хариуцлага үүрүүл.
Хүмүүс том болох шаардлагатай тулгарвал л том болдог юм. Өсвөр насны хүүхдүүд үүнийг “мэдэж авах ёстой зүйлс”-ийн жагсаалтдаа оруулах хэрэгтэй. Та “хиймлээр том болсон” хүүхдэдээ хариуцлага үүрүүлэхээс бүү эмээ. Өөрт нь таарч тохирсон үүрэг ноогдуул. Бүх зүйл өөрөөс нь хамааралтайг, үүргээ хэрхэн биелүүлэхээс үр дүн нь шалтгаалахыг ухааруул.
Хүүхдүүд нэр алдрын төлөө өрсөлдөж, ийнхүү завгүй байх үедээ хөгжлийнхөө маш чухал үе шатыг анзааралгүй өнгөрүүлчихсэн байдгийг доктор Аллен судалгаандаа онцолсон. Тэр нь юу вэ гэвэл, иймэрхүү уралдаанд оролцдоггүй хүүхдүүд харилцааны гол чанаруудын талаар бие биеэсээ танин мэдэж, суралцдаг байна. Тухайлбал, баасан гарагт хамт кино үзэж, эсвэл цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалангаа зайрмаг идэж, энгийн харилцаанд орсноор сэтгэл зүйн хувьд хамаагүй туршлагатай болдог аж. Эцэг эхчүүд хүүхдийнхээ насанд тохирсон энэ мэт харилцааг дэмжих хэрэгтэй.
Өсвөр насны хүүхдийн хувьд нас бие гүйцэх гэдэг нь үнэнч, сайн найз, түшиг тулгууртай, идэвхтэй, мөн хариуцлагатай хүү/охин байхыг хэлнэ. Гэвч есдүгээр ангийн сурагчийн хувьд энэ тийм ч амаргүйг бид мэднэ.
Эх сурвалж: Нийслэл guide