“Бүсгүйн заяа” тэргүүтэй цөөнгүй уран бүтээлээр олны сонорыг мялаасан залуу дуучин Ч.Сэлэнгэ ардын дуутай “нөхөрлөжээ”. Тэрбээр поп урсгалын уран бүтээлээ түр завсарлаж, дан ардын дуунаас бүрдсэн “Аялгуун” нэртэй анхны цомгоо өлгийдөн авсан байна.
Уг цомогт нь “Хоёр нутгийн эрх”, “Хөх торгон цамц”, “Аргагүй амраг”, “Бүүвэйн дуу” зэрэг есөн дуу багтсан аж. Ардын дууг сонирхолтой хэв маягаар дуулсан тэрбээр энэ цомгийнхоо талаар “Орчин үеийн хөгжимтэй хослуулж, поп стиль барьж дуулсан болохоор хүмүүст содон санагдах болов уу” гэж тайлбарлажээ.
Цомгийн баяр нь ирэх долдугаар сарын 7-нд болох бөгөөд энэ өдөр дуучин бүсгүй төрсөн гэнэ. Ийнхүү стиль имижээ эрс өөрчлөн, ардын дуугаар “амьсгалсан” Ч.Сэлэнгэ тун удахгүй поп дуунаас бүрдсэн шинэ цомог гаргахаар төлөвлөжээ.
Р.ЕСҮЙ