Холливудын алдартай хосуудын нэг Деми Мур Эштон Катчер нар өчигдөр албан ёсоор салсан тухай тэдний бие төлөөлөгчид мэдэгдсэн байна. Деми Мурын төлөөлөгч “People” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Түүний зүрх хүчтэй шархалсан. Хосууд зургаан жил амьдарсны эцэст хоёр тийш болж байна” гэжээ.
Төлөөлөгчийн ярьснаар Деми Мур өөр газарт очиж амьдрах юм байна. Сүүлийн үед хосууд хамт байх нь багассан бөгөөд Эштон Катчер өөр бүсгүйтэй явалдах болсноор хосууд салахаар болжээ. Тэд 2005 оны есдүгээр сарын 24-нд гэрлэж байсан юм. Эштон Катчер эхнэрээсээ 16 насаар дүү байсан нь тухайн үед нэлээд шуугиан тарьж байв.
Деми Мур 1980 онд 18 настайдаа дуучин Фредди Муртай гэрлэж, дөрвөн жилийн дараа салсан байна. Харин 1987 онд жүжигчин Брюс Уиллистэй гэрлэж гурван хүүхдийн эцэг эх болон, Холливудын үлгэр дуурайлтай хосуудын тоонд орж байв. Гэвч тэдний гэрлэлт 13 жилийн настай байсан бөгөөд 2000 онд гэрлэлтээ цуцлуулжээ. Эштон Катчерийн хувьд анхны гэрлэлт нь байсан юм.