Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Аюурзаныг “Хүмүүс” буландаа урилаа.
-“Шүгдэн” роман саяхан хэвлэгдсэн ч уншигчдад аль хэдийнэ хүрсэн. Ийм бүтээлийн ард гараад, уншигчдын сэтгэлд хүрснийг нь мэдрэх сайхан байгаа байх.
-Хүмүүс дажгүй хүлээж авч байна билээ. “Бөөгийн домог”- той харьцуулж их ярьцгааж байна. Өвөрмонголоос ч хү- мүүс захиа ирүүлсэн. Номын хувь заяа гэдэг хэвлэгдсэнээсээ хойш зохиогчид бараг л хамааг үй болчихдог зүйл боловч энэ зохиолд нэг л өөр үнэ цэнэ шингээх гэж зорьсон минь зарим уншигчдад ойлгогдох байх аа.
-Танаас заавал асууна гэж боддог нэг асуулт байдаг юм. Танд инээдтэй ч санагдаж магадгүй. “Цасны роман”-д өгүүлдэг домог үнэхээр өвгөдийн яриа юм уу, таны тархи, оюунаас төрсөн домог уу?
-Өвгөдийн яриа гэвэл өвгөн нь би өөрөө л дөө. Гэхдээ зохиолд сэдэл болсон нэг өвөл санаанаас огт гардаггүй юм. 1970-аад оны сүүлчээр нэг өглөө гэрээс гарах гэтэл хаалга маань онгойхгүй байж билээ. Шөнөдөө цас дарж хоноод тэр л дээ. Сургууль дээрээ яваад очтол хүүхдүүд гэрийнхээ тооноор гарч, үүднийхээ хунгарыг гаднаас нь малтсан гэлцэж байсан юм даг. Баянхонгорт л лав нэг удаа тийм их цас орохыг үзсэн. Тэгэхээр “Цасны роман”-д гардаг шиг тийм цас орох боломжтой гэсэн үг.
-Одоо ямар бүтээл дээр ажиллаж байна вэ. Г.Аюурзанын бүтээлийг хү- лээж байдаг уншигчдадаа ой рын үед ямар бэлэг барих бол?
-Одоогоор шинэ зохиол эхлээгүй. Харин нэг шүлгийн ном бараг бэлэн байгаа, гаргаж ч магадгүй.
-Л.Өлзийтөгс эгч та хоёрын номыг маш олон хүн хүсэн хүлээж, шимтэн уншдаг. Харин та хоёр ямар ном уншиж байна вэ?
-Хамгийн сүүлд би Мераб Мамардашвилийн нэг ном уншсан. Энэ сэтгэгчийн тухай тун сонин дурсамж надад байдаг юм. Хоёрдугаар курст сурч байхдаа би бараг л анх удаа төрсөн өдрөө тэмдэглэх аядсан юм л даа. Надтай хамт Долматовскийн семинарт явдаг, Астрахань нутгийн Вячеслав Ананьев гээд нэг яруу найрагч байсан. Тэр хугас лонх архи барьчихсан, “Өнөөдөр “Внуково” дээр Мамардашвили нас барчихжээ” гэсээр орж ирсэн. “Внуково” гэж Москвагийн нэг нисэх буудлын нэр л дээ. Харин Өлзий яг одоо юу уншиж байгааг би мэдсэнгүй. Угаасаа л ямагт нэг ном шагайгаастай суудаг хүн шүү дээ.
-Залуу яруу найрагчид сэтгэлгээний, модернист шүлэг бичих гэж оролдоцгоож байна. Тэдний шүлэг, зохиолыг уншиж, санал зөвлөгөө хэлдэг үү?
-Саналаа хэлэх үе байна аа, байна. Саяхан Эрдэнэтэд амьдардаг Мөнхбаяр хэмээх лам яруу найрагчийн анхны номыг уншиж, редакторласан. Сайхан ном байна билээ.
-Утсаар ярихад зусландаа байна гэж байсан. Зуслан гарахад арай эрт юм биш үү?
-Зуслан гэж нэрлээд сурчихсан болохоос өвлийн байшин л даа. Түрүү жилээс би өвөл, зунгүй эндээ суудаг болсон. Хотоос хол, агаарт суусны хүчинд л “Шүгдэн”-г бичлээ шүү дээ.
-Өлзий эгч та хоёрыг телевиз үздэггүй болохоор гэртээ зурагтгүй гэж сонссон. Хэрэгтэй, хэрэггүй мэдээллээс зугтах хэрэгтэй байдаг байх л даа. Гэхдээ өнөө үед зурагт үзэхгүй байна гэдэг санаанд багтам гүй санагддаг?
-Зурагтгүй айл нэлээд хэдийг мэдэх юм байна. Зурагтг үй гээсээ болоод дүн хүү болцгоочихож гэж лав сонссон гүй. Бүгдээрээ болоод л байна. Манай гэрийн хувьд бол, энэ яах аргагүй Өлзийгийн санаа л даа. “Телевиз цагийн дайсан төдийгүй эрүүл мэндийн дайсан юм” гэдэг дүгнэлтийг манай хүн гэнэт л хийсэн. (инээв) Зурагтгүй болсон чинь нээрэн их завтай болдог юм билээ. Бид хоёр телевиз нэг үзэхээрээ суваг солиод л баахан суучихдаг байсан. Үүр цайтал дэмий юм харчих тохиолдол ч байх.
-Өлзийтөгс эгч та хоёрыг маш төстэй зан чанартай, адилхан үзэл бодолтой гэж төсөөлдөг маань зөв үү, буруу юу?
-Үзэл бодол, амьдралд хандах хандлагын хувьд ижил төстэй юм байна аа, байна. Уран зохиолын тал дээр гэхэд үзэл бодол, мэдрэмж ер нь л нийлдэг. Харин хувь зан чанарын тухайд бол, мэдээж, яаж бүх юмаараа яаж адил байх вэ.
-Та хоёрыг учруулах гэж бурхан хэр их хөдөлмөрл өсөн бол?
-Өө, их хөдөлмөр орсон байж таарна. (инээв) Хоёр ааш муутай юмыг нийлүүлэх гэж тэр дээр их юм болоо биз. Эсвэл тэр ерөөсөө оролцоогүй ч байж магадгүй. Бурхан хуруугаа хөдөлгөж ч амжаагүй суухад бид өөрсдөө л хамт байхаар шийдэцгээсэн гэвэл надад илүү сайхан санагдаж байна.
-Монгол ёсолгоог дэмжиж ярьсныг чинь уншсан. Энэ ёсолгооны юу нь танд зөв санагдсан юм бэ?
-Юу нь зөв санагдав гэнэ ээ? Хэрхэн гараа хөдөлгөж, ямар үйлдэл хийж байгаа нь бол огт гол биш шүү дээ. Язгуурын монголчууд тэнгэр шүтлэгтэй байсан болохоор тэнгэрт хандаж буйд нь л хамгийн гол утга оршиж таарна аа даа. Биеийн хөдөлгөөний хэлээр тэнгэрт хандах хүндэтгэлийг хэчнээн ч янзаар илэрхийлж болно. Жишээ нь, энэ үйлдэл байхад болмоор ч юм шиг л санагдсан.
-Монголчууд ингэж ёсолдог байсныг батлах мэдээлэл та олж үзсэн үү?
-Монголчууд эртнээсээ үнэхээр хосгүй, чөлөөт сэтгэлгээтэй ард түмэн. Юмыг загварчлаад байдаггүй. Тэнгэрт мөргөхдөө гараа төдий чинээ өргөж, алгаа тийн дэлгэж, нуруугаа ийн хотойж, дараа нь духаа төдөнтээ газарт хүргэ гэж нэг ч сурвалж бичигт хуульчлаагүй. Тэгэх нь нүүдэлчний сэтгэхүйг боомилсон мунхаг хэрэг болох байсан биз. Ер нь манай сурвалжуудад монголчууд 88 уньтай, таван ханатай, үүдэндээ хас хээ хатгамалдаж ширсэн гэртэй байлаа гэхчлэн тоочсон зүйл огт байдаггүй шүү дээ. Тэр ч бүү хэл манай түүх, утга зохиолын хосгүй дурсгал “Нууц товчоо”-нд ч Чингис хаан тийм хошмогтой дээл, тийм загвартай малгай өмс өв гэх маягийн тоочилт тааралдахгүй. Ахуйг шүтнэ, али вааг тоочно гэдэг бол уншигчийн төсөөллийг хязгаарлаж буй загвар гэж орчин үеийн судлаачид үздэг. Нүүдэлчид илүүц хогшил хураадагг үй шигээ илүүдэл жороор зан үйлээ хашдаггүй, тийм л гайхалтай сэтгэлгээтэй байж шүү дээ. Тэгсэн атлаа Чингис хаан Бурхан Халдуны тэнгэрт есөнтөө мөргөсөн ту хайд бүсээ хүзүүн дээрээ то хоод, малгайгаа гартаа авч, гараа өвчүүндээ наан сөгдөв өө гэж буй. Юутай ч тэнгэрт мөргөж тодорхой ёс гүйцэтгэсэн нь ойлгогддог. Тэгэхээр бид юун төлөө түүхийг эрхшээсэн элэнц дээдсийн удам билээ дээ, эх нутгийнхаа эзэн сүлдэнд хүндэтгэл үзүүлж байгаагаа илэрхийлэх ямар нэгэн зан үйлийг хойч үедээ үлдээх нь зөв л дөө.
-Аливаа зүйлийг сайн, муу яриа дагаж явдаг хойно, энэ ёсолгоог олон нийтийг хамарсан арга хэмжээнд хэрэглэхэд тө вөгтэй. Наад зах нь наадмын нээл тэд орол цогчид ингэж ёсолж зураг авахуулбал нэг ний хээ нүүрийг халхалж, “Обамадах” юм байна гэх яриа бас гарсан байна билээ.
-Ямар зураг авахуулах гэж байгаа биш, тэнгэрт л харагдаж байвал боллоо шүү дээ. Тэгээд ч намхан нуруутай хүнийг зурагчнаас халхлах зүйл бишгүй л таардаг бол, хэнийг ч тэнгэрээс халхлах зүйл гэж үгүй шүү дээ. Энэ чинь л тал нутгийн онцгой сэтгэлгээ. Цааш нь ургуулаад бодох юм бол философи утга ч гарч ирнэ.
-Монгол ёсолгоог дэмжсэн ярианы чинь дор “А юурт таа лагдсан бол болжээ гэ сэн үг” гэсэн коммент бай сан. Хүмүүст ингэж үнэлэгд дэгээ та мэддэг үү?
-Үгүй яахав, миний хэдэн номноос уншсан хүн л тэгж бичсэн байх л даа.
-Таныг Монголын орчин үеийн утга зохиолын гол тө- лөө лөгч, сэтгэгч, цаг үеэсээ түрүүлсэн хүн гэх зэргээр үнэл дэг хүмүүстэй таарч байлаа.
-Өөрийн гэсэн тогтсон уншигч, дэмжигчидтэй гэдгээ гадарлана. Харин, хэн юу гэж хэлж ярьдгийг бол мэдэхгүй шүү дээ.
-Та заримдаа түрүү үеийн найрагчдыг шүүмжлэх өнгө аяс цухуйлгадаг шиг санагддаг. Өнгөрсөн рүүгээ гар буугаар буудвал ирээдүй чам руу их буугаар буудна гэдэг үгийг хэрхэн үнэлдэг вэ?
-Эрүүл шүүмж гэдэг хаа ч байдаг л зүйл. Түрүү үеийн байтугай одоо үеийнхээ зохиолч яруу найрагчдын бү- тээлд ч шүүмжлэлтэй хандах үе надад олон гардаг. Ирээдүйд хэн намайг их буугаар буудчих бол гэж айгаад бусдад ая тал засаж, өмнөх үеийнхний бичсэн бүхэн алт эрдэнэс гэсэн шүү худлаа юм яриад явбал өөрт хал балгүй байх л даа. Гэхдээ ядахнаа өөрийнхөө үзэлд үнэнч, олж эзэмшсэн мэргэжилдээ голч байх гэж нэг юм бас бий шүү дээ. Муу санагдсан юмаа сайн гээд яриад явж байлтай биш. Бурхны авралаар одоохондоо л лав тийм өрөвдөлтэй байдалд ороход бэлэн биш байна.
-Та багадаа ямар ном унш даг байв?
-Миний бага насыг жаргалтай байлгахад хувь нэмрээ оруулсан номууд гэвэл Жюль Верний “Нууцат арал”, “Арван таван наст капитан”, Бажовын “Ногоолин хайрцаг”, Куперийн “Сүүлчийн могикан”, Майн Ридийн “Оцеола баатар” гээд л олон доо. Робинзон Крузод мөн ч их атаархдаг байж билээ. Эргээд бодсон чинь одоо ч түүнд атаархдаг хэвээрээ юм байна. Дээхнэ үед нэг зохиол дотор өвгөжөөр эр бяцхан жаалтай ярилцан суугаа тухай уншсан минь гэнэт санаанд орчихлоо. Хижээл эр “Чи Том Сойерыг уншсан уу?” гэхэд хүү “Үгүй” гэнэ. “Эрдэнэсийн арал”-ыг?” гэхэд нь жаалхүү бас л уншаагүй гэнэ. Тэгэхэд нь хижээл эр юу гэж хэлдэг гээч? -“Мөн ч тоогүй байна даа” гэдэг юм болов уу? -Хижээл эр санаа алдаад, “Ай даа, жаалхүү чи мөн ч азтай хүн юм даа. Тэр номуудыг анх удаа уншихад хэчнээн сайхан байдаг гэж санана!” гэж хэлдэг юм. Би Фолкнерын “Баавгай” туужийг анх уншиж байхдаа босоод хашгирмаар болж билээ. Ирээдүйд тийм сайхан номуудыг уншиж, номын амтанд орох жаалуудад үнэхээр атаархаж байна шүү.
Х.УЯНГА /Mongolnews.mn/