Нэг. Төрсөн үрдээ хайргүй хүн гэж хаа байхав. Тэр бүү хэл араатан амьтан ч үрийнхээ төлөө яахаас ч буцдаггүй билээ. Бага байхад ээж минь чогчигоны өндөгтэй газар хонио битгий хариулж бай гэж байнга сургаж байсан үг санаанаас гардаггүй юм.
Хонь хариулж явахад чогчигоны өвст талд нуусан өндөгтэй байнга таарна. Мал их ухаантай амьтан. Суурь хонь туугаад гарахад чогчигоны үүрэн дэх хэдэн бор саарал өндгөн дээр гишгэнэ гэж ер үгүй. Нөгөө муу эх нь тэвдэж сандран чог чог дуугарч тийшээ бүү яваач гэж биднээс гуйн чарлана.
Бууж нисэн ойртож холдон жиргэх нь даанч өрөвдөж бас хайрламаар. Болж өгвөл малаа тийш нь туухгүйг хичээдэг байлаа. Харин тогоруу бол огт өөр. Талд нуусан өндгөндөө ойртсон хэнбугайн ч өөдөөс хоёр далавчаа дэлгээд шууд л явгалаад дайраад ирнэ. Ямар ч амьтан харсан түүнээс айж сүрдэн холдохоос өөр замгүй.
Хавар ойд явж байхдаа та бяцхан эрээн цох хусны навчийг хутга мэт хурц шүдээрээ яг тэгшхэн зүсэж аваад хэд давхарлаж нямбайлан хуйлж байгаатай таарсан уу.
Хөл хүнд эх нь удахгүй төрөх бяцхан үрдээ байрыг нь бэлдэж байгаа нь тэр. Цорго мэт нарийхан хуйлсан үүрэндээ хэдэн өндгөө хийж авахаас наана түүний санаа огт амрахгүй.
Уран шувууны үүр гэж бас маш гоёмсог зүйл бий. Огт бүтэхгүй зүйлийг монголчууд бид харганы ноос түүж эсгий хийхтэй адил гэж ярьдаг. Гэтэл тийм биш аж. Алганд багтам бяцхан шувуухай алс холоос ноос үс түүж ирээд өөрийнхөө өд сөдийг хүртэл зулгааж чимэж байгаад хачин гоё үүр нэхдэг. Үрдээ бэлдэх тэр чамин үүрийг яаж нэхдэгийг аав ээж нь л лав зааж сургаагүй нь мэдээж. Үрээ гэсэн эхийн сэтгэлтэй нь хамт Бурхан түүнд энэ ур ухааныг төрөхөөөс нь өмнө хайрласан байж таараа.
Манай гаригийн хамгийн хүйтэн цэг болох өмнөд туйлд амьдардаг оцон шувууг очиж үзээгүй боловч зурагтаар хараагүй хүн бидний дунд үгүй. Төрсөн үрээ -70 хэмийн хүйтэнд хөлдөж үхэх аюулаас хамгаалах үүргийг ээж нь биш аавууд нь үүрдгээрээ бидэнд мөн сургамжтай. Ээж нь төрөнгүйт ганц өндгөө хүйтэн цасан дээр унагалгүй аавынх нь дулаан өвөрт хийж орхиод өөрөө хоол тэжээл цуглуулахаар дулаан орныг зорьдог.
Эр эм оцон шувуу хоёулаа яг адилхан Австралийн инж мэт хэвлийндээ хүүдийтэй. Түүнийг нь би аавынхаа өвөртэй зүйрлэж байгаа юм. Бурханаас тэдэнд гар заяагаагүй болохоор гаргасан өндгөө өврөөсөө өвөрт дамжуулах гэж үйлээ үзнээ хөөрхийс. Хэвлийгээрээ хоорондоо бие биенийгээ байдгаараа шахаж зогсож байгаад өндгөө газар унагалгүй дамжуулж буй тэднийг харахад үнэхээр сэтгэл хөдлөм.
Дамжуулж чадалгүй төрүүлсэн ганц үрээ хүйтэн цасан дээр нэг л алдах юм бол дуусаа, ямар ч авралгүй гэсэн үг. Өндгөө өвөрлөсөн аавууд хэдэн арван мянгаараа нэг газарт бие биенийхээ нөмөрт бөөгнөрөн зогсож, өвлийн тэсгим хүйтнийг даван туулна. Тэдэнд хоол тэжээл юу ч байхгүй. Байгаагаас өвөрт нь байгаа ганц үр нь. Түүнийхээ төлөө нар хэзээ ч үл тусах Антарктидийн харанхуй өвлийг цасан шуурганд нүдүүлэн 90 хоног нойр хоолгүй зогсох тэнхээ тэвчээр тэдэнд байдаг бөлгөө.
Хоёр. Баян чинээлэг айл ганц хөөрхөн охинтой түүндээ аав ээж нь ухаангүй хайртай байжээ. Нэгэн өглөө бяцхан охин нь гэрийнхээ ойролцоох сургуульдаа явахдаа биеийн тамирынхаа шаахайг мартсаныг нь харсан зарц бүсгүй нь авч ухаангүй хурдлан гүйсээр сургууль дээр нь хүргэж өгснөөр хэрэг бишдсэн байна. Хичээлээсээ учиргүй ууртай ирсэн охин нь ээжийгээ толгой түрүүгүй загнаж тэрхүү зарц бүсгүйг одоохон гэрээсээ хөөж явуулахыг шаардаж гэнэ. Учир нь нүүр царай нь хүн харахын аргагүй сорвитой зарц бүсгүй ангийнх нь хүүхдүүдэд харагдсанд охин ихэд ичиж тэгээд түүндээ уурласан юм байх.
Ээж нь охиноо тайвшруулаад доорхи түүхийг ярьж өгчээ. Охины ээж, зарц бүсгүй хоёр багадаа нэг дор өссөн үй зайгүй найзууд байж. Хувь заяаны эрхээр охины ээж нь баян хүнтэй суун хот руу нүүсэн гэнэ. Харин зарц бүсгүй тосгондоо үлдэн бүтэлгүй гэрлэлтээс нэг охинтой болж тэндээ үлдэн амьдарч байжээ. Нэгэн өдөр тэдний сүрлэн байшин шатаж ойролцоо тариан талбайд ажиллаж байсан ээж нь дотор нь байсан охиноо аврахаар хэн ч ойртохын аргагүй гал дүрэлзсэн байшин руу хүмүүсийн хориглолтонд дийлдэлгүй дайран орж охиноо гаргаж авч чаджээ.
Ээжийнхээ дээлэнд ороогдон гарч ирсэн охин бүрэн бүтэн үлджээ. Харин нүцгэн ээжийнх нь бие маш их түлэгдэж нөгөө баян найз нь тусалж эрчимтэй эмчлүүлсний дүнд эдгэрсэн боловч нүүр царай нь хүн харахын аргагүй засаршгүй муухай сорвитой үлдсэн байна.
Эмнэлэгт амь нас нь дээсэн дөрөөн дээр байх тэр үед өөр харах хандах хүнгүй ядуу эмэгтэй найзаасаа охиноо үрчилж аван хүн болоход нь туслаарай гэж гуйж захижээ. Нөгөө найз нь ч хүүхэдгүй байсан гэнэ.
Орох оронгүй болсон найздаа тосгонд нь байр байшин авч өгсөн хэдий ч тэрээр охиндоо дэндүү хайртай тул найзаасаа төрсөн эх нь гэдгээ мэдэгдэлгүйгээр охиныхоо дэргэд үйлчлэгч маягаар хамт амьдаръя гэж гуйсныг тэр гэр бүл ёсоор болгосон байжээ.
Охин нь төрсөн ээж дээрээ очиж уйлан уйлан уучлал гуйснаар тэрхүү ээж охин болоод гэр бүлийн болоод найзуудын холбоо улам бэхжсэн түүхтэй.
Гурав. Нөхрийнх нь аав нь өтөлж өвгөрөн зөнөх янзандаа оржээ. Эхнэр нь түүнээс нь залхаж асрамжийн газар аваачихыг шаардах болж. Нөхөр уулын аманд тансаг байшин бариулж, зарц үйлчлэгч хөлслөөд аавыгаа хүргэж өгөхөөр хүүтэйгээ явж гэнэ. Жаал хүү өвөөдөө их хайртай байснаас аав ээжийнхээ шийдвэрийг эрс эсэргүүцлээ. Өвөөгөө хүргэж өгчихөөд буцах замдаа бяцхан хүү хэсэг уйлснаа:
–Таныг хөгшрөхөөр чинь би бас ингэх ёстой юу гэж гэнэт асууж. Аав хүү хоёулаа тэврэлдэж уйлалдаад өвөөгөө аваад буцжээ.
Хайр бол хэн нэгэнд эсвэл ямар нэгэн юманд зориулсан юугаар ч сольшгүй ариун нандин сэтгэл байдаг гэдгийг бид мэдэх учиртай.
Ш.Пүрэвсүрэн “Хорвоогоор аялахуй” номноос