Хайр дурлал, баяр хөөр, хурим, гэр бүл … Ийнхүү завгүй амьдарч байтал 5-6н жил өнгөрчээ. Хүүхэдтэй болохгүй байгаа талаараа нэг их ноцтой бодож байсангүй. Тэгээд нэгэн удаа эмнэлэг зорилоо. Харин эмнэлгээс гарсан хариу яг л миний тархин дундуур алхаар цохиод авч байгаа мэт намайг шоконд оруулав. Тэр маань хүүхэдтэй болох боломжгүй гэв. Үл итгэсэн шоконд орсон харцаар хоёр биенийгээ хараад өөрийн эрхгүй хоёулаа уйллаа. Яагаад? яагаад?
Хэдий би хүүхэдтэй болмоор, үр удмаа үлдээмээр байгаа ч надад салах бодол алга, түүндээ би маш их хайртай болохоор бүх насаараа түүнтэйгээ л баймаар байна. Найз нөхөдтэйгээ уулзах бүрт тэд хүүхдээ л ярина. Хаана ч очсон хүмүүс та хоёр одоо хүүхэдтэй болооч гээд л … Хүмүүс яагаад бусдын хувийн амьдралыг тэгтлээ их анхаарч сонирхож байдгийг заримдаа ойлгохгүй юм. Шинжлэх ухаан бид хоёрыг боломжгүй гэсэн ч бидний хайр гайхамшгийг бий болгоно гэсэн найдлага маань тасрахгүй байх болно.
Яг л бид хоёр шиг асуудалтай, түүнээсээ болоод шаналж явдаг хосууд бас бишгүй байгааг харж уулзаж мэдэрч байсан болохоороо энэ талаар хуваалцья гэж зориглолоо. Яг л тийм найзууд, хосууд, гэр бүлүүддээ хандаж “Хайр байгаа цагт найдлага тасрахгүй шүү” хэмээн урам зориг өгмөөр байна.