Энэхүү буландаа бид олны сэтгэлд хоногшсон шилдэг киноны гол дүрүүдэд тоглосон жүжигчдийн тухай бичсээр ирлээ. Киног бүтээгчид буюу найруулагч, киноны оператор, зураачдын талаар бараг гаргасангүй. Энэ агуу их урлагийг ард түмэндээ хүргэхэд дээрх хүмүүс маш том үүрэг гүйцэтгэдэг билээ. Монголын киноны сод сайхан энэ хүмүүсийн амьдрал, ажил үйлс, уран бүтээлийн тухай уншигч олондоо толилуулъя гэж бодлоо.
Кино урлагийн хөгжилд том гавьяа байгуулсан Дэжидийн Жигжид агсныг эхний удаа сонголоо. Манай киноны гал голомтыг асаалцсан ахмадын нэг бол Хөвсгөл нутгийн Жигжид юм. Хөгжлийн гараагаа эхэлж байсан кино урлагийн салбарт Багшийн сургууль дөнгөж төгссөн хүү Зөвлөлтийн кино оператор А.Лебедевийн дагалдангаар орж ажилласнаар их урлагийн гараагаа эхэлсэн түүхтэй. Оператор болон найруулагчаар ажиллаж бүтээсэн түүний кинонуудын зах зухаас нь нэрлэхэд л Жигжид гуайн авьяас хөдөлмөрийн дүр зураг тодрох болой. Аль дээр үеийн “Морин цэрэг танкист”-аас /1942 он/ аваад “Цогт тайж” /1959/, “Улаанбаатарт байгаа миний аавд” /1961 он/, “Түмний нэг” /1962 он/, “Хүний мөр” /1965 он/, “Үер” /1966 он/, “Өглөө” /1968 он/, “Хүргэн хүү” 1970 он/, “Тэмцэл” /1971 он/, “Баянбулгийнхан” /1972 он/, “Хөдөөгийн баясгалан” /1974 он/, “Хүний төлөө” /1976 он/, “Хөх ногооны униар” /1977 он/, “Газрын жигүүр” /1978 он/, “Өнөр бүл” /1980 он/, “Жаргал даахгүйн зовлон” /1982 он/, “Ард Аюуш” /1984 он/ гээд нийтдээ 20 гаруй кино бүтээлцсэн энэ их авьяастан 1969 онд Төрийн шагнал, 1985 онд Ардын жүжигчин цол хүртжээ. Түүнчлэн 1999 онд “Зууны мэдээ” сониноос уншигчдын дунд явуулсан санал асуулгаар “ХХ зууны шилдэг кино найруулагч”-аар шалгарч байсан билээ.
Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын уугуул Жигжид 24-хөн настайдаа Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор шагнагдсан нь түүний хойшид хийх их бүтээлийн алтан замын мялаалга байсан гэж хэлж болмоор. Жигжид гуайн уран бүтээлийн сан хөмрөг яндашгүй арвин юм. 60 орчим баримтат киноны оператор, найруулагч, бүрэн хэмжээний уран сайхны 20-иод киноны найруулагч, оператор хийжээ. Энэ бол нэг хүний хувьд асар том бүтээл, зүтгэл болох нь тодорхой бус уу.
Олноо мэдэх, хайрлах болсон “Ардын элч” кино 1959 онд дэлгэцнээ гарсан билээ. Найруулагч нь Д.Жигжид гуай билээ. Энэ киноны талаар гадаад дотоодын хэвлэлүүдэд их бичигджээ. Нэрт судлаач Д.Цолмонгийн бичиж олон түмэнд толилуулснаас иш татья. “…Буриадын зохиолч Дондог “Буриадын үнэн” сонинд /1960 он/ “Ардын элч” гэдэг кино өөрийн орноор зогсохгүй, манай ЗХУ, БНХАУ болон бусад орнуудад өндөр үнэлэгдэж, ард түмний сонирхлыг татан, талархал хүлээж байгаа ажээ. Энэ киноны гол баатар Ариунаагийн дүрийг чадмаг гаргаж тоглосон П.Цэвэлсүрэн 1959 онд Москвад болсон Олон улсын кино наадмаар мөнгөн медаль авсан байна. Ард түмний аз жаргалын төлөө амь насаа өгсөн баатар зоригт цэрэг Дарьбазарын гэргий, эрэлхэг зоригтой монгол эмэгтэйн дүрийг П.Цэвэлсүрэн маш сайн гаргалаа.
Дарьбазарын цээжинд арваад сум зоогдож, газарт унаж байгаа тэрхэн үед газар дэлхий эргэлдэн, зүрх хага зүсч, нуруугаар хүйтэн хөлс асгаруулам уйтгарт гашуун аялгуу сонсогдов. Дээр дурдсан олон зүйлээс үндэслэн бодоход утга учраараа тун сайн кино болжээ” гэж бичсэн удаатай. “Советская Культура” зэрэг хэд хэдэн сонинд “Ардын элч”-ийн талаар сайшаал магтаалын үг, өгүүлбэр зөндөө гарсныг дурдалтай. Энэ бол Жигжид найруулагчийн их авьяас билгийн хараа, уран чадварыг улам тодотгож буй хэрэг бөлгөө.
Зөвлөлтийн ардын жүжигчин Борис Андреев гуай ийн бичсэн байх юм. “…Монголын “Ардын элч” кино эрх чөлөөнд дуртай ард түмний тухай ямар олон зүйлийг уран чадварлаг, мэргэжлийн үүднээс сайхан өгүүлж чадав аа. Энэ бол монголын кино урлагийн сайн бүтээл “Алтан хараацай”-ны нэг нь гарцаагүй мөн. Тэгэхээр бидний дахин дахин үзэж, эр зориг, урам ухаарал, эх орноо гэх агуу их хүсэл тэмүүллийг авдаг “Ардын элч” кино нь монголын кино урлагийн түүхэнд бүтээгдсэн сод туурвил болох нь тодорхой. Үүнд найруулагч Жигжид эрхэм гавьяа байгуулсныг талархан тэмдэглүүштэй. Жигжид агсны нэг лут чадвар нь киноныхоо дүрд тохирох жүжигчнийг гайхалтай сайн сонгодогт байсан гэдэг. Тэгээд тэрхүү сонгож авсан жүжигчидтэйгээ маш сайн ажиллаж, сургууль юмынх нь “элдүүрийг хангадаг” хүн байжээ. Энэ бол одооны хэллэгээр гурилдахаас зайтай, амин голоосоо сайн бүтээл хийх гэсэн жинхэнэ урлагийн, ард түмний хүний сэтгэл байжээ.
“Улаанбаатарт байгаа миний аавд”, “Ардын элч”, “Түмний нэг” киноны гол дүрүүд /Ямаахүү, Цэвэлсүрэн, Дуламжав нар/ бол Жигжид гуайн сонголтоор бүтсэн дүр юм. Кино бол маш нарийн том урлаг. Хүнийг хайрлах, эсвэл үзэн ядах гээд л амьдралын дэндүү их эрээн барааныг дэлгэцнээ гаргаж, олон түмэнд үзүүлэх нь хөдөлмөр, авьяасын үр дүн биз ээ. Тэгвэл Д.Жигжид агсан энэ тухайд амьдралаа зориулсан хүн байжээ гэдгийг энэ ялдамд дурдъя. Гүрсэд, Чимэд, Болд, Молом, Михайл гээд олон хүнийг дэлгэцнээ манай үзэгчид олонтаа харсан, таньдаг ч болсон. Аа, нөгөө “Түмний нэг”-ийн өгөр толгой Гүрсэд үү, хөөе нөгөө түлээ үүрээд зогсч дайсныхаа өөдөөс “Тэд өдийд хүрэх газраа хүрсэн байлгүй” хэмээн эр зоригтой зогсоод буудуулж буй Болд өвгөн үү гэх зэргээр бүгдийг үзэгчид таньдаг болсон нь найруулагч Жигжидийн гавьяа юм шүү гэдгийг дурдъя.
1957 онд гарсан “Сэрэлт” киноны найруулагчаар Жигжид гуай ажилласан. Энэ кино бол маш сайн бүтээгдсэн. Морин туурай тачигнуулан, цамц дэрвүүлэн давхин яваа Жамц хайртай бүсгүй Сүрэнгээ аврахаар зүтгэж буй дүрийг монголчууд андахгүй ээ. Ер нь “Сэрэлт” бол маш том кино. Агуу их Ч.Чимэд, Л.Ванган нарын зохиолоор хийсэн эл кино маш сургамжтай, түүхэн цаг үеийн эгзэгтэй явдлыг гаргаж чадсанаараа монголын кино урлагийн алтан бүтээл болсныг дашрамд дурдсугай. Жигжидийн найруулсан киноны талаар олон зүйл хэлж болох авч энд тэр бүгдийг багтаах аргагүй юм. Аз жаргал, эрх чөлөөний төлөө тэмцэж яваа Дарьбазарын цээжинд сум тусч, тэрбээр газар шороогоо дэрлэн унадаг тэр хэсгийг үзэгчид маш тод санаж буй. Хатан зоригт хүүгийнхээ төлөө эх орон, байгаль дэлхий нь гашуудан, дээрх хөх тэнгэр дайвалзан, дэргэдэх уул хангай нь хөмрөх мэт болдог тийм хэсгийн найруулга драмматург бол монгол киноны түүхнээ маш тод мөнхөрчээ. “Үер” киноны Болд өвгөн түлээ үүрээд өндөрлөг газар зогсч, цагаантны өөдөөс зоригтой үгээ хэлж газар тэнгэрийг тэвхдэх мэт харагдаж буй зураглал ч гэсэн түмний сэтгэлийг догдлуулдаг билээ. Энэ бүхний эв донжийг олж найруулж чадсанаараа Жигжид агсан бол маш том гавьяатай хүн билээ. Жигжид гуайн кинонуудад энэ мэт сонирхолтой, чадмаг өрөлтүүд нэн олон. Найруулагчийн уран чадвар, сэтгэц, авьяас гэгч ийм байдаг буй за. Тийм ч учраас олон сайхан уран бүтээлчид энэ агуу хүнээс суралцан, монголынхоо кино урлагийг хөл дээрээ баттай зогсоход тулах цэг, тулгуурлах хүч болсныг дурдах учиртай бүлгээ.
“Тэмцэл” /1971 он/ киног хүмүүс сайн мэднэ. Бодоо хувьсгалын эсрэг хуйвалдаан зохион байгуулж буй нэг үйл явдал бий. Гэтэл зэвсгээ нуусан газраасаа авч чадалгүй дэлбэлүүлчихдэг. Яг энэ хэсгийн зургууд нь киноны өгүүлэмжийг тун тод сайхан болгож, санааг ойлгомжтой илэрхийлдэг. Энэ бол найруулагчийн уран чадвар юм. Өнөөдөр ардын намын долоо гэх хувьсгалчдын тухай их ярьж, бичиж байна. Тэдний үнэн бодит амьдралыг гаргахыг хичээцгээж байгаа нь сайшаалтай. “Тэмцэл”-ийн Бодоог өнөөдөр өөр өнцгөөс харж, ойлгох болсон нь тодорхой. Энэ ялдамд хэлэхэд түүхээ үнэн мөнөөр хойч үедээ хүргэхэд манай киночид ихийг хийх, сэдэх санах, нээх судлах учиртай бус уу.
Жигжид гуайн найруулсан “Үер” кинонд Молом гэгч (Ардын жүжигчин Дамчаа тоглосон) эсрэг дүр гардаг. Жижиг юмаар энгийн хүүрнэлттэй гүн санааг гаргаж чадсан” (Д.Цолмон) нь энэ киноны том ололт юм. Зэрэг хэргэм, олз ашгийн төлөө ихэс дээдэс, цагаантанд тал засан бөхөлзөж буй Моломыг цөөвтөр кадраар боловч нэн тодорхой гаргадаг. “Би үүнийгээ л нэг чулуу болгох санаатай” хэмээн жинст малгайгаа барилан суугаа нь их л зэвүүн бөгөөд тод. Хариуд нь ноён “Ухаантай хүн ийм цагт л тэнгэрээс од шүүрдэг жамтай” гэж егөөднө. Гэвч Моломын хувьд од шүүрэх нь бүү хэл, орчлонгоос муу үйлийнхээ харгайгаар тонилж байна. Шоронгоос оргосон улаан цэргийг хуурч гэртээ авчраад сэм ховлон хорлуулна, Молом. Үүний улмаас авгай нь салж байна. Уурласан авгай нь авдар дээрх түмпэнтэй ясаар Моломыг чулуудна. Моломын эргэн тойронд мөлжсөн яс хэвтэх тэр хэсгээр түүний зорилго санаа бүтэлгүй болно гэдгийг давхар үзүүлсэн байдаг. Олон жилийн туршлага, сайн багшийн дэмжлэг, өөрийнх нь авьяас билгийн ачаар Д.Жигжид агсан манай кино урлагт хэзээ ч баларшгүй мөрөө гаргаж, хэнд ч харагдах хөшөө босгосныг бахархан дурсууштай.
“Советская Культура” сонины 1967 оны нэг дугаарт кино судлаач Я.Рытакины бичсэн өгүүллээс энд иш татъя. Түүнд ийн өгүүлжээ.
“Монголын киноны уран бүтээлчид аль хэдийн эрийн цээнд хүрсэн гэдгээ “Үер” киногоор дахин харууллаа. Энэ кино утга санаа, уран чадварын хувьд өндөр түвшинд бүтээгджээ. Тэр бүхний дотроос жүжигчний ансамбль, тоглолтын уран чадвар гайхамшигтай болжээ” гэж үнэлсэн байдаг. Энэ бол дөч гаруй жилийн өмнөх үнэлгээ юм. Солонгос киноны үерт монголын олон телевиз живчихээд буй нь харамсалтай. Хамаг цагаа үүнд зориулж байгаад харамсавч баршгүй. Үүний цаад талд хэчнээн олон хүмүүсийг, тэр дундаа хүүхэд залуусыг уруу татаж байгааг хэлэхгүй байх арга алга. Хэрүүл, нулимс, уур уцаар, мөнгөний тухай ийм киноноос хэн юу олж авах билээ. Үүний оронд дэлхийн сонгодог кино, монголынхоо шилдэг кинонуудыг гаргаж, үзэгчдэдээ толилуулж байгаасай гэдэг үгийг онцлон хэлмээр байна. Дэжидийн Жигжид гуай 20 гаруй киноны оператор, найруулагчаар ажиллаад зогсоогүй кино бүтээх эрдэм ухааныг үр хүүхэддээ өвлүүлэн үлдээсэн аугаа их буянтан гэдгийг хэлэх нь зүйтэй…
Кино найруулагч Д.Жигжид гуайн 90 насны ойд зориулан сэтгүүлч Д.Хатанбаатар хэдэн жилийн өмнө “Монгол киноны тэргүүн жанжин” хэмээх сайхан ном бичиж байсан бол, охин Навчаа нь “Аавын минь нөмөр” гэсэн дуртгалын ном бичиж хэвлүүлсэн байна лээ. Үүгээр ч зогсохгүй найруулагч С.Бямба “Хүсэл шунал” киногоороо нэрт кино найруулагч Дэжидийн Жигжид болон түүний хүү удам дамжсан кино найруулагч Биндэр нарын тухай өгүүлж, дэлгэцэнд гаргасан байдаг. Монголын кино урлагийн нэрт найруулагч Д.Жигжид болон түүний хүү Ж.Биндэр нарын амьдрал, уран бүтээлээр дамжуулан XX зууны Монголын кино урлаг төдийгүй, бидний туулан өнгөрүүлсэн түүх болон өнөөдөр манай нийгэм, хүмүүсийн сэтгэлгээнд гарсан өөрчлөлтүүд, тулгарч буй асуудлууд ер нь амьдралын утга учрын тухай мөнхийн сэдвүүдийг үүнд хөнджээ.
Монгол киноны найруулагчийн алтан хараацай Д.Жигжид гэж том хүн бидний дунд амьдарсаар байнам.
Э.ХАШЧУЛУУ