Охин минь наддаа ирсэн
Орчлонг утга учиртай болгон ирсэн
Үймсэн орчлонгийн нугачаа бүхнийг зөөллөж ирсэн
Үнэнг мэдрүүлж, худлыг таниулж аавдаа ирсэн
Анхны үрээ тэврэх эцгийн ухаан суулгасан
Амиа л аргацаах биш бусдыг бодуулах болсон
Зүйсгэлгүй хөх тэнгэрийн хязгааргүй уудам мэт
Зүрхэнд минь халуун түгшилт харвуулсан
Зовоож гаргасан эхийнхээ халуун уурганд шимтэж
Зоргоор явсан аавынхаа амьдралыг зорилготой болгож
Хүнээр дутах хорвоогийн хатан ухаан нь болох гэж
Хөөрхөн охин минь бидэн хоёрт заяасан
—————————————————————–
Улс орны доройтол нийгмийн сэтгэхүйг өөрчлөөд
Ухаант мэргэн буурлуудын алтан сургааль үнэгүйдээд
Ирээдүй болсон залуус нь мөнгөний төлөө өлсөх гээд
Эх орон минь нэг л эвгүйтсэн шинжтэй байх юм
Төрийн минь сүлд өршөө гэсэн өвгөдийн үг ховордоод
Түмнийхээ буянаар болж байна гэдэг хөгшдийн үгс хомсдоод
Хулгайлж баяжина гэсэн сэтгэхүй нийгмийг бүхэлд нь нөмрөөд
Хувь заяа нь нэг л доголдсон шинжтэй болжээ
Тэнгэр язгууртай гэж аархдаг байснаа болиод
Тэнд эндхийн гуйлгачинг бүгд дагаж хошуураад
Талхныхаа мөнгөнөөс илүү НАМ дагаж шуураад
Тавилан заяа минь нэг унасан шинжтэй болжээ
Чингис хааныхаа нэрийг зарж худалдаж идээд
Чин гүрний үе шиг нэгнийхээ улыг шагайгаад
Бахархан шүтэх ёстой түүхээ хүртэл гуйвуулаад
Балран доройтох шинж рүүгээ нэгэнт орсон бололтой
—————————————————————
Хааяа би таныг санадаг
Хачин их гунигладаг
Сэтгэлийн чинадад хоргодсон хайр
Сэдрэнэ гэж .. үүнийг хэлдэг
Зүүдэнд ирээд буцахад тань
Зүрхэнд гуниг хунгарлаж үлддэг
Ахин дахин таньтайгаа баймаар ч
Амьдралын үнэнд бүгд гүйцэгддэг
Хоногын бор өдрүүдийн нугачаанд
Хоосон сэтгэлээ бусдынхаар дүүргэлээч
Хэн ч өгч чадахгүй хайрыг
Та өгсөнийг би ойлгодог
2015 11 26
——————————————————-
Нэг л хэвийн уйтгартай амьдралаас залхаж
Нэхэх юм хүмүүн… юуг ч юм амьдралаас
Шунал нь ихэдсэн хүн сүргийн орчлонгоос
Шударга мэт царайлсан дүр эсгэгчид олширч
Өөрөө ч би тэдний нэгэн
Өөнтөгч зангаар бусдыг шүүмжлэвч
Яаж боломгүй хатуу хуулиар
Ялгаагүй л хүн сүрэгтээ нийлж
Тамд шатна гэдгээ мэддэг ч мэдрэмжгүй
Таг харанхуй сэтгэлгээ орчлонг нөмөрхүй
Учрах нэгэн цаг дор өөрийгөө хичнээн зэмлэвч
Урагдах сэтгэлээс хэзээ ч зугтамгүй
2015 11 26
Ч. Амур